З.Түвшинтөгс: Хувьсгалын өлгий нутагт жуулчин их ирдэг

5-р сарын 11, 2018 8:55 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 21
5-11-7

Р.ОЮУН

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч З.Түвшинтөгстэй ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт аялал жуулчлал хэр хөгжиж байна вэ?

-Сэлэнгэ аймаг түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөр боловсруулсан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд таван зорилттой, 36 үйл ажиллагаатай хөтөлбөр батлагдсан. Цаашид Сайханы хөтөл, зам дагуу түр байрлах цэг, том цогцолбор, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Мөн бусад суманд байгаа байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрыг нутгийн иргэдийг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий.

-Иргэдийг түшиглэж яаж аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж?

-Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал гэдэг нь жуулчдыг өөрийн оршин суугаа газартаа урьж авчраад гар бие оролцуулан хийх үйл ажиллагаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймаг зөгий үржүүлгийн газартай. Үүнийгээ түшиглээд гадаадын болон дотоодын жуулчдад зөгий хэрхэн үржүүлэх, яаж зөгийн балаа хурааж авах, эмчилгээнд яаж ашиглах вэ гэдэгт өөрсдийг нь оролцуулаад сэтгэлийн таашаал авах үйл ажиллагааг явуулна. Ингэснээр үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэд санхүүгээ идэвхжүүлнэ. Хоёрдугаарт, байгаль, түүхийн дурсгалт газраа сурталчилна гэсэн үг.

-Сэлэнгэ аймаг жилд хэчнээн жуулчин хүлээж авдаг вэ. Цаашид хэчнээн жуулчин хүлээж авах зорилт тавьж байна?

-Яг хэдэн жуулчин хүлээж авна гэсэн төлөвлөгөө байхгүй байна. Сэлэнгэ аймгаар ОХУ руу дамжин өнгөрдөг гадаадын болон дотоодын жуулчид бий. 2015 онд 900 гаруй мянга, 2016 онд 1.3 сая жуулчин Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин өнгөрсөн байна. Ер нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа.

-Танай аймгийг зорьж ирсэн гадаад, дотоодын жуулчид юуг их сонирхож байна вэ. Сэлэнгэ аймгийн брэнд?

-Манай Сайханы хөтөл, Ээж мод, Амарбаясгалан хийд гэсэн түүхийн дурсгалт үзэсгэлэнт газрыг харуулсан тэмдэг, хөргөгчний наалт бий. Мөн эсгий үйлдвэрлэл, нум сум байгаа. Өнгөрсөн жил “Сэлэнгэ судлал” ТББ-тай хамтарч аялал жуулчлалын хөтөч ном гаргасан. Энэ номонд Сэлэнгэ аймгийн бүх рашаан, байгалийн үзэсгэлэнт дурсгалт газрууд, усан аяллын маршрутыг ном болгож гаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн хувь Сайханы хөтлийг үзэх, ханш нээх үеэр Ээж модонд хүмүүс их ирдэг. Мөн Ерөө, Идэрийн байгалийн үзэсгэлэнт газрыг сонирхдог.

-Жуулчдын тоог нэмэхийн тулд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Цаашид Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын маршрут, байгалийн үзэсгэлэнт, түүхийн газрыг харуулсан ухаалаг утасны апплекэйшнийг хийгээд бэлэн болж байгаа. Үүнийгээ интернэтийн цахим орчинд ашиглаж туршина.

-Аль улсын жуулчид их ирж байна?

-ОХУ-аас дамжин орж ирж байгаа европын орны жуулчин их ирдэг. Мөн Азийн орноос ч ирнэ. Сүүлийн үед дотоодын жуулчин их ирдэг болсон. ОХУ руу визгүй зорчдог болсон учраас жуулчны тоо өссөн. Тавдугаар сард далий ягаан цэцгэнд суухаар дотоодын жуулчин их ирдэг.

-Сайханы хөтөл бусад газраас юугаараа ялгаатай юм бэ?

-Сайханы хөтөлд гурван голын бэлчир нийлээд ОХУ руу гардаг үзэсгэлэнтэй болохоор хүмүүс их сонирхдог. Монгол Улсын хэмжээнд ийм газар байхгүй. Харин хоёр голын бэлчир нийлсэн газар Хэнтий аймагт байдаг. Мөн дээр нь хувьсгалын өлгий нутаг гэдгээрээ их онцлогтой учраас жуулчин их ирдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *