З.Нарантуяа: Төр менежмент хийх гэж дайраад хэрэггүй

4-р сарын 18, 2017 9:33 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 15
4-18-1h

С.УЯНГА

АНын зарим удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Энэ үеэр УИХын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа

Төсвийн тодотголоор гурван төрлийн татвар ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Танай намын бүлэг татвар нэмэх хугацааг хойшлуулах санал гаргаж байсан. Ийм боломж одоо бий юу?

Төсвийн тодотголыг Засгийн газрын оруулж ирсэн хэлбэрээр баталлаа. Бидний зүгээс долоон төрлийн татварыг эсэргүүцэж, зарчмын зөрүүтэй санал гаргасан. Тухайлбал, цахилгаан хөдөлгүүртэй машины татварыг нэмэхийг эсэргүүцсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Татвар нэмснээс болж зах зээл дээр машины үнэ өслөө. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ болгон бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах эрсдлийг бий болгож ард түмний амьдралд хүнд цохилт өгч байна. Ер нь Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сөрөг хүчний дуу хоолойг  сонссонгүй. Эрх баригчид хүч түрж, хэт бардаж байна.   Долоон төрлийн татвар нэмэгдэх нь тодорхой боллоо. Гэвч  Засгийн газар хоёр зүйлийг анхаарч, иргэдээ бодоод эргэж хараасай гэж хүсч байна. Долоон төрлийн татварын гурав нь буюу хадгаламжийн хүүгээс татвар авах, хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг цахилгаан тэжээлтэй автомашин, импортын тамхины гаалийн албан татвар ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байгаа. Хугацаа өгөхгүйгээр ард иргэд аж ахуйн нэгжүүдийг  татвараар дарамталлаа. Жишээлбэл, татвар нэмнэ гэдгийг тооцоолохгүйгээр  автомашин ачуулсан иргэн, аж ахуйн нэгжүүд  маш их хохирол амсана. Үүнийг хэлэлцэж байх үед хугацааг ядаж ирэх аравдугаар сарын 1 болгож хойшлуулах санал оруулсан ч дэмжээгүй. Хэрэгжих хугацаагаа эргэж харахыг Засгийн газраас хүсч байна.

Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль баталсан. Төсвийн тодотголоор тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр энэ хугацааг хэрхэн тооцох вэ?

Тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмлээ. Малчдын насыг таван жилээр наашлуулах хуулийг батлаад удаагүй байна. Гэвч үе шаттайгаар нэмснээр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулаад ч буцаад анхныхаа хугацаан дээр очиж байна. Яг үүн шиг тодорхой хугацааны өмнө тэтгэвэрт гардаг хортой нөхцөлд ажилладаг хүмүүс буцаад хугацаандаа гарна. Иргэдийн амьжиргааны түвшинг дордуулсан хуулиудыг эргэж харж, хуучин хөнгөлөлттэй нөхцөлүүдийг яах вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай байна.

Дэлхийн улс орнуудад дундаж наслалт 75-аас дээш гарсан тохиолдолд тэтгэврийн насыг нэмэгдүүлдэг. Гэтэл монголчуудынх 65-67 байгаа нь хүний эрхийг зөрчсөн шийдвэр. Тэтгэврийн насыг  нэмэх тооцооллоо хангалтгүй хийсэн.

Хөрөнгө оруулалтын банкны хуулийг хэлэлцэхээр боллоо. Хуулийн төслийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцсэн үү?

Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөрөнгө оруулалтын банкны үзэл баримтлалын асуудал тусгагдсан байгаа. Бүлгийн хуралдаанаар өргөн баригдсан хуулийн төслийг хэлэлцсэн. Зарчмын хувьд үзэл баримтлалын тал дээр   нэлээд өөр байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол компани, хувь хүн, аж ахуйн нэгжүүд хөрөнгөө өсгөх, хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрээ олж хөгжихөд нь зөвлөгөө тусламж үзүүлэх мэргэжлийн байгууллагаТиймээс Хөрөнгө оруулалтын банкийг Монголын хувьд банкны бус хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд илүү голлох үүрэгтэй институци байх тэр олон улсын стандартынх нь дагуу хуулийн концевцыг боловсруулах дүгнэлтийг хийсэн. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт манай намын бүлгээс орж ажиллаж байгаа. Тиймээс цаашид энэ хууль Хөрөнгө оруулалтын банкаар дамжуулж гадны хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээл дээр хэрхэн татаж оруулах, дотоодын банкуудаа ямар бодлогоор хөрөнгө оруулалтын чиглэлийн үйл ажиллагаанд илүү өргөн хүрээтэй оролцуулах боломжийг бий болгох үүднээс хуулийн төслийг боловсруулж сайжруулна.

Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганаар Концессын хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр нэлээд хэдэн концессын гэрээ шинээр яригдсан мэдээлэл байна. Энэ талаар ямар мэдээлэлтэй байна вэ?

Төсвийн тодотгол яригдаж байх үед МАНын зарим гишүүдийн зүгээс Засгийн газар дээр УИХаар хэлэлцэж зөвшөөрөөгүй концессын гэрээнүүд байгуулагдсан байна гэсэн мэдээллийг гаргаж тавьсан. Бидэнд албан ёсоор ямар нэг тоо баримт ирээгүй. Гэхдээ долоон төрлийн концессын гэрээ байгуулсан. Нийт дүн нь нэлээд их буюу 700-800 тэрбум төгрөг гэдгийг Төсвийн байнгын хорооны гишүүд хэлж байсан.

МАН  өнгөрсөн дөрвөн жилийн турш концессыг эсэргүүцэж, хүчингүй болгоно гэж ярьдаг байсан. Гэтэл Засгийн газрын оруулж ирсэн шийдвэрээр  олон концессыг үргэлжлүүлэх тухай. Түүн дотроо Засгийн газрын гишүүдийнхээ нэгдмэл сонирхолтой компаниуд дээр байгаа концессыг санхүүжүүлэхээр олон төслийг  оруулж ирсэн. Хүүхдийн мөнгийг хасч байгаа хэрнээ хувийн компани руу цахилгааны шугам татах төсөл оруулж ирсэн. Үүнийг АНын бүлэг эсэргүүцэж, удаа дараа шаардлага хүргүүлсэн.

Монгол Улс валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Эхний ээлжийн мөнгө ямар нөхцөлтэйгөөр хэзээ орж ирэх бэ?

Ерөнхий сайдаас АНын бүлэг  мэдээллийг авсан. Нийт орж ирэх 5.5 тэрбум ам.долларын 2.5 орчмоор нь Хятадын своп хэлэлцээрийг сунгана гэж байгаа. 1.6 тэрбум ам.долларыг төсвийн алдагдлыг хаахад, үлдсэн 1.5 тэрбум ам.доллар нь бүтээн байгуулалтын төслүүдийг санхүүжүүлэх юм байна. Гэхдээ яг бэлэн байгаа ТЭЗҮ гарсан олон улсын санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрөх хэмжээний ямар төслүүд байгааг асуусан. Тодорхой зүйл байхгүй юм билээ. Цаашид АНын бүлэг, УИХын Зарлагын хяналтын дэд хороо орж ирэх гэж байгаа мөнгөний зарцуулалтад  хяналттай ажиллана.

Төрийн өмчит компаниуд болон дэд сайдуудын зардлыг танах асуудал яригдсан ч шийдэл олсонгүй. Үүн дээр  ямар байр суурьтай байгаа вэ?

Төрийн өмчийн компаниудын удирдлага менежмент ялангуяа Төлөөлөн удирдах зөвлөлийн урамшуулалтай холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Төр хувьчилж болох бүх эд хөрөнгөө хувьчилжчадахгүй байгаа менежментээ хийх гэж дайраад байх хэрэггүй. Хүн амын орлогын албан татвар болон бусад төрлийн татварыг нэмэхгүйгээр хэрэггүй төрийн өмчүүдээ  худалдахад хангалттай орлого олох байсанЭнэ Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа гэрэл гэгээтэй, ард түмэн сайнаар хүлээж авч байсан бодлого, төслүүдийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Дэд сайдаас эхлээд төрийн хэрэггүй орон тоо, хэмнэж болох зардлыг хасах шаардлагатай. Цаашид үрэлгэн байдлыг арилгаж төсвийн сахилга батыг сайжруулахад манай нам тууштай ажиллана. Энэ удаа валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж мөнгө авах туйлын зорилго байсан учраас хэмнэлтийн бодлого, төрийн өмчийн хөрөнгийг үр ашигтай байлгах тал дээр дутуу бодож хөнгөн шийдвэр гаргалаа. Харин мөнгө  орж ирсний дараа хөтөлбөр хэрэгжих явцад зарим шийдвэрээ засч залруулах байх гэж найдаж байна.

Бүлгийн хурлын үеэр цөөнгүй аймаг, сумдын Засаг даргыг батламжлахгүй байгааг хөндсөн гэсэн. Яг хэдэн аймаг, сум Засаг даргагүй байна вэ?

Олон аймаг сумын Засаг дарга нарыг эрх баригч нам батламжлахгүй байна. АНын ялсан аймаг, сумд батламжлагдахгүй. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Засаг даргыг батлахгүй байна. Аймгийн ИХын 33 суудлын 17-г АН орон нутгийн сонгуулийн үр дүнд авсан. Гэтэл МАНаас Засаг дарга томилогдчихсон. АТГ, Төрийн албаны зөвлөлөөс Засаг даргын томилгоо хууль бус гэсэн бичиг удаа дараа очсон байтал зөрчлийг арилгахгүй байна. Төрийн албаны тухай хуулиар гурван жилийн туршлагатай хүнийг төрийн албанд томилж болно гэсэн байдаг. АТГаас Сүхбаатарын Засаг дарга, БаянӨлгий  аймгийн тамгын газрын даргыг төрд ажиллах шаардлага хангаагүй гэж байхад арга хэмжээ авахгүй байна. Энэ мэт зүйл гаарлаа. Хэрэв АТГ, Төрийн албаны зөвлөл АТГын дүгнэлтийг эрх баригч хүчин хүлээн зөвшөөрөхгүй, хууль хэрэгжүүлэхгүй  бол улс төрийн акц хийнэ гэсэн зорилго төлөвлөгөөтэй байна. Бидэнд байгаа мэдээллээр 12 аймгийн 20 гаруй сумдын удирдлагуудыг томилоогүй байна.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *