Ё.Баатарбилэгийн ажлыг С.Ламбаа авахаар шулууджээ

10-р сарын 24, 2012 10:22 am Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 376

-Аймгийн ИТХ-ын 37 суудлын төлөө Архангайд 100 хүн өрсөлдөнө-

Ө.ХҮҮ

  

Архангай бол 55,3 мянган километр квадрат газартай, 90,1 мянган хүнтэй манай улсын  томоохон  аймгийн нэг. 26,5 мянган өрх  амьдарч  буй арын сайхан хангай нутгийн 57 мянган  сонгогч ирэх сарын сүүлчээр болох орон нутгийн сонгуульд саналаа өгөх юм.

Нутгийнх нь жалганд  юу болохгүй байгааг засч, залруулах үүрэгтэй тул орон нутгийн сонгууль гэдэг УИХ-ынхаас ч илүү ач холбогдолтой. Тиймээс аймаг, сумдын ИТХ-д  олонхи  болж  аймгийн  болон  дүүргийн Засаг даргын ажлыг авах марафон ид өрнөх гэж байна.

 Архангай  нийт  19  сум, 99 багтай.  Тэгэхээр Орон нутгийн хурлын  сонгуулийн тухай хуулийн дагуу  аймгийн ИТХ-д  37, сумдын  ИТХ-д 493  төлөөлөгч  сонгогдох  ажээ.  Тэдгээрт нийт 800 гаруй нэр дэвшигч  өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. СЕХ-нд  энэ  удаагийн орон нутгийн сонгуульд  өрсөлдөхөөр МАН, АН болоод МАХН-ИЗНН-ын  “Иргэний  шударга ёс”   , МАХН-МҮАН-ын  “Шударга ёс”  эвсэл бүртгүүлсэн.  Тэгэхээр Архангайд эдгээр улс төрийн субьектээс  тойрог  бүрт  өрсөлдөхөөр нэр дэвшүүлсэн бол  дөрвөн  хүн  бие даан “үзэхээр”  болжээ.

Аймгийн ИТХ-ын сонгуулийн хувьд  мэдээж  төвийн  сонгууль хамгаас чухал. Өөрөөр хэлбэл аймгийн төвийн  ИТХ-д хэн ялна, тэр нам Засаг даргаа  томилох учраас  өрсөлдөөн ширүүн юм.  Одоо  бол аймгийн  ИТХ-д  МАН-ынхан олонхи  байгаа. Ер  нь Архангайд нийслэлийн Сонгино­хайр­хан дүүрэгт  Д.Сумъяа­­базартай хамт УИХ-ын сонгуульд  дахин санал хураалгахаар болоод байгаа  Л.Эрхэмбаяраас  өөр АН-аас Засаг дарга болж байсан хүн  үгүй  юм.  Харин энэ  удаад АН-ынхан Орон нутгийн сон­гуулийг Архангайд С.Лам­баагаар удирдуулж  “Э.Бат-Үүлдэх” аргаа хэ­рэг­лэхээр нэгэнт шийд­жээ. Гэхдээ  С.Ламбаа Архангайд нэр дэвшээгүй харин сонгуулийн мене­же­рийн  ажлыг  хийж  байгаа  аж.  АН-ын жаг­саал­тыг аймгийн АН-ын  дарга Д.Бат-Эрдэнэ тэр­гүүлж буй  бол тэдний эсрэг МАН-ын Ё.Баатар­билэ­гээр  удирдуулсан баг хүчтэй  зогсч  буй юм. Мэдээж  Е.Баатарбилэг намынхаа жагсаалтын  эхэнд бичигдсэн. МАН, АН-ын аль  нь ч энэ удаа­гийн Аймгийн ИТХ-д хуу­чин  хүмүүсээ  дахин нэр дэвшүүлсэн аж. Нийт 37  суудлын  төлөө яг  100 хүн нэр дэвшихээр болсноос  МАН-аас 37, АН-аас  36, МАХН-МҮАН-ын “Шударга  ёс” эвсэлээс  24,  бие даагчаар гурван хүн өрсөлдөхөөр  болжээ.

Орон нутгийн сонгууль  ойртох  тусам  Архангайд  газар  авч буй  яриа  нь Архангайн Засаг дарга С.Ламбаа болох тухай гэнэ. Нэгэнт эвслийнхэн МАН-ын суудлаас зулгааж МАН олонхи  болох  боломжоо алдана, МАН ялагдах учир “Шу­дарга ёс”-той  хамтран ажилласан ч АН Засаг даргаа  авч  чадна  гэсэн  мессежийг иргэдийн дунд түлхүү  илгээж  өрсөлдөгч­дөө айлгах  тактик эртнээс  барьж  буй бололтой. Сонгуулийн сурталчилгаа  эхлэхээр энэ мессежийг улам хүчтэй  тараах төлөвлөгөөг ч  гаргаж амжжээ. Одоогийн Засаг дарга Ё.Баатарбилэгийг Засаг даргаар ирснээсээ  хойш хийсэн  ажлаар маруухан гэж нутгийн  иргэд ам муутай байдаг  учир ирэх орон нутгийн сонгуулийн дараа Засаг дарга  өөрчлөгдөх нь  тодорхой  гэдэгт  олон  хүн  эргэлзэхгүй байгаа гэнэ. Ямар  боловч  Ё.Баатарбилэгийн ажлыг С.Ламбаа  авахаар шулууджээ.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *