Засгийн газар, багш нарын үл ойлголцол сурагчдын эрхийг зөрчиж эхэллээ

9-р сарын 11, 2018 8:43 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 41
9-11-2

Т.САЙХАН

Шинэ хичээлийн жил эхлээд 10 гаруй хонож байна.  Гэсэн ч багш нарын ажил хаялт үргэлжилж, энэ үймээний  хөлд сурагчид хохирч эхэллээ.   Тэдний  сурах эрх зөрчигдөж байна.   Багш нарын ажил хаялт  “газар авахгүй намжина” хэмээн  Засгийн газар, холбогдох  яам нь үүрэг чиглэл өгөөд хаясан.  Гэтэл байдал эсрэгээрээ,  ажил хаялт газар авч багш нар хүчтэй тэмцэгчид гэдгээ харуулж эхэллээ.  Өчигдөр  Сүхбаатарын талбайд Монголын Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос суулт зохион байгууллаа. Өчигдрийн байдлаар 130 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэнээс нийслэлийн 113, хөдөө орон нутгийн 17 байгууллага оролцож байгаа аж. Тэдгээрийн төлөөлөл болсон 5000 багш ажилчин цуглажээ. Ажил хаялтад хөдөө орон нутгийн сургуулиуд нэгдэж, 174 сургууль ажил хаяхаа мэдэгдээд байгаа  юм байна. Зохион байгуулагчдын зүгээс ажил хаялтыг удаан үргэлжлүүлэх хүсэлгүй, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд зогсооно гэдгээ илэрхийллээ.

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат: БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ 35 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДЭЭД ӨГ

-МҮЭХ-ны байгууллага багшийн цалин нэмүүлэх асуудлыг их наядаар нь яриагүй. Эдийн засаг үнэхээр муу байгаа бол сайд нар цалингаа нэмэх шаардлага байхгүй шүү дээ. Эхний ээлжид багш нарын цалинг 15 хувиар нэмэх 35 тэрбум төгрөгийг шийдээд өг гээд байхад, их наяд хэрэгтэй гээд яриад суугаад байгаа нь өөрөө улс төржиж байгаа хэрэг юм. Зээл авах хэмжээнд хүрнэ гэсэн зүйл ярьж байна. Үүнээс нийгмийн даатгал, татварын журмаар татаас татахад үндсэндээ 20 гаруй тэрбум төгрөг л засгаас шаардагдах юм. Есдүгээр сарын 7-нд томилогдсон ажлын хэсгийг гурав хоног хүлээлээ. Дорвитой нэг ч шийдвэр гаргасангүй. Иймд ажил хаялтыг үргэлжлүүлж байна. Уулзалтыг хангалттай хийсэн, одоо бодит шийдвэр хэрэгтэй байна. Биднийг ажил хаялт, суултаа хууль бусаар хийж байгаа мэтээр ярьж байна. Энэ нь бидний тэмцлийг хүчээр дарах гэсэн оролдлого юм. Багш нар нэг удаагийн урамшууллаас татгалзаж, есдүгээр сарын 1-нээс одоо нэмсэн байгаа цалин дээр 7-10 хувийг нэмчих гэдэг шаардлага тавьж байна.

 

Г.Занданшатар: ХҮҮХДЭЭ Ч, БАГШ НАРАА Ч ХОХИРООХГҮЙ БАЙХ ШИЙДЛИЙГ ХАМТДАА ХАЙЯ

Харин  өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар  МҮЭХ болон багш нарын төлөөлөлтэй уулзсан байдаг.  Энэ үеэрээ тэрээр “Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны эхнээс цалинг инфляцтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Ажил хаялтаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Хүүхдүүдийнхээ төлөө ажил хаялтаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд сууж ярилцъя. Эдийн засаг, төсвийн орлого сайжрахын хэрээр Засгийн газар багш, эмч, ажилчдынхаа цалин, нийгмийн асуудалд анхаарч ажиллана. Хүүхдээ ч, багш нараа ч хохироохгүй байх шийдлийг хамтдаа хайя.  Тиймээс ирэх даваа гаригаас хичээлээ эхлүүлнэ үү” гэсэн юм.  Гэсэн ч энэ асуудлаар Засгийн газар багш нарын Үйлдвэрчний эвлэл ямар нэгэн зөвшөлцөлд хүрч чадаагүй байна.   Үүний үр хүнд сурагчид энгийн ард түмэн хохирч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *