Завханчууд ноосны үйлдвэртэй болох хүсэлтийг дайв

3-р сарын 22, 2018 9:55 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 35
gol (3)

Д.ОЮУНЧИМЭГ

“Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд иргэдийн дуу хоолой, санал  хүсэлтийг сонсч шийдвэр гаргадаг байгууллагад хүргэх зорилготой. Уулзалтад идэвхитэй оролцохыг хүсье” хэмээн Завханчуудтай уулзах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэв. Ийнхүү Завхан аймагт хийх уулзалт эхэлж иргэдийн төлөөлөл санал, сэтгэгдлээ хэллээ. “Монгол Улсад дэг журам дутагдаж байна. Түүнийг хэн нэгэн УИХ гишүүн биш, Ерөнхийлөгч биш балчир наснаас эхлээд бүхий л хүн дэг журмыг биелүүлдэг байх хэрэгтэй” хэмээн ахмад настан Б.Эрдэл ярив. Тэрчлэн “Монгол Улс дэлхийн том гүрнүүдийг дагаж давхиад байх юм. Бүдүүн морь дагасан даага шиг байхаа боль” хэмээн анхааруулав. Соёл урлагийн боловсролыг түгээж оюуны ядуурлаас сэргийлье гэдэг саналыг залуу үеийн төлөөлөл болж тайзнаа гарсан М.Агарцэцэг хэллээ. Монголчууд ядууралд нэрвэгдсэн мэт авирлах буруу гэдгийг тэрээр сануулан эд хөрөнгө, хоол хүнсний хомсдол манай улсад нүүрлээгүй. Харин оюуны хоосрол, ядуурал нүүрэлсэн нь Монгол Улсыг хөгжүүлэхгүй байх шалтгаан болж байна хэмээн өөрийн саналаа Ерөнхийлөгчид дайж бодлого, шийдвэр гаргах хүмүүс анхааралдаа авахыг хүссэн юм. Ахмадууд тэтгэврийн насыг наашлуулж бас нэмэх шаардлагатай гэж байв.

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавьсан байна. Энэ хүрээнд жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин ажиллаж байгаа тухайгаа аймгийн Засаг дарга Д.Батсайхан ярив. Ингэснээр ажлын байр өсөх, өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэнэ. Харин тус аймгийн залуус сургууль төгсөөд ажил олдохгүй байна. Тиймээс ажиллах хүч гадаад руу гарсаар байгаа юм хэмээн Жаргалант багийн иргэн н.Мөнхсайхан ярив. Манай улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлэн ажлын байрыг нэмэх боломж бий. Гэхдээ төдийлөн үр бүтээлтэйгээр ашиглаж чадахгүй байгаа дутагдал байгааг Завханчууд ярьж байв. Түүнчлэн бизнес эрхлэгч болон эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн өөрийгөө танилцуулсан Отгон гэх бүсгүй Завхан аймагт хиамны үйлдвэрлэл эрхэлдэг юм байна. Тэрээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэхээр сэтгэлгээ, оюуны чадамж байгаа ч санхүүгийн эх үүсвэр тулгамдсан асуудал болдог. Банкнаас зээл авах гэхээр хүү өндөр, дээрээс нь насны байдлаас хамааран жижиг, дунд үйлдвэрийн зээл авахад хэцүү. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг ямар журмаар хэрхэн өгөх вэ гэдэг асуудлыг анхаарахыг хүссэн юм. Түүнээс гадна ажлын байр алга, ажил хийх хүн олон байна гэдэг ч үнэн хэрэгтээ ажлаас хойш суух залуус олон байгааг шүүмжилж байв. Жижиг үйлдвэрлэл эрхэлдэг учраас аймгийн­хаа Хөдөлмөрийн хэлт­сээс ажилгүй иргэдийн анкетийг судлан ажилд авах санал тавихад “Ийм ажил хийхгүй, төрийн албанд орно” гэдэг аж. Үнэн хэрэгтээ хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог гэдэгсэн. Жаргалант багийн иргэн Галданжав “Ноосны үйлд­вэр байгуулж өгөөч ээ. Манай айм­гийн үйлд­вэрлэгчид нийслэлээс авахаар үнэтэй авдаг. Орон нутагт ноос угаа­даг үйлдвэртэй байвал ноосон эдлэлийг бүг­дийг хийж чадна” гэв. Үйлдвэрлэгч аймаг болох зорилтын хүрээнд үүнийг хэрэгжүүлээсэй, ноос авах цагаас урьтаж үйлдвэрээ бариулах хүсэлтэй бай­гаагаа ч дуулгав.

Завхан аймгийнхан боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарах санал гаргасан юм. Тэр дундаа бага ангийн багш 40 хүүхэдтэй анги байна. Түүнд туршлага дадлагагүй залуу багш сургаж чадахгүй. Бага ангийн багшид нэг бол туслах багш өг. Эсвэл анги дүүргэлт 25 хүүхэдтэй байх хэрэгтэй. Үүний тулд цэцэрлэг сургуулийг нэмээд өгөөч гэв. Мөн бүх албан газруудад сэтгэл зүйч ажиллуулж, хүмүүсийн хандлагыг нь өөрчилмөөр байна хэ­мээн н.Бэгзиймаа яри­лаа. Тэрээр хүүхдүүдээ ан­хаар, хүүхдүүд ахмадаа хүндэл­мээр байна гэсэн юм.

Энэ мэтчилэн олон асуудлыг ярьж байлаа. Архины үйлдвэрийг цөөхөн болгох, цаазын ялыг сэргээх ажлыг хийх хэрэгтэй хэмээн завханчууд Ерөнхийлөгч Х.Баттулгад үгээ дайв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *