Засгийн газар оюутолгойн гэрээг шинэчлэх ажлыг хэсэг байгуулжээ

11-р сарын 1, 2012 11:02 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 257

М.ГАН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмирт улс, Нидерланд, Люксембург, Кувейттэй тус тус байгуулсан “Ор­лого ба хөрөнгийн татва­рыг давхардуулж ногдуу­лахгүй байх, татвар тө­лөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  

Кувейт, Люсембург, Нидерланд, Эмират улстай байгуулсан давхар татварын гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой зөрчсөн заалтуудтай болох нь тогтоогджээ. Хэлэл­цээрийн “Дуусгавар бол­гох” гэсэн бүлэгт заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй юм байна.

“Айвенхоу Майнз” ком­­пани “Саудгоби сэндс” компани дахь өөрийн эзэмшлийн хувьцааг 898 сая ам.доллараар Хятадын “Чалко” компанид борлуулсан гүйлгээ, үүнтэй адилтгах бусад ажил гүйлгээнээс үүсэх хувьцаа борлуулсны олзод Монгол Улс татварын хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч давхар татварын гэрээ хэлцлийн улмаас татвар авч чадахгүйд хүрч байгаа юм байна. Түүнчлэн Оюутол­гой компани Нидер­ландад  бүртгэлтэйгээс болоод манай улс татвараа авч чадахгүйд хүрээд байгаа юм байна.

Давхар татварын сул талуудыг ашиглан гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Нидерланд, Люксембург зэрэг улсуудад толгой компаниа бүртгүүлэх замаар Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж, татвараас зайлсхийх нь түгээмэл болсон гэнэ. 1999-2010 онд манай улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 27 хувь нь зөвхөн Нидерланд улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдээс орж ирсэн гэсэн мэдээ байна.

Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Оюутолгой компанитай холбоотой асуудлыг хөндөв. Тэрээр “Нидер­ландтай байгуулсан гэрээг цуцлахаар тус улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн татвар төлөх асуудал хэрхэн шийдэгдэх вэ” хэмээн лавласан. Сангийн сайд Ч.Улаан “Гэрээг зохих журмын дагуу цуцласнаар татварын давхар хөнгөлөлт эдлэхгүй болно. Тухайн компани татвараа давхар төлөөд явах уу, эсвэл Монголд бүртгүүлээд татвараа төлөөд явах уу гэдгээ өөрсдөө шийдэх байх. Ер нь Оюутолгойн гэрээг шинэчлэх ажлын хэсэг Засгийн газарт байгуулагдан ажиллаж байгаа” гэж хариулсан юм.

Гэрээнүүд цуцлагдса­наар гадны хөрөнгө оруулалтын хэмжээ буурч магадгүй гэсэн мэдээлэл байгаа. Үүнд хариулт өгөхийг гишүүн Б.Гарамгайбаатар хүссэн. Сангийн яамны ажлын хэсгээс тайлбарласнаар гадны хөрөнгө оруулалтад төдийлөн нөлөөлөхгүй гэнэ. Нидерландаас гэхэд манай улсад хийсэн шууд хөрөнгө оруулалт бага юм байна. Харин завсрын компаниуд олон байдаг гэж хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд “Дээрх ашиггүй гэрээнүүдийг яаралтай цуцлах асуудлыг шийдэхгүй бол улс орон алдагдалд ороод байна. Нидерланд татвараас зугтаадаг компаниудын орогнодог газар болчихоод байна. Тэгээд энэ улсаас Монголд хийсэн бодитой хөрөнгө оруулалт бараг байхгүй шахам юм. Тэгэхээр татвараас зугтаадаг энэ асуудлыг бодоод байх хэрэггүй. Гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй” гэлээ. УИХ-ын гишүүн С.Оюун гэрээ­нүүдийг цуцлах асуудлыг дэмжиж байгаагаа илэр­хийлээд хуулийн төслүү­дийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *