З.Батбаяр: АТГ тайлбар хийхгүй байгаа нь хууль зөрчиж байна

11-р сарын 11, 2015 8:33 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 226
11-11-1d

С.УЯНГА

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГаас баривчлаад долоо хонож байгаа ч тус байгууллагаас албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Үүнтэй холбогдуулан МАХНын Гадаад харилцаа, сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяртай ярилцлаа.

Г.Шийлэгдамбыг баривчилснаас хойш хамгийн сүүлийн үеийн мэдээлэл юу байна вэ?

Сүүлийн үеийн байтугай анхнаасаа энэ баривчилгаатай холбоотой үйл явц их ойлгомжгүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд, тэр дундаа Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн тухай конвенциудад маш тодорхой заасан.

Тэр нь юу юм гэхээр иргэн хүнийг баривчилж байгаа бол ямар хэрэгт сэжиглэж, яагаад баривчилж байгаагаа тухайн хүнд болоод, өмгөөлөгч, ойр дотнынхонд нь мэдэгдэх үүрэгтэй. Энэ бол төрийн байгууллагуудын хамгийн эхний үүрэг. Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан хэзээ ч зөрчиж болохгүй эрхүүд байна. Тухайлбал, өөрийгөө хамгаалах буюу өмгөөлүүлэх эрхээр хангаж өгөх ёстой. Гуравдугаарт, тухайн хүн ямар эрхтэй юм бэ гэдгийг сануулж, хэлж байх ёстой. Хамгийн наад зах нь өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг сануулах ёстой. Дөрөв дэх нэг чухал зүйл бол  шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарахаас нааш хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэж болохгүй гэсэн эрхзүйн үндсэн зарчмууд бий. Эрхзүйн зарчим гэдэг бол хуулиасаа илүү хүчтэй. Бүх хуулийн заалтууд эдгээр зарчимд нийцэж байх ёстой.

Гэтэл  баривчилснаас хойш одоог хүртэл ямар учраас баривчлах болсон гэдэг нь албан ёсны байдлаар тодроогүй байна. Мөн дээр дурдсан эрхүүдийг хангаж өгсөн эсэх нь тодорхойгүй. Баривчилгааг зохион байгуулсан гэж яригдаад байгаа АТГаас албан ёсны мэдээлэл өгөхгүй байна.

Намынх нь зүгээс ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

МАХН анхнаасаа улс төрийн зорилготой байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байсан. Зургаа хоногийн дараа таамаглал маань батлагдаж эхэлж байна. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд АТГаас албан ёсны мэдээлэл өгсөнгүй.Бид иргэн Г.Шийлэгдамбыг ямар шүүхийн шийдвэрийн дагуу, ямар хэрэгт сэ­жиг­лэсэн юм, баривчлах үед Үндсэн хуульд заасан хүний эрх болон олон улсын түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийг баталгаажуулсан юм уу, үгүй юу. Баривчилснаас хойш тэр хүний эрхийн асуудал хуулийн хүрээнд баталгаажиж байгаа эсэхийг л мэдэхийг хүсч байна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль ерөөсөө л хүний эрхийг хамгаалахын төлөө байдаг.

Бидэнд байгаа мэдээл­лээр бол Г.Шийлэгдамба өмгөөлөгч авсан. Өмгөө­лөгчөөрөө дамжуулж хүсэлт гаргасан. Засгийн газрын гишүүн болон, МАХНын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Үүнийг залуу хүн, мөн өөрийгөө гэм буруугүй гэдэгт итгэлтэй байгаа хүний маш том соёл гэж харж байгаа. Өмнө нь иймэрхүү хэрэгт холбогдсон хү­мүүс харин ч эрх мэдлээ­­рээ далайлгаж, хэр­­гийг хэрэгсэхгүй бол­­годог байсан бол Г.Шийлэг­дамба эрх мэдлээ­сээ татгалзаж байгаад өөрийнхөө гэм буруугүйг нотолно гэдгээ илэрхийллээ.

Г.Шийлэгдамбаас мэдүү­лэг авсан болов уу. Намынх нь зүгээс өмгөөлөгч­тэй нь зөвлөсөн зүйл бий юу?

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ хориход ч гэсэн учир шалтгаан байдаг. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хорихын тулд тухайн гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг устгах, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад хийх, аль эсвэл оргон зайлах гэсэн шалтгаануудаар хорьдог. Гэтэл ямар гэмт хэрэг хийсэн нь тодорхойгүй учраас хорих үндэслэл байна уу, үгүй юу гэдэг дээр эргэлзэж байна. Албан тушаалаа өгсөн хүн мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад болохгүй. Анхнаасаа энэ хэрэг МАНАН дунд байна. Ямар хэрэгт сэжиглэгдэж байгаа, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа яаж явагдаж байгааг өөрөө болоод ойр дотных нь хүмүүс мэдэж байх эрхтэй. Энэ эрхийг улс төрийн намын хувьд, ойр дотных нь хүмүүсийн хувьд ч хааж боогдуулж байна. Дэлхий дахинд Засгийн газрын гишүүн байтугай жирийн иргэнийг баривчилсан  ч холбогдох хүмүүст нь мэдээлэл өгдөг. Албан ёсны мэдээлэл өгөхгүй байгаа учраас хэвлэл мэдээлэл, нийгэм даяар таавар, таамаглал яваад байна. Тэр хэрээрээ төрийн байгууллагуудын өөрсдийнх нь нэр хүнд унаж байна. Мэдүүлэг авсан эсэх талаар мэдээлэл алга. Батлан даалтад гаргах ч гэдэг юмуу ямар нэг боломжуудыг хайхын тулд заавал албан ёсны мэдээлэл шаардлагатай.

Засгийн газрын гишүүнийг баривчлан хорих талаар хуулийн ямар заалт байдаг юм бол?

Монгол Улсын Засгийн газрын хуулийн 25 дугаар зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрх гэсэн хоёр заалт бий. Тэр хоёр заалтынх нь нэг Засгийн газрын гишүүний бүрэн эрх халдашгүй дархан байдлыг нь ярих юм бол гэмт хэргийн нотлох баримттайгаар баривчлах заалт бий. Хэрэв энэ заалтыг ашиглаж Ерөнхий сайдад баривчилгааны дараа мэдэгдсэн юм бол яагаад албан ёсны тайлбарыг одоо хүртэл хийхгүй байгаа юм бол. Тайлбар хийсэн бол бид хуульзүй болон ёс суртахуун улстөрийн хувьд маргаан үүсгэж болох байсан. Гэтэл тайлбар хийхгүй байгаа нь хууль зөрчижүүргээ биелүүлэхгүй байна. Мөн маргаан үүсгэх боломжгүй болгож, олон нийтийн таавраар явуулж байна.
Баривчилгаа болж байх үед Г.Шийлэгдамба сайд баасан гаригийн УИХаар хэлэлцэх Шилэн дансны мэдээллийн талаар яамныхаа газрын дарга нартай уулзалт хийж байсан гэсэн мэдээлэл байна. Тэр үед нь АТГ дайрч орсон гэсэн. Уулзалт хийж байгаа хүн гэмт хэрэг үйлдэж байж болох уу. Тэгэхээр хуулийн заалт зөрчилдөж байгаа гэсэн үг. Баривчилгаа ч хууль бус болж байна гэж бид үзэж байгаа. АТГ үгүйсгэж  мэдээлэл өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байдлыг үүсгээд байна. Тиймээс би ярианыхаа эхэнд шинэ хуучин мэдээлэл гэж байхгүй гээд байгаа нь энэ.

Их хэмжээний мөнгөний дүнтэй авлига авч байсан учраас хойш­луулшгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн мэдээлэл байгаа

Яригдаад байгаа тоонуудыг нь харахаар их сонин. 500 сая ам.доллар гэвэл Монгол Улсын эдийн засгийг нэг өдрийн дотор сайжруулах, эсвэл муужруулах хэмжээний мөнгөн дүн. Хамгийн том дэвсгэрт нь зуутын доллар гээд бодохоор нэг цүнх байтугай, нэг өрөөнд багтдаг эсэхийг би мэдэхгүй байна. Эсвэл 500 сая төгрөг  гээд бодоход лав мань шиг амьтан өргөж даахгүй байх. Албан ёсны мэдээлэл байхгүйгээс шалтгаалаад нэр хүнд нь өсөөд байгаа МАХНын эрч хүчийг сааруулахын тулд захиалгатай улс төрийн явуулга гэж харж байна. Баривчилгаа болохоос өмнөх өдрүүдэд УИХыг огцруулах санал гаргасан, МАХН, МАНын ахмадууд нэгдэж сонгуульд орох өргөх бичиг барьсан.

Та бүхний үзэж буйгаар хилс хэрэг гэдэг нь нотлогдвол хохирлыг хэрхэх талаар эрхзүйн ямар практик байдаг юм бол?

Ямар хохиролтой нь ойлгомжтой. Тэр хохирлыг төр нөхөн төлөх үүрэгтэй. Эрхүйн практикт 2-3 удаа цаазаар авах ял сонсоод 20 жил шоронд суугаад оноосон ял нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон хүн байдаг. Тэр хүнд  төр мөнгө төлж байсан. МАХН хэлмэгдүүлэлт боллоо гэж яриад байгаагийн учир энэ. Хэлмэгдүүлэлтийн дараа төр хохирдог. Дээр нь нийгмийг айдаст автуулж, хатуу ширүүн болгож байна. 1937 он эргээд ирж байгаа юм шиг.

Цаашид энэ барив­чилгаатай холбоотойгоор  МАХН ямар үйл ажиллагаа явуулах вэ?

Бид зүсээ хувиргаж гарч ирж байгаа улстөрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө тэмцэнэ. Тэгэхийн тулд улстөрийн тэмцэл, арга хэлбэрүүдээ өргөн хүрээнд явуулна. Ард түмний хүчээр сонгуулийн  хувьсгал хийнэ. Ингэхийн тулд МАХН үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, МАНАНгийн үнэн төрхийг илчилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2015 оны 11-р сарын 11

evii dee

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *