З.Баянсэлэнгэ: Намын харъяаллаас нь болж бүртгэхгүй байгаа нь ард түмний сонголтоос айж байгаа хэрэг

11-р сарын 16, 2012 2:09 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 588

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хөвсгөл аймагт ажлаар яваад иржээ. Түүнтэй Хөвсгөл аймагт болоод байгаа нөхцөл байдлыг талаар ярилцлаа.

-Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооны шийдвэрийг эсэргүүцэн гурван хүн өлсгөлөн зарласан. Тус аймагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Би Хөвсгөл аймагт УИХ-ын даргын үүрэг даалгавараар орон нутгийн төсөв хэлэлцэх гэж байгаатай холбогдуулаад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаар иргэдээс санал хүсэлт авах, мөн Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо хууль зөрчиж байгаа асуудалтай танилцах төлөвлөгөөтэй яваад ирлээ. Явсан ажил бүтэмжтэй байлаа.Тэнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг бүртгээгүйн улмаас гурван хүн дөрвөн хоног өлсгөлөн зарлалаа. Тухайн аймгийн сонгуулийн хорооны удирдлагатай уулзаж асуудлыг тодруулсан. Мөн Засаг дарга Л.Цэрэнжавтай уулзах гэсэн боловч харамсалтай нь байгаагүй. Хөвсгөл аймгийн сонгуулийн хороо хэт улстөржиж байгаа нь надад тодорхой харагдлаа. Учир нь сонгуулийн хороо саналын хуудас ирэх хүртэл чимээгүй байсан хэрнээ хуудас ирмэгц давж заалдахаар болсон тухайгаа мэдэгдсэн. Энэ нь цаг хожиж, нам эвсэл, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байхаар шалтаг шалтгаан хайж байгаа үйлдэл боллоо гэж миний хувьд үзэж байна. Үүнийг эсэргүүцсэн иргэд өлсгөлөн зарлаж байгаа нь хүний эрүүл мэнд, амь настай холбоотой юм. Тиймээс би сонгуулийн хороонд санал хүсэлтээ илэрхийлсэн. Тиймээс тэд өлсгөлөн зарлаж байгаа хүмүүстэй зөвшилцөлд хүрч өчигдөр орой 20.00 цагийн үед өлсгөлөн зогссон.

-Өлсгөлөн зарласан хүмүүсийн биеийн байдал таныг очиход ямар байсан бэ?

-Өлсгөлөн зарлана гэдэг хүн бүхний хийж чадаад байх үйлдэл биш. Өлсгөлөн зарлаж байгаа хүмүүс Засаг даргын Тамгын газрын байрнаас 10 хүрэхгүй алхамын зайтай гэрээ барьсан байсан. Гэтэл Засаг даргын Тамгын газраас, сонгуулийн хорооноос тэдгээр хүмүүсийг биеийг асууж нэг ч удаа очоогүй байна лээ. Тэр хүмүүс юуны төлөө ингэж эрүүл мэндээ золиосолж байгаа юм бэ. Тэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгож байна шүү дээ.  Тэдэнд шударга ёсны төлөө тэмцэх өөр гарцаагүй арга олдсонгүй. Ингэж хүн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж шударга ёсны төлөө тэмцэж байхад Засаг дарга нь, сонгуулийн хорооныхон нь биеийг нь асуух нь битгий хэл  харин ч бүр элдэвээр доромжлон, заналхийлсэн байгаа юм. Би өөрөө тэмцэж, өлсгөлөн зарлаж явсан хүн. Тэд намайг явж очиход үнэхээр баярлаж байсан. Иргэд өөрсдийнхөө эдлэх эрхийн төлөө ингэж аргаа барж байгаад нь би үнэхээр харамсаж байна.

-Ганц Хөвсгөл аймагт биш нийслэлийн дүүргүүдэд ч мөн МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийг бүртгэхгүй байна. Үүнийг та юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ хууль зөрчсөн үйлдэл УИХ-ын сонгуулийн үеэр ч гарч байсан. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулж сонгуульд оролцсон. Энэ эвсэлд ард түмэн саналаа өгсөн. Бид шударга үнэний дуу хоолой болж ард түмэнд танигдсан. Тэгээд ч жирийн ардын хүүхдүүд парламентад орсон. Би гэхэд жирийн ардын хүүхэд өнөөдөр УИХ-ын гишүүн болоод сууж байна гэдэг нь ард түмний сонголт юм.

Гэтэл ард түмний сонголтоос айсан хүмүүс өнгөрсөн УИХ-ын Сонгуулийн үеэр ч мөн ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсан. Өмнөх сонгуульд “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Н.Энхбаяр даргаас эхлээд З.Ойдов, Авирмэд, Э.Батшугар нарын нэрийг сонгуулийн хороо шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад жагсаалтаас хассан. Гэтэл одоо орон нутгийн сонгуулиар намын нэр болон нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа нь энэ тоглоомоороо гаршсан гэдэг нь харагдаж байна. Зөвхөн Хөвсгөл ч биш Дорнод, Говь-Алтай аймаг, нийслэлийн Сүхбаатар, Налайх дүүрэгт бүртгэхгүй байгаа нь ард түмний сонголтоос айж байна гэж би үзэж байна. Сүүлийн олон жил бид нэг намын харъяанд байсан. Тэгэхээр нэг намд үйлчилдэг, хэт их улстөрждөг, хэлмэгдүүлдэг энэ үйлдлийг таслан зогсоох цаг болсон. Тиймээс нийт ард түмэндээ өөрсдийн төлөөлөл дундаасаа, та бүхний хүсэл зоригийг хангаж чадах, та нарын төлөө дуугарч чадах жирийн иргэн, аавын хүү, ээжийн охиныг сонгоорой гэж хэлэх байна.

-МАН сонгуулийн тухай хуулийг зөрчиж өрсөлдөгч намыг гүтгэн доромжилж байна гэсэн мэдээлэл гарсан байсан?

-МАН-аас иргэдэд хандан захидал өгсөн байна лээ. Намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нараас өгсөн энэхүү захидалаас ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн оролдлого харагдаж байна. Тухайлбал захианд “Шударга ёс эвслээс гарсан гишүүд манай намын хуучин нэрийг ашиглаж гарч ирсэн, Н.Энхбаярын нэрийг барьж төрд орсон, сайн нэрийг 100 дахин ашиглаж идэж байгааг нь ичгүүртэй хэрэг” гэсэн утга бүхий мөрүүд байгаа юм. Ер нь ардчилсан нийгэмд сонгуулийг шударга явуулж, өрсөлдөгч намаа гүтгэн доромжлохгүйгээр шударгаар өрсөлдөх хэрэгтэй. Гэтэл МАН-ынхан “Шударга ёс” эвслээс гарч ирсэн УИХ-ын гишүүдийг илтэд доромжилсон үйлдлийг захиандаа гаргасан байна. Энэ бүхнээс харахад энэ олон намын дунд иргэд маань хөөрхийлөлтэй байдалд орох нь гэж би үзэж байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *