Ж.Амарсанаа: Элэгний с вирусыг устгадаг шинэ эмийг судалж байна

11-р сарын 28, 2013 10:04 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 1395
Дэлхий даяар жилд ДОХ-оос ч илүү олон хүний амь насыг авч оддог элэгний С вирусыг устгах нэгэн шинэ эмийг АНУ  үйлдвэрлээд  байгаа ажээ.

Б.ТУУЛ

Дэлхий даяар жилд ДОХ-оос ч илүү олон хүний амь насыг авч оддог элэгний С вирусыг устгах нэгэн шинэ эмийг АНУ  үйлдвэрлээд  байгаа ажээ. Энэ эмийг Монголд оруулж ирэх талаар салбарын яамнаас судалж байгаа гэнэ. Энэ тухай Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай ярилцлаа.

 

– АНУ элэгний С вирусыг  найман долоо хоногт устгах нэгэн шинэ эмийг бүтээсэнд дэлхий нийт анхаарал хандуулж байна.  Манай улс  энэ асуудалд хэр ач холбогдол өгч байна вэ?

-Элэгний С вирус бол манай улсын хүн амын 15 хувийг эзэлдэг архаг халдварт өвчний нэг. Манайх энэ өвчнийг олон жилийн турш интерфероны аргаар эмчилдэг байснаа өөрчилж, интерферон+рибавирин эмчилгээ хийдэг болсон. Орчин үед эмчилгээний энэ аргыг илүү сайжруулан пег-интерферон + Рибавирин эмчилгээг хийдэг болсон. Одоо ч гэсэн Монголд элэгний С вирусыг энэ аргаар эмчилдэг. Мөн элэгний С вирусыг устгадаг Босепребин, Телапревин гээд саяхан үйлдвэрлэгдсэн эмүүд манай улсын зах зээлд нэвтрээд удаагүй байгаа. Гэхдээ энэ хоёр эм тийм ч үр дүнтэй биш. Сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад элэгний С вируст гурвалсан эмийн эмчилгээг хэрэглэдэг болоод байна.  Үүний үр дүнд С вирусын 80 хувийг устгаж байна. Гэхдээ ингэж устгах нь сайн хэрэг ч сөрөг үр дагавар их гардаг. Өөрөөр хэлбэл, гаж нөлөө ихтэй гэсэн үг. Тэр нь нэлээд хүнд хэлбэрээр илэрсэн байдаг. Эмчлүүлж буй хүмүүсийн эрүүл мэндэд халуурах, дотор муухайрах, оргих бөөлжих, үс унах зэрэг олон гаж нөлөө илэрсэн байсан. Тиймээс элэгний С вирусыг эмчилдэг олон төрлийн эм зах зээлд нэвтрэхээр хүлээгдэж байгаа. Үүний нэг нь АНУ-ын эрдэмтний бүтээсэн “Софосбувер” гэдэг эм. Энэ эмийг  нэлээд өндөр үнээр зах зээлд нийлүүлэхээр ярьж байгаа юм билээ

-Манай улсад  элэгний хорт хавдраар жилд 200 гаруй хүн нас бардаг.  Энэ бас бага тоо биш. Гэтэл энэ эм нэлээд өртөг өндөртэй гэж дуулдаж байсан. Энэ талаар судалсан уу?

-Бид энэ эмийг ямар үнээр зах зээлд нийлүүлэх гэж байгааг бас судалж үзсэн. Нэг хүний курс эмчилгээнд 60-100 мянган ам.доллар зарцуулах хэмжээний үнэтэй юм билээ. Өмнө нь элэгний С вируст хийгддэг байсан эмчилгээнүүдээс илүү өндөр үнэтэйгээр манайд орж ирэхээр байгаа. Тэгэхээр элэгний вирусыг найман хоногт эмчилдэг гээд байгаа энэ эмийг Монголд яаж, боломжийн үнээр оруулж ирэх, хүн амыг хэрхэн эрүүлжүүлэх вэ гэдэг нь гол асуудал болоод байгаа юм. Өнөөдөр элэгний С вирусыг устгах нь тийм ч том асуудал биш. Харин энэ эмийг Монголын элэгний С вирустэй өвчтөнүүдэд яаж  боломжийн үнээр хүргэх, эх орондоо хэрхэн авчрах вэ гэдэгт бид анхаарал хандуулан ажиллаж байна.

– Хөгжиж буй орнуудын хувьд худалдан авах чадвар хүрэлцэхгүй байх асуудал гарах юм байна. Хандив тусламж, хөнгөлөлтийн аргаар оруулж ирэх талаар ярьж байгаа юу?

-Энэ эмийг хямд­ралтай үнээр иргэддээ хүргэхийн тулд даатгалд хам­руулах эсвэл цаад үйлдвэрлэгчтэй нь хол­бог­дож, хөгжиж буй орон гэдэг утгаар нь хямд­руулах боломж бий эсэхийг Эрүүл мэндийн яам судалж байна.

-Элэгний С вирусыг устгадаг энэ эмийн талаарх мэдээлэл Эрүүл мэндийн яаманд нэлээд эрт ирсэн гэж яриад байгаа, энэ үнэн үү?

-Тийм ээ. Шинээр гарсан энэ эмийн үйл­чилгээний тухай гурван жилийн өмнө яригддаг байсан. Энэ эмийн та­лаарх мэдээлэл манай яаманд нэлээд эрт ирсэн. Шинээр гарсан эм ихэнх тохиолдолд эрсдэл дагуулдаг. Туршилтын үед огт тааварлаж байгаагүй, шинэ гаж нөлөө гэнэт гарах тохиолдол ч бий. Тиймээс энэ мэт эрсдэл байдаг учраас эхний удаад ажиглалт хийдэг юм. Зах зээлд гарч, бусад орнууд нэг сар, жилийн хугацаанд хэрэглээд үзсэний дараа ямар нэгэн гаж нөлөө илрээгүй тохиолдолд Монголд нэвтрүүлэх талаар ярилцаж байна. 

-Монгол Улс элэгний өвчлөлөөр дээгүүрт бичигддэг. Эрүүл мэндийн яамны зүгээс элэгний өвчтэй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ авч байгаа арга хэмжээ юу байна вэ?

– Эрүүл мэндийн яам элэгний хорт хавдрыг эрт оношлох тал дээр үндэсний хэмжээнд тогтмол хяналт хийхээр болж, ажлын хэсэг байгуулсан. Харин ямар хүмүүсийг энэ хяналтад хамруулах талаар ярьж байна. Журам нь ойрын үед батлагдвал, ирэх 2014 оноос эхэлж элэгний хорт хавдартай хүмүүсийг үндэсний хэмжээнд эрт оношлох аяныг тогтмол зохион байгуулна. Ингэснээр элэгний хавдрыг эрт оношлож, хүндрэхээс нь өмнө эмчлэх боломж бүрдэх юм. Элэгний хорт хавдраар өвчлөх гол шалтгаан нь элэгний В, С вирус байдаг. Би саяхан Энэтхэг улсад ажиллаж, элэг шилжүүлэн суул­га­даг төвүүдийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд эрхтэн шилжүүлэн суулгах үнэ манай Мон­голоос ч илүү хямдхан юм байна. Тухайлбал, нэг төв нь 20 мянган ам.долларт, нөгөө нь 40, 50, 60 мянган ам.долларт багтаагаад элэг сольж өгнө гэж байх жишээтэй.  Хэрэв Монголд эрхтэн шил­жүүлэх хагалгааг даатгалд хамруулбал, дээр дурдсан үнээс хямд байхаар тооцож хийх хэрэгтэй юм байна лээ. 

1 Сэтгэгдэлтэй

Буянт
2016 оны 3-р сарын 3

элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд хийх хэрэгтэй байна .Энэ тал дээр төрийн үндсэн бодлого хэрэгтэй.
Харвони гэгч эм гарч ирсэн нь сайн хэрэг. Энэ эм нь зөвхөн “с” вирусын эсрэг үйлчлэх юм байна. Одоогоор “В”вирусыг яаж эмчлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа бол… Дэлгэрэнгүй хариу өгөөч…

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *