З.Сүхбаатар: Шүүх хурал ямар ч үед мэтгэлцээний зарчмаар явагдах ёстой

8-р сарын 15, 2012 10:42 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 694

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Энэ удаагийн “Ярилцах цаг”-ийн зочноор Монголын өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны дарга З.Сүхбаатар уригдлаа. Түүнтэй  шүүхийн шинэтгэл, өмгөөллийн үйл ажиллагааны  зарчмын талаар  ярилцав.

 

-Сүүлийн үед шүүх хурал тодорхойгүй, ойл­гомж­гүй байдалд  явагдаж байна гэсэн шүүмжлэл нэлээд гарах болсон. Тэгэхээр шүүх ажиллагаа гэж юу вэ, түүнд  проку­рор, өмгөөлөгчийн байр суурь ямар хэлбэрээр явагдах ёстой вэ гэдгээс яриагаа эхэлье. Хуульч хүний хувьд та ямар бо­долтой байна?

-Миний  мэргэжил бол өмгөөлөгч.  Өмгөөлөгчийн ажил  жирийн хүнд  юу гэж ойлгогддогийг би мэдэх­гүй. Гэхдээ  уламжлалт ойлголтоор бол хүн өвчин хүрэхээрээ, зовж шанала­хаараа эмнэлэгт ханддаг, нөгөө хэсэг нь би эрүүл байх ёстой гэдэг утгаар урьдчилан сэргийлж ханд­даг. Өмгөөлөгч, хууль зүйн хэсэг рүү мөн ялгаагүй  тэгж ханддаг.

Хэрэг маргаанд хол­бог­дож, хөрөнгө  мөнгөө алдчихаад, эсвэл хууль бус шийдвэрт нухлагдчихаад хуульчид ханддаг. Зарим нь миний бизнес зөв зүйтэй явж байгаа, миний асуудал хууль тогтоомжид ороогдох ёсгүй гэсэн үүднээс хуульчтай зөвлөж алдаа мадгийг залруулж, урьдчилан сэргийлж ажилладаг.  Өмгөөлөгчийн ажил ярих, бичих хоёр байнга солигдож, заримдаа хосолж байдаг эд л дээ. Урт удаан шүүх хурал, урт хугацаатай ярилцлагын эцэст өмгөө­лөгч нар үндэслэлүүдээ бичиж, ярилцах үед хийгээгүй зүйлүүдээ нөхөж  байдаг. Өмгөөлөгч гэдэг энгийнээр хэлэхэд ийм л мэргэжил байгаа юм.

Өмгөөлөгч аль ч нийгэмд хүний эрхийн  дуу хоолой болдог. Өнөөдөр  манай улс ардчилсан тогтолцоотой энэ системийг  эргэлт буцалтгүй сонгосон. Энэ замаар замнаж, хүний эрх, эрх чөлөөг  дээдлэх, энэ асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа. Тэгэхээр ардчиллын өмөг түшиг болсон, нэг багана тулгуур нь өмгөөлөгчийн ажил юм. Нэгэнт  тогтсон,  нийг­мийн зохион байгуулал­тын үндэс нь энэ юм бол тэр хүний эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэхэд чиглэж байгаа шүүх хуралдаан нь өөрөө юунд чиглэх вэ  гэвэл  тухайн хэргийн бодит үнэнийг тогтоох замаар шийдвэр гаргахад оршдог. Бодит үнэнийг  тогтооно гэдэг хэргийн учир утгыг олж мэдэх, юу болсон талаар үүх түүхийг сөхөх, нөгөө талаас тэнд өнөөдрийн  шударга ёсны хэмжүүр болж байгаа хуулийн зүйл, заалтуудыг хэрэглэх замаар шийдвэр гаргадаг. Тэгэхээр шүүх хуралдааны үйл явц нь  яаж явах вэ гэдгийг  товч  бөгөөд  энгийнээр  хэлэхэд тухайн шүүгдэгч, яллагч, цаашилбал иргэний маргаан дээр нэхэмжлэгч, хариуцагч, захиргааны маргаан дээр ч ялгаагүй нэхэмжлэгч, хариуцагч гэж яригддаг. Энэ талуу­дын  мэтгэлцээн  тэнд явагддаг. Түүнд хуульчид оролцоно. Мэтгэлцээн гэдэг их уран гоё хэллэг хэрэглэж, яриад байх биш. Нөгөө талаас, хэтэрхий уурлаад,  босч ирж ширээ шаагаад  маргалдаад байх  бас биш. Мэтгэлцээний гол утга учир, мөн чанар нь  ерөөс  тухайн хэргийн бодит үнэн, гол учир шалтгааныг олж тогтоох, түүнийг шүүхэд ойлгуулах, илэрхий болгохын  төлөө явдаг үйл явц юм. Энэ нь  өнөөдөр зарим шүүх хурлаас харахад орхигдож байна, үгүйсгэгдэж  байна. Цаа­шил­бал, хэргийн зарим нэг талыг оролцуулах­гүйгээр хэрэг, маргааныг шийдчихдэг гэх мэтийн саар зүйлүүд гараад байна.

-Өнөөдөр өмгөөлөгчийн статусыг нарийн тодор­хойлж ойлгох, байцаан шийтгэх  үйл явц болон  шүүх үйл ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцохыг нарийн тогтоож өгөх шаардлага тулгарч байна гэдэгтэй та санал нийлэх үү?

 -Энэ нь өөрөө аяндаа амьдрал дээр  гарч байгаа хэрэг хянан шийдвэр­лэхтэй холбоотой гацаа, хийдлүүдээс харагдаж байгаа. Яагаад ингэж хэлж байна гэвэл, шүүх хуралдаан өмгөөл­лийн үйл ажиллагаанаас болж хойшилж байна гэдэг.  Үйлчлүүлэгч өмгөөлөгчөө сайн судалж  чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа тулсан нөхцөл байдал бас байна. Тэгэхээр энэ болгоны ялгаа заагийг зөв ойлгох хэрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх хууль, өмгөөлөгч хэргийн материалтай хангалттай танилцах цаг хугацаагаар хангагдах нарийн зохи­цуулалт манай дотоодын хуульд алга. Шууд зохи­цуулж өгсөн зүйл байхгүй. Хүний эрхийн үндсэн баримт бичгүүд болсон хүний эдийн засаг, нийгмийн эрхийг хамгаалсан олон улсын факт гэж бий. Түүгээр  иргэн хүнд тухайн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх, хэргийн материалтай танилцах,  өмгөөлүүлэх хангалттай   цаг хугацаа,  боломжоор хангагдах тухай  эрхийг тэнд  тодорхойлсон байна.  Үйлчлүүлэгчийн тэр эрхээр улбаалаад өмгөө­лөгчид тэр эрх байна гэж  ойлгох хэрэгтэй. Гэхдээ түүнийг зөв илэрхийлэх, эдлэх учиртай.  Хэрэг маргааныг хянан шийд­вэр­лүүлэх, шүүхэд үйлчлүүлэгчийг төлөөлнө гэдэг шударга ёсны илрэл. Энэ нь өөрөө хүний эр­хийн том баталгааг хан­гахын төлөөх ажил үйлс гэж бодож, тэгж ойлгох ёстой.

-Өмгөөлөгчид олон хэрэг дээр давхар ажилладаг. Шүүх хурал давхцсанаас нэгийг нь хойшлуулах шаардлага  зайлшгүй тулгардаг. Энэ давхцлыг хэрхэн зохицуулах вэ, ямар нэгэн гарц, боломж байна уу?

-Манайд анх  хувийн өмч, хөрөнгийн сэтгэлгээ гэх юм уу даа, ийм зүйл хаалттай байсан. 1990 онд Иргэний хуулиар  хувийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Түүнээс өмнө өмгөөлөгч нар гол төлөв эрүүгийн хэрэг, захиргаа­ны хэргийг шийдвэрлэхэд оролцдог байж. Ер нь иргэний хэрэг,маргаан гарах нь бага байсан. Нийгэмд хувийн өмчийг зөвшөөрч, өмч баталгаажиж , тэр талаарх сэтгэлгээ гүнзгийрээд ирэхээр  хуульчийн туслалцаа зөвхөн хэрэг маргаан төдийгүй гэрээ, хэлцэл байгуулах, хүнтэй ярихаас эхлээд хэрэгтэй болж  эхэлдэг. Нийгэм  нь өөрөө төлөвшчихсөн байх юм бол дэлхийн улс орнуудад байдаг хүлээн зөвшөөрөгдсөн тэр харилцаанууд нь хөгжсөн байхад хуульч ганцаараа ажиллана гэдэг зарчмаас татгалздаг. Яагаад гэвэл, ганцаараа ажиллавал “Хүс­сэн, хүсээгүй хөгнө­сөн ухна” гэж манайхан ярьдаг шүү дээ. Үнэхээр тийм болчихдог. Тухайл­бал, энд ч нэг маргаантай, тэнд ч нэг хэрэгтэй, дахиад  өөр  газар гэрээний төсөл бэлтгэх жишээтэй.  Тэгэхээр нийгэм хөгжиж, хуульчид янз бүрийн мэргэшлүүд  шаардаад эхэлчихээр хүссэн, хүсээгүй олон газарт нэг хүн байж чадахгүйгээс хойш, нэг цаг хугацаанд тухайн байгууллагын  олон хуульчид нэгэн зэрэг ажиллаж байхын тулд нэгдлийг бий болгодог. Манайд өнөөдөр нэгдэл бий болох, хуульчид хамтран ажиллах, цаашилбал хуулийн фирм, товчоо байгуулж ажиллах хандлага ажиглагдаж байна. Энэ бол сайн туршлага. Бусад улс орны өмгөөлөгчид  ингэж л хөгжсөн.

-Ихэнх  тохиолдолд шүүн таслах  ажиллагаа   өмгөөлөгчийн үгийг сонсохгүй, сонссон ч харгалзаж үздэггүй, нэг талыг барьсан байдлаар  явагддаг нь   ажиглагддаг. Нэгэнт өмгөөлөгчийн үгийг сонсохгүй юм бол тэнд  зүгээр л өмгөөлөгч  оролцуулах ёстой гэсэн байдлаар, өөрөөр хэлбэл  бэлгэ  тэмдгийн чанартай  оролцуулах  байдалд хүргэж байна?

-Би процессын ажил­лагаанд оролцож, хэрэг, маргааны асуудлаар үг хэлээд явдаг. Энэ тухайд ийм л зүйл ажиглагдаж байгаа юм. Зарим өм­гөөлөгч хэргийнхээ  мате­риалтай сайн танилцах­гүй, жижүүрийн үгтэй болоод ирэхээр өмгөө­лөгчийг эс тоох хандлага ажиглагдаж байна. Нөгөө талаас, тухайн хэрэг, маргаан өөрөө ээдрээ төвөгтэй, олон хүний сонирхлыг татаад ирэхээр ийм байдал ажиглагддаг. Ер нь өмгөөлөгч өөрөө хэрэг маргааны сайн судлаад, хэргийн хавтасны дугаараар нь хэддүгээр талд ийм юм байна гэдгийг тодорхой хэлж, нэгдүгээр талд байгааг 10 дугаар талд байгаатай харьцуулаад үзэхэд ийм баримт байна, тэнд хуулийн  хэрэглээ  ийм байна гэж гарцаагүй хэлж чадах юм бол тэр нь  өөрөө сонсохоос аргагүй байдалд хүргэнэ. Тэгэхээр өмгөөлөгч нарын үгийг сонсдоггүй юм, гэхдээ өмгөөлөгч байхаас аргагүй  гэж болохгүй. Энэ байдал шударга ёсонд халтай.

-Шүүх хурал мэтгэлцээний зарчмаар явагдах ёстойг  манай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан.  Гэтэл сүүлийн үед болж байгаа зарим шүүх хурлыг харж байхад  прокурорын зүгээс мэтгэлцэх шаардлагагүй гэж үзэх байдал байна. Мөн нэр бүхий хүмүүсийн   хэвлэлээр илэрхийлсэн  байр сууриас харахад  тэр асуудлаарх  олон улсын фактуудад  шүүх хурлыг мэтгэлцээний, мөрдлөгийн гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Алийг ч нь хэрэглэж болно гэх юм. Тухайн орон алийг нь сонгож  хуульдаа   тусгас­наар  шүүх ажиллагаанд баримтлах ёстой юу, эсвэл прокурорын үзэмжээр шийдэх үү. Үүнээс үүдээд манай  хуульчид өөрсдөө нэгдсэн ойлголтод хүрээгүй байдаг  юм шиг сэтгэгдэл төрж байна?

-Манай Үндсэн хуулиар шударга ёсны зарчмыг бас тунхаглаж өгсөн. Шударга ёс гэдэг бас шударга байдлыг олж тогтоох, энэ ажиллагаа өөрөө төрийн байгуул­лагын ажил. Төрийн байгууллага шударга ёсыг олж тогтоохдоо тухайн хэрэгт юу болсон талаар мэтгэлцээн өрнүүлж байж тэр дундаас бодит үнэнийг  олж тогтоохын төлөө зорьдог. Ийм л зарчимтай. Энэ мэтгэлцэх зарчмыг манай процессын хууль тогтоомжуудад эргэлт, буцалтгүйгээр  хийж өгсөн. Энэ нь ч манай шүүн таслах ажиллагааны практикт томоохон шинэт­гэл болсон. Тэгэхээр мэтгэлцээн өрнүүлэх, шударга ёсыг олж тогтоох хэлэлцүүлэг явуулах боломжоор хангахгүй байна гэдэг нь  шүүх таслах ажиллагааг удир­даж, хэрэгжүүлж байгаа зарим хүмүүстэй  яах аргагүй  холбоотой. Өмнө нь  энэ асуудал  шийдэгд­чихсэн ч өнөөдөр зарим нэг хүнтэй холбоотойгоор хөндөгдөөд байгаа.

-Өөр нэг асуудал нь улсын яллагч би яллах л ёстой гэж улайрах ёстой юу. Хөдөө, орон нутагт болж байгаа шүүх хурлыг ажиглаж, заримыг нь сурвалжилж байхад  яллах ёстой гэсэн байр суурьнаас  хэт улайрч, өмгөөлөгч, шүүгдэгч талуудыг хэл амаар, ёс бусаар  доромжлох байдал нэг бус  удаа  харагдсан?

-Хүнийг хэл амаар доромжлох, өөрийн  албан тушаалын  давуу байдлыг гаргаж тэр хүнтэй харилцах нь байж болохгүй зүйл. Хууль, шүүхийн өмнө хүн болгон адил тэгш эрхтэй. Хэдийгээр нэг нь яллагдаж, нөгөө нь яллаж байгаа ч тухайн  хүний  нэр төр, үзэл бодол, шашин шүтлэг, байгаа байдалтай нь холбогдуулж  доромжилж  болохгүй. Тухайн хүн ямар хэрэг зөрчил гаргасан, тэр нь хэрхэн нотлогдож байгаа юм бэ, мөн юугаар үгүйсгэгдэж байгаа зэрэг нь  тэнд яригдах ёстой.  Зарчим нь тэр. Нэгэнт нотлогдохгүй байгаа зүй­лийг зүтгүүлж болохгүй. Энэ нь    тухайн хууль­чийн ёс зүйн асуудал. Хүнийг яллана гэдэг  өөрөө тухайн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах гэж байгаа айхтар зүйл шүү дээ. Тийм учраас  түүнд  зүгээр нэг таамаглалаар юм уу, хангалттай бус баримт нотолгоогоор  хандаж болохгүй. Хэрэв тэгэх юм бол, Үндсэн хууль дахь  хүний эрх, эрх чөлөөний тухай  заалт, олон улсын гэрээ, хэлцлүүдээр хүлээн зөвшөөрөгдсөн  зүйлүүд үгүйсгэгдэж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, өнөөдөр Ерөнхийлөгчийн  маань  ярьж байгаа шүүхийн шинэтгэл зэрэг бүх зүйл  үгүйсгэгдэх болно шүү дээ.

-Ардчилал, шүүхийн шинэтгэл гэж бид багагүй хугацаанд ярилаа. Гэхдээ өнөөдрийн манай  хуулийн орчин, үүсээд байгаа асуудлуудаас харахад нааштай зүйл байна уу?

-Бид шинэтгэлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Шинэтгэл зөв хийгдвэл маш хэрэгтэй. Хуулийг шинэтгэхийн тулд  уг үндэстэй сайтар судалгаа хийх нь чухал. Энэ нь ямар төвшинд байгаа нь харин асуудал­тай. Хууль тогтоом­жийнхоо хэрэгжиж ирсэн байдлыг харж, хүний эрхийг хангасан шинэтгэ­лүүд хийх шаардлагатай. Харамсалтай нь зарим хууль нийгэмд байгаа чөлөөтэй харилцаануудыг хязгаарласан, зөвшөө­рөлжүүлсэн, төрийн бай­гууллага, албан тушаалт­ны оролцоог өсгөсөн нь харагдаж байна. 

-Хууль дотроо ч олон асуудал байгаа гэлцдэг шүү дээ. Тухайлбал, хэвлэлээр хамгийн их бичигдсэн жишээ бол гар утас хулгайлсан хүн 10 жилийн хорих  ял авсан байхад түүнээс илүү хохирол учруулсан этгээд ганц, хоёр жилийн ял аваад тэр нь өршөөлд хамрагдаад зүгээр гар­чихлаа гээд л шуугидаг?

-Эрүүгийн хуульд байгаа ял шийтгэл оноох тухай зохицуулалтууд ихээ­хэн шүүмжлэл да­гуул­даг. Түүнийг шинэ­чилье, шинэтгэе гэж  су­рал­цаж байгаа, ном үзэж байгаа оюутнаас эхлээд эрдэмтэн судлаа­чид хү­лээн зөвшөөрсөн. Нэгэнт ингэж  хэлж, яриад судал­гаа явагдаад байгаа учраас өнөөдөр шууд хийчихсэн зүйл байхгүй  ч  тухайн асуудлууд зал­руулагдаж,  зохицуулалт нь зөв гол­диролоо олно гэдэгт итгэж байна.

-Өмнөх парламентын үед  нэр бүхий гишүүд  Эрүүгийн төрөлжсөн хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ-ын чуул­ганы нэгдсэн хуралдаа­наар оруулж хэлэлцээгүй. Хуульч хүний хувьд анхаарч, ажиглаж байсан байх, энэ талаар та юу хэлэх вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд  зарчмын шинж чанартай  нэлээд өөрчлөлтүүд оруу­лах хэрэгтэй гэж эрдэмтэн судлаачид санал, бодлоо илэрхийлдэг. Би ч гэсэн хуульч хүний хувьд зөв зүйтэй гэдгийг  хүлээн зөвшөөрдөг. Эрүүгийн байцаан шийтгэх, Эрүү­гийн хуулийн хүрээнд зохицуулалт  хэрэгтэй. Тэгэхгүй бол нийгэм маань шоронжих гээд байна гэсэн судалгаа нэлээд гарсан шүү дээ. Түүнийг засч залруулахын тулд хуулиудыг шинэтгэх, хийсэн хэрэгт нь тохирсон ялыг өгдөг зохицуулалтыг оруулж, ялгаа заагийг нь гаргаж өгөх шаардлагатай.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *