З.Батбаяр: Сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэдийн эрх ашгийг түлхүү тусгана

1-р сарын 21, 2015 8:56 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 455
МАХН-аас 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд баримтлах мөрийн хөтөлбөртөө оруулах саналуудыг иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэг хийхээр болсон байна.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

МАХН-аас 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд баримтлах мөрийн хөтөлбөртөө оруулах саналуудыг иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяраас тодрууллаа.

 

-Танай намаас ирэх сонгуулиудад оролцох мөрийн хөтөлбөрийн бэлт­гэл ажлаа эхэлжээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай намын дэргэд Сургалт, судалгааны алба ажилладаг. Судалгааны алба өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэд хэдэн судалгаа хийж, судалгааны дүнд үндэслээд тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байна. Дэвшүүлсэн асуудлуудаа олон нийтэд танилцуулж гишүүд, дэмжигчид, ард иргэдийн дунд хэлэлцүүлэг хийнэ. Иргэдийн дэмжиж буй саналуудыг үндэслээд үндсэн мөрийн хөтөлбөрийн санаа гарч ирэх юм. Мөрийн хөтөлбөр олон талын үйл ажиллагааг хамрах учиртай. Энэ удаад бид иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг тавьж байна. МАХН социаль демократ үзэл баримтлалтай буюу зүүний чиглэлийн нам. Энэ утгаараа өнөөгийн Засгийн газарт голлох байр суурийг эзэлж байгаа АН-ын баримталж буй эдийн засгийн бодлогын талаар арай сөрөг байр суурьтай байдаг. Адилхан зүүний чиглэлийн мөртлөө МАН-ын Засгийн газарт орсон гишүүдийнх нь явуулж буй эдийн засгийн шинжтэй үзэл баримтлал, хямралаас гарах арга замуудын талаар өөр байр суурьтай байдаг.

-Мөрийн хөтөлбөртөө оруулах ямар саналууд байгаа вэ?

-Засгийн газраас эдийн засгийн чиг­лэлээр явуулж буй үйл ажиллагааны үнд­сэн зорилт нь иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой байх ёстой. Тиймээс бид таван асуудлыг танилцууж байна. Эхний ээлжинд малчдад төрөөс цалин олгодог болъё. Манай улс 51 сая малтай, 145 мянган малчин өрхтэй. Малчин өрх бүрт сарын 350-700 мянган төгрөгийн цалин олгох санал байна. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл сард дунджаар 100 тэрбум төгрөгийн зардал гарна. Малчдад цалин олгосноор малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Хүн амын төвлөрөл багасах боломжтой. Мөн малаас гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнийн дээд хязгаарыг тогтоох боломж бий. Үүгээр дамжуулан махны үнийн дээд хязгаарыг 5000 төгрөгөөр тогтооё гэсэн саналыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүллээ. Зөвхөн мах биш малын гаралтай бүх хүнсний бүтээгдэхүүн юм. Манай хот суурин газарт амьдарч байгаа хүний тоо хоёр саяд дөхөж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 70  хувь, хот суурийн газрын 80-90 хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэх, худалдан авах чадварыг сайжруулах зорилгоор тэдэнд авч байгаа цалин дээр нь гэр хорооллын нэмэгдэл буюу 15 хувийн нэмэгдэл өгөх, төрийн бус байгууллагуудыг дэмжих санал байгаа. Сүүлийн таван жилийн дунджаар 4500-5000 орчим байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага байна. Эдгээр байгууллагын санхүүжилтийг Хүн амын орлогын албан татварын нэг хувийг тухайн хүн өөрөө шийдээд төрийн бус байгууллагад өгдөг болъё гэсэн санал дэвшүүлж байгаа. Улсын хэмжээнд 6.1 их наяд төгрөгийг татварын орлогоос бүрдүүлдэг. Үүнээс нэг их наяд төгрөг нь Хүн амын орлогын албан татвараар бүрдэж байна. Нэг их наяд төгрөгийн нэг хувь гэхээр нэг тэрбум төгрөг. Энэ нэг тэрбум төгрөгийг тухайн иргэний өөрийнх нь саналаар хуваарилж чадах юм бол төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа төрийн байгууллагын үйл ажиллагааг магтах биш харин иргэдийнхээ эрх ашгийн төлөө чиглэх боломжтой болно. Дашрамд хэлэхэд Польш, Унгар, Чех зэрэг улсад Хүн амын орлогын албан татварын нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг төрийн бус бай­гуул­лагуудад өгдөг жишиг амжилттай хэрэгжсэн.

-Ингэснээр иргэдэд их хэмжээний татварын дарамт ирэхгүй юү?

-Бид татварын өсөн нэмэгдэх шатлалд шилжих саналыг оруулж байгаа. Татварын хэмжээ тав, 10, 15 хувь гэсэн гурван шатлалтай байя. Нэг тэрбум төгрөгийн орлоготой компаниуд таван хувийн татвар төлдөг. Нэгээс таван тэрбум төгрөгийн орлоготой бол 15 хувь, таван тэрбумаас дээш 30 хувийн татвар төлье гэж байгаа. Одоогийн байдлаар 113 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний 47 хувь нь буюу 53 мянган компани нийт татварын орлогын дөнгөж долоон хувийг төлж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн их орлого олж байна, тэр хэмжээгээр орлого төлдөг систем рүү шилжие. Дараа нь хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээний асуудал бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо гурван талт хэлэлцээрээр шийдэж байна. Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар. Үүнд бид эсрэг байр суурьтай байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар дангаараа шийддэг байх санал оруулж байна. Учир нь Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо ажилчид, хөдөлмөрчдийг бүрэн төлөөлж чаддаггүй. Харин Засгийн газар дангаараа шийдэхдээ хөдөлмөрийн хөлсийг тооцох аргачлалд өөрчлөлт оруулах ёстой. Ингэхдээ цагаар тооцох нь зүйтэй. Одоогоор сараар тооцож байна. Тиймээс цагийн хөлс нь 2000-3000 төгрөг байя. Энэ хэмжээгээр тооцвол сарынх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320-480 мянган төгрөг болно. Үүнтэй холбоотой нэг жишээ хэлье. Европын холбооны улсад хамгийн өндөр цагийн хөлстэй улс бол Швейцарь. Тэнд нэг цагийн хөлс нь 11 евро. Харин Европын холбооны улсад хамгийн бага хөдөлмөрийн хөлсний хэмжээтэй улс нь Болгар байдаг. Хэмжээ нь 1.2 евро. Энэ жишгээр нэгээс хоёр евро болгоё гэсэн.

-Танай намд үүнээс өөр санал бий юү?

-Энэ удаа таван саналыг дэвшүүлж байна. Гарсан сануулаадаа ард иргэдийнхээ дунд хэлэлцүүлнэ. Ирэх сард дараагийн таван саналыг танилцуулна. Хэлэлцүүлгийнхээ үр дүнд үндэслээд МАХН-аас 2016 оны бүх шатны сонгуулиудад оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн санаанууд бэлэн болно.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *