Ё.Отгонбаяр: Дахиад фракцийнхаа наймааг хийгээд эхэлбэл Сайханхуяг л болно шүү

11-р сарын 24, 2014 10:15 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 1329
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа. Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг МАН-ын зүгээс дэмжихгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Харин хувь улстөрч, гишүүний хувьд ямар байр суурьтай байгаа талаар түүнтэй ярилцсан юм.

 

-МАН-ын гишүүд  Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Ч.Сайханбилэгийн томил­­гоог ийм байдлаар эсэргүү­цэх ямар шалтгаан байв?

-МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэж үзсэн. Нэгэнт Удирдах зөвлөлийн улстөрийн шийдэл гарсан учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох шаардлагагүй. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцоогүй шалтгаан нь ч мөн адил.

Мэдээж ингэж үзэж байгаад тодорхой шалтгаан бий. Өөрөөр хэлбэл, өнөөдөр улс орны эдийн засгийг ийм хямралт байдалд хүргэсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй Ч.Сайханбилэг. Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүн шүү дээ. Тэгэхээр хямралт байдлыг үүсгэхэд гар бие оролцсон хүнийг Ерөнхий сайдад хэр дэвшүүлснийг дэмжих боломжгүй гэж үзсэн.

-Хэдийгээр МАН эсэргүүцсэн ч олонхийн саналаар Ерөнхий сайд томилогдлоо. Шинэ Ерөнхий сайд чуулган дээр ойрын хугацаанд яаж ажиллах бодлогоо зарласныг та юу гэж хүлээж авав?

-Олонхийг бүрдүүлж байгаа нам, эвслийн гишүүд дэмжээд Ерөнхий сайдаар томилчихлоо. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлсэн үг нь надад харьцангуй таалагдсан гэж хэлж болно. Хэд хэдэн асуудлыг шийдээд явъя гэсэн бодолтойгоор үг хэлнэ лээ. Хэрэв хэлсэн үгэндээ хүрээд үйл хөдөлгөөн нь зөв байвал бид мэдээж дэмжиж ажиллана. Харин эдийн засгийн өмнөх алдаатай бодлого үргэлжлэх юм бол дахиад л хариуцлагын асуудлыг тавих болно.

-Энэ Засгийн газар  эдийн засгийн зөв шийдлүүд гаргах хэрэгтэй гэж олон хүн хэлж захиж байна. Тэгэхээр ямар шинэчлэл хийнэ гэж та харж байна?

-Нэгдүгээрт, эдийн засаг хэмнэлтийн горимд шилжих ёстой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр төсөв хэлэлцэх үеэр миний бие хэд хэдэн санал хэлсэн. Ингэхдээ хоёр жил дараалан зургаан их наяд төгрөгийн төсвийн орлого оллоо. Ингээд орлогоо долоон их наядаар төлөвлөж орж ирсэн. Гэвч зарлага нь түүнийгээ дагаад мөн адил дүнтэй болоод байх юм. Тиймээс ирэх оны төсвийн орлогоос дор хаяж нэг их наяд төгрөг хасах хэрэгтэй. Нэгэнт эдийн засаг хямарч байгаа бол төр бүсээ эхлээд чангалах хэрэгтэй гэж хэлж байсан. Манай намын бүлгийн хурал дээр нэр дэвшигч Ч.Сайханбилэг оролцохдоо төсвийн зарлагыг нэг их наядаар танана гэж хэлсэн. Энэ нь зөв бодлого гэж харж байгаа. Ерөөсөө төр өөрөөсөө л эхлэх ёстой. Хоёрдугаарт, гацаанд орсон “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг том төслүүдийг хөдөлгөөнд оруулна гэсэн нь зөв санал гэж хувьдаа харж байгаа. Энэ төслүүдийг л хөдөлгөхгүй бол эдийн засаг цаашид сайжрахгүй. Мэдээж ойлгомжтой асуудал шүү дээ. Тиймээс энэ мэт зүйлийг дэмжиж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай аль хэдийнэ яриад эхэлсэн. Ардчилсан нам ҮЗХ-ноосоо гаргасан шийдвэрийн дагуу УИХ-д суудалтай бүх нам, эвсэлд санал тавина гэсэн. Энэ саналаа зарим нам, эвсэлд тавьчихсан тухай албан бус мэдээлэл байна. МАН шинэ засагт хамтрах болов уу?

-Хамтарч ажиллах санал тавих бодолтой байгаа гэдгээ МАН-ын бүлгийн хуралдаан дээр АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар хэлж байсан. Дүрмийнхээ дагуу эвсэлд орох эсэх асуудлыг намын Бага хурал хуралдаж шийддэг. Тэгэхээр албан ёсны санал нь ирсний дараа намын хурлаар хэлэлцэж шийдэх байх. Харин хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд эвсэлд хамтарч болохгүй.

-Та эсрэг саналтай байгаа ч гэсэн Засгийн газарт хамтрахад болохгүй зүйлгүй гэж үздэг танай намын гишүүд цөөнгүй байгаа гэсэн?

-МАН-ын бүлэгт эвсэлд орохыг дэмжиж байгаа гишүүд цөөнгүй бий. Дэмжиж байгаа хүмүүс ямар үндэслэл ярьж байна вэ гэхээр эдийн засгийн том хямрал нүүрлэчихсэн байна. Ийм үед улсаа элгээр нь хэвтүүлчихгүйн тулд Засгийн газарт орж хамтран ажиллаж, хүчээ нэгтгэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

-Харин Засгийн газарт хамтрах хэрэггүй гэснээ та юу гэж тайлбарлах вэ?

-Монголын ард түмэн 2012 онд сонголт хийхдээ МАН-ыг сөрөг хүчин болж ажилла гэсэн. Сөрөг хүчин байна гэдэг бүх зүйлийг сөрж байхын нэр биш. Зөв бодлого явуулж байвал дэмжиж болно. Заавал Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, сандал суудал хувааж дэмжих албагүй. Зөв бодлогыг нь дэмжээд явах ёстой. Хэрэв албан ёсоор Засгийн газарт хамтарч эвсэх санал ирэх тохиолдолд хэд хэдэн асуудлыг зөрүүлээд тавих ёстой гэж хувь гишүүнийхээ хувьд үзэж байгаа. Мэдээж намын Бага хурлаа хуралдуулахад яах гэж эвсэж байгаа юм гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Нэгдүгээрт, эдийн засгийн хямралыг давах төлөвлөгөөг хоёр талаасаа ойлгомжтой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, томоохон төслүүдийг хөдөлгөх зайлшгүй шаардлагатай. Гуравдугаарт, зарим чухал хуулиуд дээрээ зөвшилцөх нь зүйтэй. Тухайлбал, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэргийг дурдаж болно. Хэрэв чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Энэ асуудлуудыг хөндөж тавибал үгүй гэх газаргүй. Ингээд цаашид ойлголцоод явбал парламентын хүрээнд хамтарч ажиллаж болно. Заавал Засгийн газарт хамтрах гээд байх шаардлагагүй шүү дээ.

-Эдийн засгийн байдал доройтсон нь эрх баригчидтай холбоотой гэж шүүмжилдэг. Тэгээд ч Засгийн газрыг огцруулчихлаа. Мөн ийм байдалд хүрсэн нь сөрөг хүчний үүрэг сул байсантай холбодог хүмүүс байдаг шүү дээ?

-Буруу бодлого явуулсан Ерөнхий сайдыг суудлаас нь буулгачихлаа. Тэгэхээр сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж байгаагийн илэрхийлэл гэж бодож байна. Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байхад манай намын саналыг 100 хувь тусгасан. Засгийн газар маш замбараагүй төсөв оруулж ирсэн. Тухайлбал, хөрөнгө оруулалтуудаа аймгуудаар тараачихсан, нэгдсэн бодлого нь алдагдчихсан учир дутагдалтай төсөв байсан. Харин МАН-ын бүлэг идэвхтэй ажиллаж бүх алдааг нь засаад хоёрдугаар хэлэлцүүлэгт орж ирэхэд нь төсвийг нэлээд хэмнэлттэй байдлаар оруулж ирсэн. Гэхдээ цаана нь дахиад хэмнэх боломж байгаа гэж харж байгаа. Миний хувьд гэхэд Булган аймагт 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирэх онд төлөвлөж оруулсан. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалтын 7.5 тэрбум, Хөгжлийн банкнаас есөн тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж чадсан болохоор төсөвтэй уялдуулан энэ санал дэмжигдсэн. Тиймээс сөрөг хүчнийхээ гүйцэтгэх ёстой үүргээ сайн гүйцэтгэж байгаа.

-Өмнөх Засгийн газраас ялгарахын тулд Ч.Сайханбилэг танхимаа  мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлж, сайд нараа парламентын гаднаас томилуулах ёстой гэж чуулганы хуралдаанд үг хэлсэн гишүүн болгон хөндлөө. Энэ тухайд таны байр суурь ямар байгаа бол?

-Уг нь бүх нам, эвслийн бүлэг хамтраад “давхар дээл”-тэй байх нь буруу гэсэн шийдвэрээ гаргасан. АН 2016 оноос алдаагаа засна гэсэн байдалтай явж байна. МАН-ын бүлэг “Үндсэн чиг үүргийн яамдын сайд парламент дотроос байж болно. Харин бусад буюу шугамын яамдын сайд нарыг гаднаас мэргэжлийн хүмүүсийг тавих хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаа.

-Гэхдээ бүх сайдыг парламентын дотроос томилж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй биз дээ?

-Болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Тэгэхдээ Ерөнхийлөгчийн санаачилсан ухаалаг төрийн санаачлагын нэг том хэсэг нь энэ асуудал. Харин цаг хугацааг нь хойшлуулах нь 2016 оноос ухаалаг болъё, харин тэр болтлоо тэнэгээрээ явъя гэсэнтэй ялгаагүй биз дээ.

-Шинэ сайд нарын томилгоотой холбоотой АН-ын фракцуудын тэмцэл ил, далд байдлаар өрнөх байх даа?

-Хэрэв тэгээд л эхлэх юм бол өмнөхөөсөө ялгарахгүй. Энэ Засгийн газар тэртэй тэргүй жил хагасын настай. Тиймээс энэ хугацаанд үйл ажиллагаагаа сайн явуулаад хямралт байдлаас гаръя гэж үзэж байгаа бол бүлэг, фракцийнхаа тогтолцооноос татгалзах ёстой. Оронд нь мэргэжлийн хүмүүсээ томилох хэрэгтэй. Дахиад фракцийнхаа наймааг хийгээд эхлэх юм бол Монгол Улсын Ерөнхий сайд Сайханбилэг биш Сайханхуяг л болно шүү. Фракцийн асуудал яавч сайн үр дүнд хүргэхгүй. АН эхлээд Н.Алтанхуягийг жинхэнэ мөнөөс мөн хүн гээд байсан. Хэд хоногийн дараа Р.Амаржаргал мөнөөс мөн гэсэн. Харин одоо Ч.Сайханбилэг мөнөөс мөн гээд л явж байна. Харин дөрөв дэх удаагаа хэн нь сайн гээд эргэх бол гээд эргэлзэж ажиглаад л сууж байна.

-МАН-ын хувьд засагт хамтрах эсэх дээр шийдвэрээ гаргах эгзэгтэй үе ирлээ гэлцэх юм. Хэрэв хамтарвал нэр хүнд нь улам унаж, 2016 оны сонгуульд ялагдана, хамтрахгүй сөрөг хүчнээрээ үлдвэл арай өөр үр дүн гарна гэсэн таамаг бий?

-Одоогийн хийх сонголт бараг рейтингээс хамаарахгүйгээр сонголт хийх ёстой болох байх. Их том давалгаа ирж байна. Улс маань живэх магадлалтай. Юун намын нэр хүнд манатай болно. Тэр байтугай бидний нэр хүндийн асуудал ч чухал биш байна. Ирж байгаа энэ том давалгааг бодитой харах цаг үе иржээ. Ийм зүйл ирж байна гэж бид жилийн өмнөөс ярьж сануулж эхэлсэн. Жилийн өмнөөс арга хэмжээ авч эхэлсэн бол өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан. Харамсалтай нь сайхан байна, болоод, бүтээд байна гэж илбэдэж суусаар өнөөдрийг хүрлээ. Одоо энэ асуудал нэгэнт тулаад ирчихлээ. Хамгийн аюултай нь бидний асуудлыг сөрж зогсох чадвар бараг тэг зааж байна. Ирэх онд 660 гаруй тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээнд төлөхөөр төсөвт суусан. Энэ бол нийтдээ ирэх жилдээ улсын хэмжээнд хийх хөрөнгө оруулалттай тэнцэх хэмжээний мөнгө. Мөнгөний хэмжээ цаашид өсөөд явна. 2017 онд “Чингис” бондынхоо эхний төлбөрийг төлөх ёстой. Тиймээс гурав, дөрвөн жилдээ их хүндрэлтэй нөхцөл байдалтай тулахад улс төр, намын эрх ашиг харахаасаа илүүтэй улс орны эрх ашгийг харсан шийдэл гаргах ёстой болох байх.

-Хямралаас гарах нэг шийдэл нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх гэж танай намын бүлгээс санаачилга гаргасан. Гэтэл ирэх оны төсөвт хангалттай мөнгө суулгаагүй байдаг?

 

-2014 онд цалин, тэтгэврийг нэмэхээр 500 тэрбум төгрөг төсөвт суусан. Энэ хангалттай мөнгө биш. Улс орны ерөнхий нөхцөл байдал нь нэг хэсэгтээ цалин, тэтгэврийг нэмэх боломжгүй байдалд оруулсан байна. Тэгэхээр гацсан байгаа төслүүдийг хөдөлгөөнд оруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Ингэж төгрөгийнхөө тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахгүй бол юун улс төр манатай болох байх.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *