Ё.Отгонбаяр: АНУ руу 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломжтой

5-р сарын 7, 2018 9:11 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 40
03dcbf_1_x800

 

С.УЯНГА

 Монгол Улсаас АНУд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эх орондоо ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.

 Албаны ажлаар Монголд ирээд байна уу. Ажлаа авсан даруйдаа эхний ээлжинд ямар ажил төлөвлөж байна вэ?

АНУын ерөн­хийлөгч Доналд Трампад гуравдугаар сарын 28-нд итгэмжлэх жуух бичгээ барьж ажилдаа орлоо. Энэ хугацаанд АНУын бизнес, боловсрол, судалгаа, худалдааны чиглэлийн байгууллагын хүмүүстэй уулзаж, багагүй ажил төлөвлөлөөМонголд энэ онд зохион байгуулах Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын бэлтгэл ажлын асуудлаар ирээд байна. Америк, Монгол хоёр улсын хооронд улс төрийн харилцаанаас бусад нь сайн хөгжсөн байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд аль аль талдаа хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдэгтэй  АНУтай санал нэгдэж байгаа. Удахгүй болох Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөсөн. Энэ уулзалтаар эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар  Засгийн газрын зүгээс ямар бодлого барьж ажиллах вэ гэдгийг ярилцах юм.

Сангийн сайдын айлчлалын үр дүнг хэрхэн харж байна вэ?

Намайг томилогд­соноос хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатар айлчилж Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжийн асуудлыг харилцан эцэслэлээ. Мөн Засгийн газрын хуралдаанаар Мянганы сорилтын сангийн хоёрдугаар асуудал дэмжигдсэн. Энэ нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн асуудал яригдаж байгаа юм. Ойрын үед хийх өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр гарын үсэг зурна.

Монголын талаас оёдлын салбараа дэмжиж оёмол бүтээгдэхүүн экспор­тод гаргах квотын асуудал бий. Энэ талаар хэрхэн ажиллах вэ?

Квотын хэлбэрээр яригдахгүй. Учир нь дэлхийн худалдааны байгууллагад элсэж орсон хүрээнд квотын асуудал яригдаж байсан үе. Одоо бид АНУтай оёмол сүлжмэл бүтээгдэхүүний импортын үнийг буулгах асуудлыг ярьж байгаа. Хууль батлагдсаны дараа эрх баталгааждаг учраас Конгрессийн гишүүдтэй уулзаж, ярилцах шаардлагатай байгаа. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний чиг­лэ­лээр идэвхтэй ажиллаж, очсоноосоо хойш Мон­голтой ойр байдаг хэд хэдэн Конгрессийн гишүүнтэй уулзаж, ярилцлаа. Конгресс дэх АмерикМонголын парламентын бүлгэмийн хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр голлон анхаарч байна. АмерикМонголын парламентын бүлгэм хуулийн төслийг өргөн барьж, хэлэлцүүлнэ.

Энэ онд хоёр орны хооронд өндөр дээд хэм­жээний ямар айлчлалууд төлөвлөж байна вэ?

Өндөр дээд хэмжээний айлчлалууд яригдаж байна. Гэхдээ албан ёсоор тохиролцоогүй байгаа учраас хэн ямар хугацаанд айлчлах талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар удахгүй АНУд айлчилна. Дээр дурдсанчлан айлчлалын үеэр Эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Айлчлалын өмнө ихээхэн бэлтгэл хангах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Америкийн худалдааны танхимынхантай уулзлаа.

Хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ямар боломж бий болгох вэ?

Монгол Улстай хамтарч бизнес эрхэлдэг, өмнө нь ажиллаж байсан хүмүүстэй уулзахаар бидэнд хоёр том дутагдал байгаа нь харагддаг. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин тогтворгүй байгаа нь сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна. Хоёрдугаарт, Монголын бизнес эрхлэгчид хэр бэлэн байна вэ гэдэг асуудал тулгардаг. Тогтсон дүрэм, зарчим дээр өөрсдийн дүрмээрээ очоод хамтран ажиллана гэвэл хүлээж авахгүй. Амжилттай яваа бизнесүүд ч байна. Гэхдээ илүү их өргөн боломж байгаа юм. Жишээлбэл, Монголоос АНУ руу сурагч цүнх, аяны үүргэвч зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй оруулах боломжтой байдаг. Гэтэл үүнийг мэддэггүй, ийм төрлийн үйлдвэрлэл явуулдаггүй. Америкийн  энэ чиглэлийн худалдаа эрхлэгч компаниудтай харилцаа холбоо тогтоохгүй байна гэж АНУын талаас хэлж байгаа юм. Энэ боломжийг нь бусад улс ашиглаад, Хятадтай хийдэг худал­даа эргэлтээс нь давчихаад байхад Монгол юу ч хийхгүй байгааг шүүмжилж байсан. Нэгэнт татварыг нь тэглэсэн, эрэлтийн орчин нь бий болсон байхад тус улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах бүрэн боломж байна. Энэ боломжуудыг эрэлхийлнэ.

АНУд хөдөлмөр эрхлэх Н2 виз хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Монголчуудын зүгээс анхаарах зүйл юу байна вэ?

-Очсоноосоо хойш энэ асуудлаар хоёр ч удаа видео хурал хийж, үүсээд буй нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар ярилцсан. Гэхдээ нэг зүйлийг анхааруулж хэлэхэд одоогийн байдлаар Монголын нэг ч компани АНУ-ын ажил олгогч компанитай гэрээ хийгээгүй. Дуулианаар нь бүртгэл явуулах, мөнгө төгрөг татах зэрэг хууль бус үйлдэл гарахаас болгоомжлох хэрэгтэй. Аль нэг компани таныг бүртгэж авбал танд олгох I-797 зөвшөөрөл онлайнаар гарч ирж байгаа эсэхийг шалгах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тун амаргүй байна. Хажууханд нь Мексикээс 100-хан ам.доллараар ажиллах хүч оруулж ирж болж байхад Монголоос яагаад 2000 ам.доллар зарцуулж авч ирэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Гэсэн ч бид Америкийн ажил олгогчидтой зөвлөлдөн, боломж бололцоог гаргах талаар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *