Японы электроникийн гигантуудад юу тохиолдов?

4-р сарын 5, 2013 1:58 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 1141
Японы электроникийн аварга компаниуд болох Sony, Panasonic, Sharp дэлхийд ноёрхож байсан цаг саяхан.

Н.МӨНХЖИН

Японы электроникийн аварга компаниуд болох Sony, Panasonic, Sharp дэлхийд ноёрхож байсан цаг саяхан. Эдгээр нэрийг бүгд мэддэг байлаа. Гэвч өнөөдөр эдгээр үйлдвэр гүнзгий хямралд орж, жил бүр хэдэн тэрбум долла­рын алдагдалд орж байна. Японы хүчирхэг компа­ниуд яагаад ийнхүү унал­тад оров оо.

Тус улсын элект­ро­никийн үйлдвэрлэлд юу болсон талаар төсөөлөлтэй болохыг хүсвэл Токио­гийн метрогоор нэг зор­чиход л хангалттай. Нийс­лэл хотын газар доорх тээ­вэр өнөөдөр гар утасны 3G сүлжээтэй болжээ. Японд нийтийн тээвэрт гар утсаар ярихыг хориг­лодог. Тиймээс зорчигчид бараг бүгдээрээ гар ут­саараа зурвас илгээсэн шиг явах аж.

Япон иргэдийн бараг 80 хувь нь Apple ком­панийн iPhone-ийг хэрэг­лэж байна. Зарим хүн Sony Walkman сонсож явах ч Apple, Samsung-ийн бүтээгдэхүүн элбэг хараг­дана. Sony компани 2008 оноос хойш анх удаа энэ онд багахан хэмжээний ашиг­тай ажиллажээ. Pana­sonic (өмнө нь Matsushita гэдэг нэртэй байсан) есөн тэрбум дол­ларын алдагдал хүлээх нь тодорхой болоод байна. Нөгөө хоёртой нь харьцуу­лахад харьцангүй жижиг Sharp асар их алдагдалд орсон хэвээр байгаа бө­гөөд дорвитой хөрөнгө оруулалт хийхгүй бол да­хин нэг жил ч тэсч чада­хааргүй болжээ.

Токиод ажилладаг эдийн засагч Герхард Фасо­лийн үзэж буйгаар, Японы аварга компаниуд дижитал технологийн хувьс­галын улмаас ийнхүү хүнд цохилт амсч байгаа аж. Дээрх компаниуд өн­гөт зурагт, радио, кассет тоглуулагч, хөргөгч, угаал­гын машин зэрэг электро­никийн нарийн тоног тө­хөөрөмжийн үйлдвэр­лэ­лээрээ эзэнт улсаа бай­гуулж байсан. Эдгээр то­ног төхөөрөмж нь элект­ро­ник эд ангиас бүрдэж байсан ч үндсэндээ меха­ник эд ангитай байсан билээ. Гэтэл дижитал тех­но­логийн хувьсгал гарч, дэлхийг өөрчилж орхижээ. “Sony Walkman нь жин­хэ­нэ сонгодог жишээ. Түүнд ямар ч компьютерийн прог­рамм (software) байх­гүй, цэвэр механик төхөө­рөмж. Харин өнөөдөр software-тэй загварыг л сонирхдог болж” хэмээн Герхард өгүүлж байна. Японы пүүс, компаниуд өнөөдөр зардал, өртөг бага­тай орнуудыг сонгон үйлд­вэрлэлээ явуулах болжээ. Эс бөгөөс ашиг гэж бараг гарахгүй байгаа аж. Apple компанийг харахад л хан­галттай. iPod, iPhone-ийг Хятадад үйлдвэрлэж бай­гаа ба эдгээр бүтээгдэхүүн компанийн нийт ашгийн 50 хувийг өгдөг байна. Гэвч нэг iPhone-ийн  үнэл­гээ­ний дөнгөж гурван хувь нь Хятадад үлдэж байгаа юм.

Sony, Panasonic ком­па­нийн удирдлага үйл ажил­лагааныхаа талаар мэдээлэл өгөхөөс татгал­заж байна. Харин Hitachi корпорацийн ерөнхий­лөгч, 66 настай Хироаки Наканиши ВВС-д компа­нийн­хаа талаар ярихыг зөвшөөрчээ. Хироаки 2010 онд 100 гаруй жилийн  нас­тай Hitachi-ийн удирд­лагыг гартаа авахад сан­хүү­гийн байдал нь хүнд бол­сон байлаа.

Х.Наканиши алдаг­далд ороод байсан салба­руу­даа хааж, зарсан бай­на. “Дижитал технологи бүгдийг өөрчилж орхисон. Телевизийн салбарт гэхэд л, одоо өндөр чанартай, том зурагт хийхэд нэг чип л шаардагдаж байна. Өөрөөр хэлбэл зурагтыг өнөөдөр хэн ч хийж чаддаг болжээ. Солонгос, хята­дууд өнөөдөр бидний урд орчихоод байна” хэмээн Хироаки өгүүлэв.

Өнөөдөр стратегиа сайн боловсруулж, зар сурталчилгаа сайн хийсэн нь бүтээгдэхүүнээ сайн борлуулдаг болсныг тэрээр онцолж байна. Накани­ши­гийн үзэж буйгаар, Японы компаниуд энэ сал­бар дээр өрсөлдөх чад­варгүй байгаа аж.

Хироаки Наканиши Hitachi корпорацийг гол үйлд­вэрлэл буюу хүнд даа­цын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл рүү нь буцаан аваачих шийдвэр гарга­жээ. Хий, уурын тоног төхөөрөмж, цөмийн эрчим хүчний үйлдвэр, өндөр хурдны галт тэрэгний үйлдвэрлэлийн салбарт Hitachi компани дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадна хэмээн Наканиши үзэж байна. “Машин механизм үйлдвэрлэж зөвхөн худал­дах бус, мөн инженерч­лэл, угсралт, төлөвлөлт, зарим тохиолдолд тэр төс­лөө санхүүжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж бай­на. Энэ цогц үйлчилгээ нь манай хамгийн чухал давуу тал юм” хэмээн тэрээр онцоллоо. Хироаки Наканишигийн стратеги үр дүнгээ өгч эхэлжээ. Hitachi-ийн галт тэрэг­нүүд өнөөдөр Их Брита­нийн хот хоорондын өндөр хурдны галт тэрэгний пар­кийг шинэчлэхээр болоод байгаа аж.

Sony компанийн бай­дал харьцангуй сайн бай­гаа бол Panasonic, Sharp-ийнх сайнгүй байна. “Японы компаниуд 60, 70-аад оны үе шиг АНУ-ын компаниудаас суралцах хэрэгтэй байна. Cisco, Oracle зэрэг Silicon Valley-д ажиллаж байгаа компа­ниуд тун амжилттай ажил­лаж байгаа нь санамсар­гүй хэрэг биш. Япон бол Швейцарь, Англи шиг сайн тархины эх орон. Тэдэнд боловсролын өн­дөр түвшин, сайн инже­нерч­лэл бий. Үүнийг ма­шин техникийн үйлдвэр­лэл, software-д ч ашиглаж болно. Гэвч software Японд хаягдчихсан” хэмээн эдийн засагч Герхард ярилаа.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *