Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэхийг дэмжив

11-р сарын 30, 2015 9:36 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 39
11-30-1

Д.ЦЭЦЭГ

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Гаалийн тариф болон холбогдох хуулиудад нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 70.5 хувь нь дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Харин Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой гишүүд эсрэг, тэсрэг байр суурийг илэрхийлж байв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 30 гаруй гишүүн санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төсөлд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай асуудлыг тусгаснаас гадна цагаатгах асуудал ч багтаж байгаа. Тодруулбал, Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөх Мөн түүний нэр төрийг сэргээж, цагаатгах ажлыг зохион байгуулахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төр нийгмийг удирдах хугацаанд магтах зүйл байсан ч ажлаа өгсний дараа гүтгэх, хэлмэгдүүлэх юм явсан. Улстөржилт орсон, одоо бол бодитой үнэлгээ дүгнэлт өгөх цаг болсон. Тусгаар тогтнол үнэ цэнэтэй олддог” гэсэн тайлбарыг хэлэв. Санал хураалт явуулж, Ю.Цэдэнбалын 100 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

Мөн өдрийн үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуултын хариутай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид танилцуулга хийв. Салбарын сайд яг одоо ямар нөхцөлтэй байгаа талаар сүүлийн үеийн мэдээллийг өгсөн юм. Ингэхдээ тэрээр “Газрын тосны газар болон Хятадын газрын тосны үндэсний корпорацийн хооронд 2014 оны наймдугаар сарын 21-нд байгуулсан Газрын тосны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Газрын тосны газрын даргын 2014 оны  аравдугаар сарын 1-ний 186 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Ажлын хэсгийн удирдамжид Тамсагийн төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох асуудлууд багтсан. Мөн ажлын хэсэг Хятадын газрын тосны үндэсний корпорацийн төлөөлөлтэй гурван удаа уулзалт хэлэлцээр зохион байгуулаад байгаа. Харин Хятадын газрын тосны үндэсний корпорацийн зүгээс Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний одоогийн нөхцөлүүдийг тогтворжуулах талаар хатуу байр суурь илэрхийлсээр байгаа” гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *