Ё.Баатарбилэг: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах нь хамгийн зөв арга юм

1-р сарын 12, 2018 10:31 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 47
1-12-5h

Т.САЙХАН

УИХ дахь Утааг бууруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Утааг бууруулахад ажлын хэсгийн зүгээс ямар асуудал шийдвэрлэн ажиллаж байна вэ?

-Ажлын дэд хэсгүүд байгуулан ажиллаж байна. Хоёр намын бүлгийн дарга, байнгын хорооны дарга нар  утааны бүстэй биечлэн явж танилцсан. Утааны шүүлтүүртэй сайжруулсан зуух тавьсан, утаагүй түлш, цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айлуудаар орлоо. Шөнийн тариф тэглэсэн байдал өрхүүдэд хэр хүртээмжтэй байна гэдгийг харлаа. Мөн манай ажлын хэсэг шинээр орж ирж байгаа хууль тогтоомжид ямар өөрчлөлт заалт оруулах шаардлагатай байгаа гэдгийг судалж Засгийн газарт хүргүүлнэ. Мөн байгууллагууд утааны асуудлыг шийдэх шинэ техник технологиудыг маш их танилцуулж байна. Энэ үнэхээр үр дүнтэй технологи мөн үү гэдгийг бид харж байна. Эсвэл бизнесийн асуудал яригдаж байна уу гэдгийг бид үйлдвэр дээр нь очиж, танилцаж байгаа. Намрын чуулганы хугацаанд багтааж утаатай холбоотой шинэ хуулийн төсөл оруулж ирнэ.  Хариуц­лага, хариуцах эзэн шаардагдах хөрөн­гө нь тухайн хуульд нэлээд тодорхой байна. Тэгэхгүй бол өнөөдөр утаа ярихаар хариу­цах хүнгүй байна. Төсөл ярихаар хариуцъя гээд баахан хүн гарч ирдэг атлаа дараа нь хариуцлага асуух гэхээр бүгд алга болчихож байна. Жаахан хариуц­лагажуулахгүй бол болохгүй. Эзэнтэй болгоё. Тодорхой агентлаг, үндэсний хороо байх юм уу үүнийг тодорхой болгоё.

Одоо энэ асуудал яг нэг газарт төвлөрч өгөхгүй байна л даа?

-Их олон толгойтой л яваад байна. БОАЖЯ нь мэдэх юм шиг. Эсвэл нийслэл хариуцах ёстой юм шиг явж ирлээ. Нийслэл гээд ярихаар аймгийн төвүүдийн утааны асуудал гарч ирнэ. Тэгэхээр үндэсний хэмжээнд авч үзэх шаардлагатай болж байна. Харин БОАЖЯ-нд утаанд тавьсан төсөв нь ердөө 16 тэрбум байна. Бас мэргэжлийн байгууллагууд нь судалж гаргаад гурван тэрбум ам.долларын асуудал яриад байгаа. Нэг л тарсан ухагдахуун явдаг. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ хамтраад нэг чиглэл, нэг бодлого баримтлаад явбал үр дүнд хүрнэ гэж харж байна.

Утаатай тэмцээд 10 жил болсон ч ямар ч шийдэлд хүрч чадаагүй байна гэдэг харамсалтай байна?

-10 жилийн өмнө УИХ-ын тогтоол гарч байсан. Түүнээс хойш байнгын хороо, дэд хорооны тогтоолууд гарсан.  Харамсалтай нь залгамж чанартай ажил­лаж чадаагүй. Нэг хоёр жил болоод өмнөх тогтоолуудаа хүчингүй болгож ирсэн. Үр дүнгүй байна одоо өөр юм туршина гээд л өөр тогтоол оруулж ирдэг. Тэр нь өөрөө бизнес болдог ийм л зарчмаар явж ирлээ. Утааны эсрэг ямар нэгэн зүйл тараах нь өөр хэрэг. Харин яг бодитой ажил хийж, зөв хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Таны ажлын хэсэг ямар шийдэл дээр санал нэгдээд байна вэ?

-Айл өрхүүдийг цахилгаан халаагуур хэрэглүүлэх талаар нэлээд ярьж байна. Гэхдээ эрчим хүчний дэд станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэхгүй бол болохгүй. Гэр хороолол халаагуур залгахад л хүчдэл нь уначихаад байдаг юм билээ. Нэгэнт шөнийн тарифийг тэглэсэн юм чинь дэд станцуудыг өргөтгөхгүй бол гэр хороололд цахилгаан халаагуур хэрэглэх боломжгүй.  Өнөөдөр үнэхээр утааг бууруулъя гэвэл түүхий нүүрсний хэрэглээг л хязгаарлах асуудал байна. Айл өрхүүд сайжруулсан түлш түлмээр байна. Тийм түлш бэлтгэдэг үйлдвэрүүдийг нь төрөөс дэмжээд өгмөөр байна. Сайжруулсан түлш нь эрүүл мэндэд хор хөнөөлгүй, илчлэг сайтай, үнэ нь ч адилхан байна. Тийм түлшээр л энэ гэр хорооллын өрхүүдийг хангах асуудлыг нэн тэргүүнд тавьмаар байна. Мөн 2019 оноос эхлэн нам даралтын зуухнуудыг ашиглалтаас гаргах асуудал давхар яригдах ёстой. Түүний  дараа орон сууцжуулах асуудал яригдана.  Дагуул хотын асуудал нэмэгдэнэ. Нэг бодлого гаргаад түүнийгээ үр дүнг нь үздэг л байх хэрэгтэй. Ядаж дөрвөн жил, найман жил тэр тооцоо судалгаатай төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлмээр байна. Ганц хоёрхон жилийн дотор утааны асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй.

Ер нь ямар хугацаа шаардагдах бол. Та юу гэж харж байна вэ?

-Бид тогтоолын төслийн хүрээнд утаанаас ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна. Дунд болон урт  хугацаандаа утаагүй  болох хууль эрхзүйн орчинг сайжруулах, төсөв санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. 2020 он гэхэд утааг ядаж 50-75 хувь  бууруулчихмаар байна. 2025 он гэхэд Улаанбаатар утаагүй болсон баймаар байна. Ингэж  л зоримог шийдвэр гаргаж түүнийхээ төлөө  тууштай явахгүй бол нэг жилээр хараад, өвөл болохоор ч энэ асуудлыг ярьж эхэлдэг баймааргүй байгаа юм. Үндсэндээ өнгөрсөн намар засаг төр бужигнаж явсаар байгаад л өвөлтэй золгочихлоо. Яг өвлийн бэлтгэл утааны асуудал яригдаж байх цаг үед засаг маань солигдсон. Тэгэхээр хаа хаанаа хариуцлагын л асуудал яригдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Zithromax Vs Penicillin Generic Levitra Effective Amoxil Schnucks generic cialis canada Mail Order Celebrex Cialis Lilly Icos

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *