Залуу зохион бүтээгчид алдарт “Титаник”-ийг Монголдоо бүтээжээ

2-р сарын 22, 2017 10:41 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 10
_MG_5060

З.ЦАСАНЧИМЭГ

 

Бид энэ удаа “Залуу зохион бүтээгч”-дийн дугуйланд зочлов. Дугуйлангийн үүдээр ороход олон төрлийн нисдэг онгоц, завь, машин өнгө загвараараа, төрөл төрлөөрөө эгнэсэн харагдана. Эдгээр сонирхолтой бүтээлүүд бүгд ирээдүйн зохион бүтээгчдийн бүтээл ажээ.

Тэнгис кино театрын хойно байрлах Чингэлтэй дүүргийн XII байрны нэгдүгээр давхарт энэхүү “Зохион бүтээгч” дугуйлан байрладаг. Энгийн даруухан энэ өрөөнд ур ухаан, гарын ур дүй шаардсан олон гайхамшигтай бүтээлүүд тавиур дүүрэн өрөөтэй байгаа нь очсон хүн бүрийн анхаарлыг татах ажээ.

Урлангийн өрөөнд ороход  хамгийн түрүүнд нүдэнд туссан бүтээл бол Англиас Нью-Йоркыг чиглэн хөдөлсөн алдарт Титаник. Тус дугуйлангийн зохион бүтээгчид саяхан энэ хөлөг онгоцыг хийжээ. Энэ бүтээл нь ирээдүйн инженерүүдийн хамгийн сүүлд хийсэн, мөн хамгийн урт хугацаанд буюу гурван сарын хугацаанд хийж бэлэн болгосон бүтээл юм байна.  “Титаник” кинон дээрх амьдралыг нүднээ зураглах энэ хөлөг онгоц, жижигрүүлсэн л болохооос биш яг л жинхэнэ хөлөг онгоц шиг харагдаж байна. Хөлөг онгоцны тавцан дээр байрлах завь, сандал гээд бүхий л зүйлсийг яг тоо ширхгээр хийжээ. Энэхүү титаникийн урт нь нэг метр 20 сантиметр орчим, доороо гурван мотортой. Хөлгийн эд ангиудыг төрөл бүрийн материал ашиглан урласан байна. Жишээлбэл, сандалны хашлагыг утас цэнэглэгчний гадрыг хуулж хар утсаар нь хийсэн бол яндангуудыг урт нарийхан хоолойг тайрч аваад будсан гэх жишээтэй.

 

_MG_4936

Анхлан суралцаж буй хүүхдүүдэд багш нар нь юун түрүүнд техникийн загваруудын үндсэн бүтэц, ажиллагааны зарчим болон энгийн материалуудыг зүсч тайрах гээд механик ажлуудыг хэрхэн хийхийг заадаг. Дугуйланд ирсэн сурагчдыг эхний удаад  гарын ур дүйг сайжруулах, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилгоор цаасан загвар хийлгэдэг. Дараа нь усан онгоц, авто машин, нисэх онгоцны загваруудыг төрөл бүрийн материал ашиглан  хийдэг юм байна. Багш, ду­гу­й­лангийн зүгээс тухайн бүтээлд хэрэг болох бүх зүйл­сээр  хангадаг гэж байв.

Сурагчдыг дөрвөн насны ангилалд хуваан цаасан загвар, хуванцар, макетны материал, мод, төмөр зэргээр бүтээлээ урладаг юм байна.  Дугуйланд ирж суралцсаны ач холбогдол мэдээж их. Хүүхэд бүтээлээ өөрсдийнхөө гараар урлах нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг их хөгжүүлдэг. Хамгийн гол нэг чанар нь хүүхэд сууж сурч, аливаад хариуцлагатай хандаж, хийж буй ажлаа дуустал нь чанартай хийж гүйцэтгэх чадвартай болдог гэсэн юм.  Дугуйлангийн хүүх­дүүдийг анзаарч байхад, дунд, ахлах ангийнхан мотортой явдаг зүйлд их дуртай. Ер нь  мотороос бусдыг өөрсдөө хийж байгаа харагдав. Хүүхдүүд бүтээлээ сайн хийгээд байвал улам нарийн хийц, технологи бүхий загваруудыг хийдэг юм байна.

Энд нүд баясгах олон бүтээл өрөөстэй харагдана. Хүүхдүүд гарын доорх материалаар буюу пепси, коланы төмөр лаазаар уралдааны машин хүртэл урласан байна. Бариад ирвэл ундааны лааз ч бүтээл болдог гэдгийг эндээс харж болохоор байв.

“Зохион бүтээгч” дугуйлангийн багш Б.Алтанбүс “Хүүхдүүд маань долоо хоногт хоёр удаа хичээллэдэг. Даваа гаригаас бусад өдрүүдэд өөрсдөө  өдөр, цагаа сонгоод ирдэг. Аливаа бүтээл төрөн гарахад тухайн хүүхдийн хичээл зүтгэл, ур чадвар сонирхлоос ихээхэн шалтгаалдаг. Үүнээс гадна манай улсад  техник, технологийн  урал­даан тэмцээнийг их зохион байгуулдаг бол­моор санагддаг. Үүнд хүүхэд, залуус их идэвхтэй оролцоно. Үүнийг дагаад тэдний бү­тээлч сэтгэлгээ маш их хөгжинө. Олон улсад энэ төрлийн спортын тэмцээн уралдаан их болдог.  Тийм болохоор “Зохион бүтээгч” дугуйлангийн захирал, багш С.Батгэрэл маань ОХУ болон БНХАУ-ын холбогдох албаны хүмүүстэй ярьж,  залуу техникчдийг хөгжүүлэх, тэдний ур чадварыг сорих тэмцээн уралдааныг хамтран зохион байгуулах саналыг тавьж тохироод ирсэн. Тун удахгүй манай хүүхдүүд олон улсын урал­даан тэмцээнд орол­цож өндөр амжилтууд үзүүлж та бүхэндээ сайхан мэдээ дуулгана гэдэгт эр­гэл­­зэхгүй байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *