Захиалагчаас хохирогч болсон “100 мянга”-ынхан

11-р сарын 20, 2012 8:57 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 190

Б.СОЛОНГО

 

“100 мянга”-ынхан гэ­хээр юуны тухай бичээд бай­гааг андахгүй биз. Ир­гэ­дээ орон сууцжуулах нэ­рийн дор сүржин нэртэй энэ хөтөлбөрийг эхлүүлс­нээс хойш зургаан сарын хуга­цаа өнгөрчээ. Эхэндээ жилийн зургаахан ху­вийн хүүтэй зээлд хам­раг­даж, орон сууцтай болох нь хэмээн баярлаж байлаа. Гэвч хариуцлагагүй, бод­лого­гүй, төлөвлөлтгүй эхлүүл­сэн энэ ажлаас болж өнөө­дөр 3000 айл, тэдгээрийн цаана байгаа 10 мянга гаруй хүн хохи­рогч гэсэн нэр зүүгээд байна.

Бид энэ талаар удаа дараа бичиж байсан тул асуудлыг аль болох товч­хон танилцуулъя. Анх “100 мянган айлыг орон сууц­жуулах” хөтөлбөрийг эх­лүүлэхдээ дарга нар улаан тууз хайчилж, нийслэлийг утаанаас салгах, бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох мундаг хөтөлбөр бодож олсноо гайхуулж байсан. Эхэндээ ч ахицтай урагшилж бай­сан зээл олголт 850 дахь хүн дээр ирээд таг гац­чи­хав.

Хөгжлийн банкнаас Тө­рийн банкинд шил­жүүл­­сэн 40 тэрбум төгрө­гийнх нь санхүүжилт дуус­сан учир дахин хүсэлт авахгүй гэж Төрийн банк­ныхан хатуухан мэдэгдэв. Төрөөс авсан 40 тэрбум төгрөг нь 850 хүнийхээ зээлийн эх үүсвэрт яг таарсан хэрэг. Гэтэл цаана нь дахиад 2814 хүн байгааг төр засаг мартчихжээ. Энэ хүмүүс бол авах байраа сонгоод, урьдчилгаа мөн­гөө төлөөд ОССК-д мате­риалаа өгсөн. Тэр хүсэл­тийг нь ОССК Төрийн банкинд дамжуулсан. Ин­гээд л энэ ажил зогсчих­сон. Зээл ч гарахаа болив. Төрийн банк, ОССК-иас зээлээ сурагласан иргэ­дийг “сан­хүүжилт байх­гүй” гэсэн хариултаар буцаасаар бай­на. Гэтэл зээл нь ший­дэгдээгүй, хүлээлтийн байдалд байгаа 2814 хү­ний амьдрал ямар байгааг бо­доод нэг үзээрэй. Тэд амь­дарч байсан хашаа бай­шингаа зарж урьдчилгаа олсон, эсвэл таньдаг мэддэгээсээ зээлж мөнгө босгосон тийм л хүмүүс. Хэдийгээр энэ хөтөлбөрт хам­рагдсан барилгын ком­паниуд 10 хувийн урьдчилгаа авах хуультай ч амьдрал дээр 30-аас дээш хувийн урьдчилгаа нэхсэн нь нууц биш. Ингээд бодохоор дээрх хүмүүс 6-20 сая төгрөгөө “100 мянган орон сууц” гэсэн мөрийтэй тоглоомд тавьж орхижээ. Төр засаг хэрэгжүүлж байгаа ажил учир зээл нь гарчихна гэсэн хүлээлтээр зургаан сарын хугацааг өнгөрүүл­лээ. Тухайн үед урьдчил­гаа болгох мөнгө олоогүй­дээ баярлаж сууна гэж танил нэгэн минь өгүүл­сэн юм. Найдваргүй зүйлд мөнгөө хийчихээд ёстой хаашаа хандахаа мэдэхгүй болсон иргэд эхнээсээ хэвлэлийнхэнд хандаж эхэллээ. “Жона­тан” ком­па­нийн орон сууцанд байр захиалж, гэрээ хийсэн 80 иргэн Засгийн газарт шаард­лага хүргүүлсэн сур­валжлагыг уншаад үзээрэй. Тэднээс гадна дахиад 2800 хүн яг ийм байдалд байна. Эхний зээлээ шийдээгүй, хүсэлт авахаа зогсоочихсон хэр­нээ ОССК иргэдийн өр­гөд­лийг авсаар байгаа юм. Дээрээс зогсоо гэсэн шийд­вэр ирээгүй тул хүсэлт авч байгаа гэж тайлбарлаж байна билээ. Тэгэхээр дахиад 40 хүн “100 мянга”-ын гэх энэ луйварт итгээд орон сууцны ком­панитай гэрээ хийж, мөн­гөө төлчихсөн болж таарс­ныг бид мэдээлж байв.

 

ХӨГЖЛИЙН БАНК 50 ТЭРБУМЫГ БҮРЭН ШИЛЖҮҮЛСЭН ГЭВ

 

Эх, адаг, зөв, буруу нь олдохгүй энэ хөтөлбөрийн хариултыг олохоор багагүй явлаа. ОССК зөвхөн иргэ­дийн материалыг хүлээж авах үүрэгтэй гэнэ. Тэд бас л дээрээс шийдвэр хүлээж байгаа юм байх. Эрсдэлээ өөрсдөө дааж, зээл олголтыг хэвийн үргэлжлүүлэх үүрэг хүлээ­сэн Төрийн банк өнөөдөр таг чиг. Тэд Хөгжлийн банкнаас аваагүй байгаа 10 тэрбум төгрөгийнхөө хэрүүлийг хийсэн хэвээ­рээ. Гэвч бодоод үзэхэд 3000 гаруй хүний зээлийг олгоход 150 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Нэхэл, дагуул болоод байгаа 10 тэрбум төгрөгөөр үнэндээ 250 хүний зээлийг л нэмж гаргана. Анхнаасаа ямар ч тооцоо, судалгаагүй энэ ажлыг яах гэж эхлүүлсэн, яагаад энэ олон хүнийг хэлмэгдүүлэв гэсэн асуул­тад өнөөдөр нэг ч хүн хариулт өгсөнгүй. Төрийн банкинд энэ асуудлаар дуугарах мэдэлтэй хүн ганцхан байдаг гэсэн. Тэр нь Төрийн банкны Биз­нес хөгжлийн төвийн мэргэ­жил­тэн Г.Болорсүх. Энэ хүнээс өөр хэн ч мэдээлэл өгч болохгүй гэсэн учир Төв оффисийг нь сахиж хэд хонов. Харамсалтай нь мэргэжилтэн Г.Болор­сүхийн хурал, цуглааны завсраар уулзах аз надад тохиосонгүй. Угаасаа энэ асуудлыг нууцалж, хэвлэ­лийнхнээс зугтаж байгаа нь хэн хүнд тодорхой бай­лаа. Төрийн банкныхан таньдаг, мэддэг, дарга нарын хүмүүсээ урдуураа оруулж зээл олгодог бай­сан гэдгийг зургаан сар үүдийг нь сахисан захиа­лагчид хэлж байна. 200 сая ам.долларын бонд гаргаж, иргэдээ орон сууцжуулна гэсэн Хөгжлийн банкнаас хариулт авахаар очив. Тус газраас Төрийн банкинд шилжүүлэх ёстой 50 тэр­бу­мын үлдэгдэл болох 10 тэрбум төгрөгийг өнгөрсөн баасан гаригт гүйцээж шилжүүлсэн гэсэн тайл­барыг өгсөн юм. Үлдсэн хүмүүсийн зээлийг хэрхэн санхүүжүүлэх талаар асуухад “Засгийн газраас шийдвэр гаргавал санхүү­жүүлнэ” гэж байна. Тэгэ­хээр ямартаа ч эдгээр 3000 орчим хүний зээлийг олгох мөнгө Төрийн банкинд ч , Хөгжлийн банкинд ч байх­гүй бололтой. Цаашид энэ асуудлыг бодлогын төвшинд хэрхэн шийдвэр­лэхийг асуухаар Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яамны хаал­гыг татсан ч хариуцлага­тай мэдээлэл өгчих эрхэм даанч алга. Хэрэгжүүлж чадахгүй байж болно. Тэгвэл төр засагтаа итгээд амьдралаа дэнчинд тавь­сан эдгээр хүмүүсийг хэр­хэн хохи­ролгүй болгох вэ гэдэгт хариулт өгөх цаг болжээ эрхэм дарга нар аа. Энэ хүмүүс өнөөдөр захиалагч биш хохирогч болоод байна.

 

1 Сэтгэгдэлтэй

Maryland
2016 оны 12-р сарын 2

I just hope whoeevr writes these keeps writing more!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *