Засаг дарга нараас хариуцлага нэхсэн дөрвөн жил байхыг санууллаа

8-р сарын 23, 2016 10:17 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Парламент , Сонгууль , Улс төр Уншсан: 63
8-23-3

С.УЯНГА

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Төрийн ордонд чуулж байна.  Тэд өчигдөр ирэх дөрвөн жил Засгийн газраас баримтлах бод­лого, чиглэлийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтад хамрагдав.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай УИХ-ын дарга М.Энхболд,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нар уулзаж ирэх дөрвөн жилд орон нутгийн удирдлагуудтай хэрхэн ажиллах болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцож, өөрсдийн эрхэлсэн салбар, хүрээний асуудлаар 2016-2020 онд баримтлах бодлого, зорилтын талаар санал солилцлоо.  Сургалт семинарын үеэр ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ирэх дөрвөн жилд орон нутгийн удирдлагуудаас хатуу хариуцлага нэхэж ажиллана гэдгийг онцлоод “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төв орон нутгийн уялдаа холбоо, гар сэтгэл нийлж ажиллах явдал чухал. ЗГХЭГ-аас аймгийн Засаг дарга нартай сар бүр цахим хурал хийж орон нутагт тулгамдаж буй асуудлыг сонсоно. Орон нутгийн байгууллагуудын хүнд суртлыг халж жирийн иргэдийн бүх үйлчилгээний чирэгдлийг хоёр дахин багасгах шаардлагатай. Орон нутгийн төрийн байгууллагуудын бүтэц данхар байгааг цэгцэлнэ. Шилэн тендерийн асуудлыг хэрэгжүүлнэ. Төрийн захиргааны байрыг боломжоор нь чөлөөлж, төрийн байгууллагууд дотооддоо стандарт хангасан цэцэрлэг­тэй байх хэрэгтэй. Энэ ажлыг гурван яам хэрэгжүүлсэн. Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний картын сис­тем нэвтрүүлж цахим бол­гох ажлыг нэвтрүүлнэ. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд хоёр дахин шуурхай хүрнэ. Орон нутгийн удирдлагуудаас ажлын бие­лэлтийг нэхэж, шаардаж ажиллана. Хариуцлага, ёс суртахууныг баримталж ажиллах шаардлагатайг дахин сануулж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга М.Энхболд энэ долоо хоногийн сүүлчээр ээлжит бус чуулган хуралдуулж тодорхой асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарсан гэдгийг нийслэл, орон нутгийн удирдлагуудад дуулгаж хэлэлцэх асуудлыг танилцуулав. Тэрээр “Эдийн засаг нийгмийн өнөө­гийн нөхцөл байдалтай уял­дуулж тодорхой хэм­жээнд хийж хэрэгжүүлэх аж­лынхаа чиглэлийг өр­гөт­гөсөн хуралдаанд өргөн барина. Ээлжит бус чуулганаар 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг бат­лах бодолтой байна” гээд аймаг орон нутагт тулгамдаж бай­гаа асуудлын талаар санал сонсов. Хуралд оролцогчид өнөөдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэхэд оролцож, саналаа хэлж, Монгол Улсын 2016 оны төсөвт хийх тодотголын талаар танилцуулга сонсоно.

Энэ үеэр аймгуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар сонирхлоо.

Д.Батсайхан: ДЭД СТАНЦЫН НӨӨЦГҮЙ БОЛСОН

 /Завхан аймгийн Засаг дарга/

-Завхан аймагт өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тулгамдаж буй хэд хэдэн асуудал бий. Ялангуяа Загастайн давааны 67 км автозамын ажил хөрөнгө оруулалтын асуудлаас болж зогссон.  Хатуу хучилттай зам барих талаар  2012 оноос яригдсан ч энэ намар эхлэх магадлал тун бага байна. Өвөлжилтийн  бэлтгэл ажлын хүрээнд Загастайн давааны замыг засч сайжруулах шаардлагатай учраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ойрын өдрүүдэд анхаарч ажиллаж байна. Өвөлжилтийн бэлтгэлд хүндрэл үүсгэж байгаа 1.2 км цэвэр усны шугам сүлжээний асуудал бий. Шинэчлэн засварлахад 680 сая төгрөг хэрэгтэй. Манай аймагт эрчим хүчний асуудал хүнд байдаг. Энэ жил дэд станцын нөөцгүй болсон учраас өвөлжилт хүндэрвэл гал алдах магадлалтай. Иймд Эрчим хүчний яаманд албан ёсоор хүсэлт тавьсан.

Т.Энхтүвшин: МАЛЧДЫН ДУНД ӨВС, ТЭЖЭЭЛ БЭЛТГЭХ УРАМШУУЛАЛТ АЯН ЗАРЛАСАН

/Дорноговь аймгийн Засаг дарга /

-Хот суурин газрын өвөлжил­тийн бэлтгэл ажлыг хангах аймгийн Засаг даргын албан даалгавар долдугаар сард гарсан. Мөн хөдөө аж ахуй, мал аж ахуйн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар гарч хэрэгжиж байна. Малчдын дунд өвөлжилттэй холбогдуулаад хадлан тэжээл бэлтгэх урамшуулалт аян зарласан. Аяны хүрээнд малчид өвс, тэжээлээ өөрсдөө бэлтгэж урамшуулал авах юм. Есдүгээр сараас нүүрс түлээгээ татаж эхэлнэ. Манай аймгийн нэг хүндрэлтэй тал нь  хадлан тэжээлээ бэлтгэж чаддаггүй. Сүхбаатар аймгийн наад талын сумдаас хадлан бэлтгэдэг. Энэ жил өвсний гарц муутай байгаа учраас хүндрэлтэй байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх сумдад хяналт тавьж ажиллаж байна.

Н.Наранбаатар: САЛБАР ТУС БҮРЭЭР НЬ УДИРДАМЖ ГАРГАЖ ӨВӨЛД БЭЛТГЭЖ БАЙНА

/Өмнөговь аймгийн Засаг дарга/

-Аймгийн хэмжээнд энэ зун бороо хур элбэг зуншлага сайхан боллоо. Өвс, ногоо сайтай өнтэй намаржиж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хувьд аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан. Төв суурин, хөдөө гэлтгүй бэлтгэл ажилд анхаарч байна. Мөн эрүүл мэнд, хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэргээр салбар тус бүрээр нь удирдамж гаргаж Засаг даргын орлогч, холбогдох агентлагийн дарга нарын ажлын хэсэг тодорхой төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.  Ашиглалтад ороогүй сургууль, цэцэрлэгийн барилгыг хичээл эхлэхээс өмнө дуусгахад анхаарч, гацаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр гүйцэтгэгч компаниудтай уялдаа холбоотой ажиллаж байна. Аймгийн төвийн дулааны цахилгаан станцын засвар үйлчилгээ ид өрнөж байна. Хадлан, тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Tilly
2016 оны 12-р сарын 1

The biggest difference between last year and this ye308#&2ar; You guessed it… THE LAKERS HAVE AN NBA PG. It’s been over a decade since the Lakers had an advantage at PG. Ramon badly outplayed Lawson on both ends of the floor. And Ty is supposed to be a star? It’s nice not playing 4 on 5

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *