Зэсийн үнийн таамаглал ба бодит байдал

5-р сарын 9, 2017 9:19 am Нийтлэгч: Ангилал Банк, санхүү , Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 14
5-9-2

Ж.ЦОГЗОЛМАА

Зэсийн үнэ нэг тонн нь 6000 ам.долларт дөхөж байсан үе бий. Энэ бол бараг таван сарын өмнөх үйл явдал. Маш хурдан хугацаанд үнэ хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж буй шинжээчдийн хувьд анхаарал татсаар байна. Учир нь жилийн сүүл гэхэд энэ улаан металл хэр эрэлттэй байх вэ, үнэхээр барааны биржүүдийн шилмэл бараа байж чадах уу гэдэг асуултын тэмдэгтэй үлдсэн билээ. “Ройтерс” агентлагаас явуулсан санал асуулгад оролцсон шинжээчид энэ жил зэсийн үнэ нэг тонн нь дунджаар 5350 ам.долларт тогтоно хэмээн хариулсан байлаа.

Энэ жилийн хувьд олон хүний үзэж буйгаар үнэ уламжлалт байдлаар хадгалагдах төлөвтэй. Өөрөөр хэлбэл, үнэд нөлөөлөх зүйлс нь хуучин төвшиндөө хадгалагдана гэсэн үг.

Хэдхэн сарын өмнө зэсийн үнэ нэг тонн нь 4500 ам.доллар байхад “Тун удахгүй энэ ханш 6000 ам.долларт хүрнэ” гэж шинжээчид дуу нэгтэй ярьж байсан билээ. Ингэснээр худалдаачид болоод хөрөнгө оруулагчдад 6000 ам.доллар бол өндөр үнэ, цаашид энэ салбар хөл дээрээ тогтох нь магадгүй, 10 мянган “ногоон”-д шүргэх үе хэдхэн жилийн дараа тохиох нь гэсэн хүлээлт бий болгоод байлаа.

Гэвч өнгөрсөн хугацааны ихэнхийг дүгнээд үзвэл зэсийн зах зээлийн нөхцөл байдлыг сууриар нь харахаас нааш дээрх “үлгэр”-т итгэх аргагүй. Үнэд нөлөөлөх маш олон хүчин зүйл байгаа ч тэдгээрээс гол гурван зүйл нь эрэлт, нийлүүлэлт, мөн хөрөнгө оруулагчид юм. Тэгэхээр энэ гурван хүчин зүйл энэ зах зээлийн өнөө маргаашийн өнгийг тодорхойлох нь. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ гурван зүйл бүгд маш идэвхтэй байгаа нь үнэн.

Хятадын бүтээн байгуулалт эрэлтийг нэмж буй нэг сурвалж. Дэд бүтэц, барилга бүтээн байгуулалт өнгөрсөн жил урд хөршид асар их металлын эрэлтийг бий болгосон. Түүнчлэн АНУ-д ч дэд бүтцийн төслүүд эрчтэй эхлэх төлөвтэй байгааг дурдах хэрэгтэй. Энэ хоёр том эх сурвалж нийлээд үйлдвэрлэлийн металлуудын эрин үеийг сэрээж мэдэх л юм.

Нэмж хэлэхэд, өнөөдөр бид түүхий эдийн үнэ хэрхэн өсч буйг ажиглаж, түүний амьд гэрч болж байна. Газрын тосны үнэ өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин өслөө. Эрчим хүчний өндөр үнэ үйлдвэрлэлийн металлын эрэлтийг “өрдөж”, улмаар хөрөнгө оруулагчид үйлдвэрлэлийн металлд илүү амтших шалтгааныг бий болгож байна.

Үүнээс гадна жижиг зүйлийг ч авч үзэх хэрэгтэй. Хэсэгхэн хугацааны хомсдол ч зэсийн зах зээлийн хөгжилд нэмэртэй. “BHP billiton”, “Искондида” зэрэг томоохон уурхайнууд үүнд илүү хамаатай.

Зэсийн хамгийн том уурхай болох Чили дэх “Искондида”-гийн ажил хаялт манай гаригийн уул уурхайн зах зээлд томоохон дохио өгсөн биз ээ. Энэ уурхай нь өнгөрсөн жил дэлхийн зэсийн хэрэглээний таван хувийг үйлдвэрлэж байлаа.

Ингэхээр цаашид зэсийн үнэ таамаглаж байсан шиг 6000 ам.доллар эсвэл түүнээс ч дээш гарах уу гэдэг нь бидэнд асуулт хэвээр үлдэж байна. Өчигдөр Улаанбаатарын 13.55 цагийн байдлаар Лондоны металлын биржид нэг тонн зэсийн үнэ 5530 ам.доллар байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 3 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 20

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/zesiin-uniin-taamaglal-ba-bodit-baidal/ […]

2017 оны 5-р сарын 25

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/zesiin-uniin-taamaglal-ba-bodit-baidal/ […]

2017 оны 5-р сарын 27

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/zesiin-uniin-taamaglal-ba-bodit-baidal/ […]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *