Залуучууд Монголоо хэвээр нь авч үлдээсэй

9-р сарын 29, 2017 10:55 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 17
HH

Т.БАТСАЙХАН, А.ХҮМҮҮНГУА

Ирэх бүтэн сайнд олон улсын ахмадын баярын өдөр тохионо. Энэ баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос тэмдэглэж ирсэн байна.  Мөн дан ганц  ахмадаа анхаарч, хүндлэх биш, түүхийн эх сурвалж болсон ахмад настнуудынхаа үнэт сургаалийг сонсох утга учиртай баяр билээ. 

Монгол Улсын хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ахмадууд жилээс жилд өсч байгааг мэргэжилтнүүд онцолж байна.  2010 онд  манай улсад 60-аас дээш настан 151.2 мянга байсан бол 2013 онд 170.3 мянга болж нэмэгдсэн байна. Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын тоо 16.1 хувиар өссөн байхад ахмад настны тоо 21.9 хувиар өсчээ.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор сүүлийн  15 жилд манай улсын хүн амын насжилт эрчимжиж 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэв. 

Ийнхүү өсөн нэмэгдэж буй нийгмийн хэсэгт төр хэрхэн анхаарч байгаа бол.  Энэ талаар ахмадуудын сэтгэгдлийг сонслоо.

 9-29-3

АХМАДУУДАА ИЛҮҮ АНХААРМААР БАЙНА

Н.Доржханд: /Баянгол дүүрэг ХIХ хорооны иргэн/

 

-Ахмадын ахуй амьдрал боломжтой нэгэнд нь болоод бололцоогүй нэг нь тааруухан байна. Төр, засаг тэтгэвэр тэтгэмж авдаггүй,  үр хүүхдүүд нь асарч халамжилдаггүй ахмадуудыг илүү анхаарч хандвал зүгээр байна. Мөн залуучуудаа орон сууцжуулж хөдөлмөрлөх нөхцлийг нь бүрдүүлээд өгвөл тэд ирээдүйн Монгол Улсыг  хөгжүүлж чадна гэж боддог . Иймд залуучууд маань улс эх орондоо үнэнч шударгаар хөдөлмөрлөж ирээдүйд улсаас өгөх шимийг хүртээд амьдарвал сайхан шүү гэж захиж хэлмээр санагддаг.

 

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ АХМАДУУД  БАРАГ БАЙХГҮЙ

И.Бямбасүрэн /Хан-Уул дүүрэг V хороо/:

 

-Би зургаан жил ахмадын хорооны дарга хийсэн хүн. Ахмадуудын амьдрал нэлээд хүнд байна. Учир нь мөнгөний ханш унасан ч амьжиргааны төвшин дээшлэхгүй сүүлийн гурван жил тэтгэвэр нэмэгдсэнгүй. Би улсад 42 жил ажилласан хүн гэхэд 432 мянган төгрөг авч байна. Гэвч надаас бага тэтгэвэр авдаг, тэтгэвэр авдаггүй ахмадууд ч бий. Тэд амьжиргаагаа хаанаас залгуулдаг вэ  гэдэг талаас төр, засгийг анхаараасай гэж хүсч байна. Тэтгэврийн зээлгүй ахмадууд  бараг байхгүй. Өнөөдөр гэртээ дулаан байж чадахааргүй хэмжээнд хүртэл эд юмсын үнэ өссөн байна.

 

УЛСААС ӨГСӨН БУЯНЫГ ХҮРТЭЭД САЙХАН АЖ ТӨРЖ БАЙНА

М.Долгорсүрэн /Сүхбаатар дүүрэг  ХV хорооны иргэн/:

 

-Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд модны Үйлдвэрт ажиллаж байгаад олон хүүхдээр эрт тэтгэвэрт гарсан. Улсаас өгсөн буяныг хүртээд сайхан аж төрч байна. Монгол Улсаа залуучууд маань Монгол хэвээр нь авч үлдээсэй гэж хүсдэг. Мөн одоогийн залуучууд зан араншин, хэл соёлын хувьд зөв төлөвшилтэй ухамсартай байж төр, засаг тогтвортой болбол  улс орон өөрөө аяндаа хөгжих болно гэж боддог.

 

УЛС ОРОН МААНЬ УЛАМ ХӨГЖӨӨСЭЙ

Б.Чулуунбат /Улаанбаатар хотын иргэн/:

 

-Би ахмад дайчин. Эх орон минь тайван, ард түмэн минь элбэг дэлбэг, төр, засаг эвтэй найрамдалтай байвал сайхан байна. Бидний үед хэрүүл хийж даргаа шүүмжилдэг эрх байхгүй байлаа.  Одоо бүгд хувьсан өөрчлөгдөж юмс эргэжээ.  Би 1942 онд Офицерийн сургууль төгсөөд Улаанбаатар хотод ирсэн. Тэр үеийг бодвол улс орон мааань чамгүй сайхан хөгжөөд байна. Үүнээс цааш мөн илүү их хөгжөөсэй гэж хүсч байна.

 

ТӨР МИНЬ ТӨВШИН БАЙГААСАЙ

Б.Янжиндулам /Сүхбаатар дүүрэг IV хорооны иргэн/:

 

-Ахмадуудын хувьд амьдрал боломжтой нэгэнд сайхан боломжгүй нэгэнд нь амьдрал хэцүү байна. Гадаадын хөгшчүүдийг харахад өтөл насандаа хураасан хөрөнгөөрөө үүгээр түүгээр зугаалах юм. Гэтэл Монголын ахмадууд зугаалах нь битгий хэл хоногийн хоолондоо ч хүрч чадахааргүй байдалтай байна. Тэглээ гээд төр, засгаа шүүмжлэхийг хүсэхгүй байна. Хөгшид буурлууд минь амар амгалан байгаасай, хүүхэд залуучууд минь эрүүл чийрэг байгаасай, хүүхдүүд минь цэцэрлэгтэй байгаасай, хүн бүхэн ажилтай орлоготой байгаасай, төр минь төвшин байгаасай, түмэн олон минь амгалан байгаасай гэж хүсье.

 

ЗАЛУУЧУУД ГАДНЫ СОЁЛД ХЭТ АВТАЖ БОЛОХГҮЙ

Т.Санжаа:/Баянгол дүүрэг I хорооны иргэн/

 

-Монгол орон жилээс жилд хөгжиж байна. Манай орныг гадны орнуудтай харьцуулбал хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхайн нөөц бололцоо ихтэй. Тэр нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Төр, засгаас ахмадынхаа хөдөлмөрийг үнэлж тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлбэл мэдээж түүнийг дагаж ахуй амьдрал дээшилж хөгшид бид ч баярлана. Залуучууд маань гадны соёлд хэт автаж өв уламжлал, хэл соёлоо мартаж зөв сайн төлөвшихгүй байх шиг санагддаг.Тиймээс залуучууд маань залхууралгүй тууштай сайхан хөдөлмөрлөж зүтгэж чадвал ирээдүйн сайн сайхан орчин бололцоо бий шүү гэж хэлмээр байна.

 

АХМАДУУДЫН 80 ХУВЬ НЬ АМЬДРАЛЫН БОЛОЛЦОО ТААРУУ БАЙНА

Ж.Адъяа /Баянзүрх дүүргийн иргэн/:

 

-Бидний амьдрал алаг цоог байна. Үр хүүхэд сайтай хүмүүс нь сайхан амьдарч асрах хүн багатай хүмүүс нь тааруухан л байгаа санагддаг. Ахмадуудын 80 хувь нь амьдралын боломж муу байна. Энэ асуудлыг төр, засгаас анхаарч жаахан тэгшлээд өгвөл олон ахмад баярлана. Бидний үеийнхэн нийгэм, төрийг байгуулахын тулд бүх залуу насаа зориулсан. Иймд төр, засагт хийх зүйлээ хийсэн ахмадууддаа зориулж эрүүл мэнд, төр, засгийн үйлчилгээгээ сайжруулбал сайн байна.

 

БИДЭНД ЭХ ОРОНЧ ХҮМҮҮЖИЛ ЧУХАЛ БАЙНА

Д.Ширэндэв /Ховд аймгийн иргэн/:

 

– Манай улс өнөөдөр хөгжлийн төвшин, соёл боловсрол, эрүүл мэндийн чиглэлээрээ дээгүүр явж байгаа гэж боддог.   Гол баримтлах зүйлс нь хүнээ хөгжүүлэх, уламжлалт ёсоо дээдэлж өвөг дээдсийнхээ өдийг хүртэл босгож өвлүүлж байгаа үндэсний эх соёл болоод хөгжил дэвшлийг баттай сайн хамгаалж үргэлжлүүлэх нь чухал байна. Залуучууд Монголын хөгжил дэвшил үндэсний аюулгүй байдал өөрөө ирсэн мэт их тайван хандаж байгаа байдал нь монголын хөгжил болоод залуучуудын сэтгэхүйд их нөлөөлж байна. Иймд бидэнд эх оронч хүмүүжил их чухал  юм.  Төрөөс хөгжил хэр байгаагийн хэрээр ард иргэддээ тэтгэмж туслалцаа үзүүлдэг. Бид төр, засгаа хүндэтгэн бэлэнчлэх сэтгэлгээгүй баймаар байна. Ахмадуудаа хүндэтгэх төрийн хүндэтгэл, ахмадуудаасаа санаа авах залуучуудын хүмүүжил хоёрыг сайн хослуулж чадвал манай улсад боломж бий. Монгол орны хөрсөн дээр буусан зүйл хийж ард түмэнтэйгээ уялдаа холбоотой ажиллаасай гэж хүсч байна. Тэр тусмаа одоогийн нөхцөл байдлийг сайн авч хэлэлцэх хэрэгтэй байна. Өвс ногоо нь ногооноороо хөлдөөд байхад мал бэлчээрийн талаар санаа зовж байгаа улстөрч нэг ч байхгүй дээгүүр суудал хөөцөлдөөд эх орноо авч явдаг гол хүчин зүйлээ хайхрахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *