Залуусын амралтад санал болгох таван ном

6-р сарын 11, 2018 5:40 pm Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 24
library2

Б.САРАНГЭРЭЛ

Оюутан сурагчдын зуны амралтад зориулан “Аз хур” номын дэлгүүрээс дараах таван номыг  уншихыг зөвлөлөө.

1.Пауллэ Коэльо “Алхимич” 18 мянган төгрөгийн үнэтэй. 56 орны хэлээр орчуулагдаж, хорин сая гаруй хувь борлуулагдсан энэхүү бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлийн санд зүй ёсоор багтдаг.  Жирийн нэгэн тариачны хүү Сантьяго дэлхий даяар хэрэн хэсч  аялах мөрөөдлөө биелүүлэхийн тулд шашны сургуульд орохыг зөвлөсөн эцэг эхийнхээ үгийг зөрөн байж хоньчин болохоор шийдснээр  зохиолын үйл явдал эхэлдэг.  Хүн хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, түүнийхээ төлөө зоригтой алхаж чадвал юуг ч хийж,бүтээж болохыг харуулсан “Алхимич” номыг Болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.

 2.Л.Өлзийтөгс “Нүдний шилэнд үлдсэн зургууд”  15 мянган төгрөгийн үнэтэй. Энэхүү ном нь учир битүүлэг,сонирхолтой үйл явдлаар дүүрэн 15 өгүүллэг,хоёр жүжгийн зохиолоос бүрдэх юм. Эмэгтэй хүний нүдээр тэр тусмаа яруу найрагч бүсгүйн нүдээр амьдрал хэрхэн харагддагийг “Нүдний шилэнд зургууд” номоос уншаарай.

 3.Жостейн Гаардер “Софийн ертөнц” бүтээл нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Нэгэн өдөр Софи шуудангийн хайрцагнаасаа, “Чи хэн бэ. Ертөнц хаанаас бий болсон бэ гэсэн хоёр асуулттай захидлыг хүлээн авснаар зохиолын үйл явдал эхэлдэг. Үүнээс хойш тэр философийн ухааны мөн чанарыг илэрхийлсэн хичээлүүдийг нууцлаг захидлуудаар дамжуулан хүлээн авсаар байх болно.Тэдгээр нууцыг тайлахын тулд Софи суралцаж буй философио хэрэглэх ёстой. Гэвч үнэн түүний төсөөлж байснаас ч ярвигтай ажээ. Дэлхий дахинаа олон сая хүний хүртээл болсон энэхүү номоор дамжуулан философийн ертөнцөөр аялах боломжтой юм.

4.Б.Сарантуяа “Самар хатан” бүтээл нь 20 мянган  төгрөгийн үнэтэй. XIV-XV зууны үеийн Монголын түүхийг Самар хатны амьдралаар төлөөлүүлэн өгүүлсэн түүхэн сэдэвт роман юм. Зохиолын гол дүр Самар гүнж 16-хан насандаа хаан аавынхаа болчимгүй үйлдлийн золиос болж, хайртай хүндээ очих замаасаа буцаагдан, сэтгэлгүй хүнийхээ галыг сахиж голомтыг үргэлжлүүлэхээр харь нутгийг зорьдог. Гэвч Самар хатан зүрх сэтгэлдээ бус , тархи ухаандаа захирагдаж эл бие , энэ амьдралаа Баруун, Зүүн Монголын эв нэгдлийн төлөө зориулдаг. Их Монголын ухаант хатдын нэг Самар хатны тухай өгүүлсэн энэхүү түүхэн романыг Адмон Принт компани хэвлэн гаргажээ.

5.Пол Каланити “Амьсгал агаар болохуйд” ном 17900 төгрөгийн үнэтэй.  Тархины мэс заслийн эмч Пол ажил мэргэжлийнхээ оргилд хүрэхтэйгээ зэрэгцэн хорт хавдартайгаа мэдсэнээр үйл явдал өрнөнө.Эмчийн албан тушаалаас өвчтөний ор руу шилжсэн эрийн бодит амьдралаас сэдэвлэсэн энэхүү ном зохиолчийн  гүнзгий бодрол, өргөн мэдлэгээс гадна түүний амьдралын төлөө хэрхэн тэмцэж буйг гайхалтайгаар харуулжээ.Болор судар хэвлэлээс эрхлэн гаргасан энэхүү бүтээлийг эмч мэргэжлээр сурч буй, мөн эмч болохоор төлөвлөж буй оюутан сурагчид та бүхнийг уншихыг зөвлөе.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *