Юрген Рихт: Халдварт өвчин сэргэж байгаа нь байгаль орчны өөрчлөлттэй холбоотой

9-р сарын 13, 2012 9:30 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Эрүүл мэнд Уншсан: 273

Р.ОЮУН

 

“Шинэ болон сэргэж буй халдварт өвчин” олон улсын эрдэм шин­жилгээний  дөрөв дэх симпозиум Нийслэлд болж өнгөрлөө. Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчин, байгаль цаг уурын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, нийгэм эдийн засгийн хөгжил, ху­далдаа, аялал жуулчлал нэмэгдсэнээс шинэ халд­варт өвчин тархаж байгаа. Үүнээс болж хүний эрүүл мэнд, дэлхийн эдийн засагт хохирол учирч, хүн, мал, амьтны халдварт өвчин үүсгэгч нэг төрөл зүйлээс нөгөө рүү хувьсан өөрчлөгдөх, дамжин тархахад нөлөөлж байна. Энэ талаар АНУ-ын Канза­сийн их сургуулийн профессор Юрген Рихттэй ярилцлаа.

 

-Дэлхий нийтэд өнөөдөр дахин сэргэж байгаа ямар халдварт өвчнүүд байна. Мөн шинээр гарч байгаа халдварт өвчний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Олон халдварт өвчнийг дурдаж болно. Тухайлбал, бруцеллёз, сүрьеэ, эпологийн халдвар дахин сэргэж олон хүнийг хамруулж байна. Саяхан хөгжингүй орнуудад бас өөр төрлийн, тухайн бак­терийн савханцраас үүсгэгд­сэн халдвар Германд гарсан гэсэн мэдээлэл бий. Дахин сэргэж байгаагийн гол шалт­гаан нь антибиотикт тэсвэртэй байдал үүсч байна. Дээрээс нь хүнсний бүтээгдэхүүний үйлд­вэрлэл өөрчлөгдсөн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээлтийн шинэ технологи нөлөөлж байна. Мөн вакцин тодорхой хэмжээгээр дахин сэргэхэд нөлөөлдөг. Тухайн өвчлөл дахин сэргэж байгаа нь арай өөр хэлбэр төрөл гээд явчихдаг.

-Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчин гарах болсон шалтгаан юу вэ. Дэлхий нийтээр яаж анхаарч байна вэ?

-Шинэ болон сэргэж байгаа халдварт өвчин дэлхий дээр сүүлийн 10-20 жилийн хугацаанд нэлээд асуудал үүсгэж байна. Тухайлбал, 2003 онд дэгдсэн сарс буюу амьс­галын замын өвчин байгаа. Бид энэ аюултай өвчнийг эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаагаар дэгдэл­тийг амжилттай хянаж чадсан. Дараагийн нэг том халдварт өвчний нэг бол саяхан гарсан цар тахлын H1N1-ийн халдвар. Бидний урьдчилан таамаглаж байснаас харь­цангуй аюул багатай, хоруу чанарын хувьд гайгүй байсан. Нас баралтыг нэлээн өндөр гарах байх гэж бодож байсан. Бас нэг жишээ хэлэхэд шувууны томуу. Шувууны томуу шувуунд байдаг. Тэгээд шувуунаас хүнд халдварладаг өвчин. Харин хүнээс хүнд халдварлах байдал нь түгээмэл биш. Энэ мэтчилэн сэргэж байгаа халдваруудыг нэрлэж болно. Дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдийн асуудал нийгэмд эдийн засгийн хувьд муу үр дагавар учруулдаг.

-Халдварт өвчин дахин сэргэхэд юу их нөлөөлж байна?

-Гол шалтгаан нь нэг­дүгээрт, дэлхий нийтийн байгаль орчны өөрчлөлттэй холбоотой. Хоёрдугаарт, хүн­дээр өвчлөл үүсгэдэг. Гэхдээ хүндээр өвчлүүлэхгүй хэсэг хугацаанд амьтныг өвчлүүлж байгаа байдал нь эргээд байгаль орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хүнд халдварладаг. Дараагийн нэг шалтгаан нь хүмүүс өөрсдөө дархлалтай байдаг. Гэхдээ одоо дэлхий нийтийн хүмүүсийн хөгжилтэй холбоотойгоор их стрессийн байдалтай амьдарч байна. Энэ нь хүний дархлааг  их унагадаг. Тиймээс эргээд амьтан дээр гарсан халдвар нь эргэж хүн дээр гарах нөхцөл бүрддэг.

-Энэ халдварт өвчнүүд аль оронд илүү гарч байна вэ?

-Дахин сэргэж байгаа халд­варт өвчний хамгийн халуун цөм гэж хэлж болох газар нь Зүүн өмнөд Ази. Яагаад ийм байна гэхээр дахин сэргэж байгаа халдварт өвчин бас мал, амьтнаас хүнд халдварлаж байгаа. Зүүн өмнөд Азийн хувьд хүн амын нягтаршил, суурьшил их байдаг. Мал, амьтан аж ахуйн хоорондоо нягт байх нь халдвар гарах нөхцөл болж өгдөг. Монголын хувьд мэдээж мал аж ахуйн орон. Мал, амьтантай ойр байх нөхцөл нь бүрдсэн байдаг учраас халдварт өвчний асуудал Монголд ч гэсэн яригдах ёстой.

-Халдварт өвчнөөр жилд хэчнээн хүн нас барж байна?

-Шинэ болон дахин сэргэж байгаа өвчний нас баралтыг тэд гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл өвчин бүр өөр байдаг. Африкт эбологийн халдвар гэж бий. Энэ халдварыг авсан хүний 90 хувь нь нас барж байна. Зарим дахин сэргэж байгаа халдварт өвчин олон хүнийг хамруулж өвчилдөг ч гэсэн хөнгөн хэлбэрээр илрээд нас баралт нь бага байдаг. Тиймээс тухайн халдварт өвчин өвчлөлөөсөө хамаараад нас баралт нь тодорхойлогддог.

-Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд танай оронд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-АНУ-д өвчний хяналт, сэргийлэлтийн төв гэж байдаг. Энэ нь бүх халдварт болон халдварт бус өвчний асуудлыг хариуцдаг. Үүнд ард иргэдийн нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоход хамруулаад явдаг. Урьдчилан сэргийлэх төвд саяхан мал, амьтнаас хүнд халдварладаг зооноз өвчний нэг тэнхим байгуулагдсан. Шинэ болон дахин сэргэж байгаа халдварт өвчний хүрээнд ард иргэдийн дунд явуулдаг эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагааг тэр төвийнхөн зохион байгуулдаг. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар вэб сайтаараа түлхүү мэдээлдэг.

-Халдварт өвчнийг оношлохдоо ямар багаж, тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Дахин сэргэж байгаа халд­варт өвчний хувьд ихэвчлэн өмнө нь хэрэглэж байсан оношлогооны аргыг хэрэглэж байгаа. Ерөнхийдөө молекул, биологийн аргаар оношлодог байсан. Харин шинээр гарч ирж байгаа халдварт өвчний хувьд лаборатори, оношлогоо, лабораторигүйгээр илрүүлэх амаргүй. Сүүлийн үед тухайн үүсгэгчийнхээ ДНК-гийн дарааллыг нь авч үзнэ. Тухайлбал, хүнд 26 хромсом дараалан байдаг гэвэл дарааллыг нь үздэг шин­жилгээ хийдэг. Тэгээд мэ­дэгдэхгүй байгаа шинэ халд­варт өвчнийг олон дахин шин­жилгээ хийж байж тэрнээс нэгийг нь авч шинэ халдварт өвчин байна гэдгийг нь оношлож болно. Технологоийн дэвшил харь­цангуй шинэ гарч байгаа халдваруудыг оношлох боломжтой.

-Тулгамдаж байгаа бэрхшээл юу байна?

-Хамгийн анхан шатны хийх ёстой зүйл юу вэ гэхээр нэгдүгээрт, тухайн халдварт өвчний тархвар судлал болон тандалтыг заавал хийх хэрэгтэй. Ер нь ямар өвчин шинээр гарч ирж байна вэ гэдгийг тархвар судлалын хувьд хамгийн түрүүнд баталгаажуулж олж авдаг. Тэгээд барьж авсан юм аа үнэхээр энэ шинэ халдвар байна уу, эсвэл хуучин байгаад дахин сэргэсэн үү гэдгийг лабораториор баталгаажуул­даг. Хэрэв шинэ халдвар байгаа тохиолдолд дараагийн үеийн биологийн дарааллыг үздэг тийм лабораторийн шинжилгээгээр оношлож баталгаажуулна. Ямар нэг юм илэрлээ гэхэд бид заавал салбарын болон оролцогч бүх байгууллагад мэдэгдэж аюулгүй байдлыг хангах ёстой. Мэдээж хамтран ажиллах салбар байгууллагууддаа мэдэгдэхээс гадна олон нийтэд энэ халдварыг бууруулах талаар арга хэмжээ авна. Шинэ халдвар байвал үүний эсрэг вакцин гаргаж авахаас гадна боловсрол олгох бусад хөтөлбөр явагдана. Саяын хурлаар ч гэсэн дурдагдаж байсан. Эмнэлгийн эмч, ажилчдын дунд сүрьеэгийн өвчлөлийг бууруулах судалгаа хийхэд тэдний 50 хувь нь халдвар авсан байна. Тэгэхээр энд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, ВЦЖ вакциныг хүн болгон төрснийхөө дараа хийлгэдэг. Энэ вакцин дахин сэргэж байгаа болон шинэ үүсгэгдэж байгаа тэсвэртэй нянгийн эсрэг ямар ч өөрчлөлт байхгүй байна. Үүнд л асуудал үүсч байна даа.

-Хараад байхад халдварт өвчнөөр бага насны болон ахимаг насныхан өртөж байна?

-Ерөнхийдөө бага насны хүүхдүүд их өртдөг. Учир нь дархлаа нь том хүн шиг гүйцэт тогтоогүй байдагтай холбоотой. Нас ахих тусам хүний дархлаа сулардаг учраас халдварт өвчинд амархан өртдөг.  

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 12

Nolvadex Dosage For Epistane [url=http://cialiviag.com]cialis[/url] Finasteride 10mg Amoxicillin And Cats

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *