Япон улстай Тавантолгойн төмөр замын төсөлд хамтарна

10-р сарын 23, 2015 12:24 pm Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 90
10-23-2

Х.МОНГОЛХАТАН

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөн­хийлөгчийн урилгаар ажлын айлчлал хийхээр өчигдөр 13:00 цагийн үед “Чингис хаан” олон улсын нисэх онгоц­ны буудалд онцгой үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн юм. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан.

Дөрвөн цагийн хугацаатай энэхүү айлчлалын эхэнд зочид Их тэнгэрийн аманд байрлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд зочилсон юм.

Өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн гэрт зочилсон анхны гадаад улсын Төрийн тэргүүн болж байсан бол ийнхүү ноён Шинзо Абэ гэр бүлийн хамт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гэрт зочилсон анхны гадаад орны Засгийн газрын тэргүүн болсноороо онцлог байлаа.

Уулзалтын эхэнд Ш.Абэ “Нью-Йоркт болсон уулзалтын үеэр амласан ёсоороо Монголд хоёр дахь удаагаа айлчлан ирж байгаадаа баяртай байна. Тантай уулзаж байгаа энэ удаагийн уулзалт бид хоёрын найм дахь уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалт хоёр орны хоорондох стратегийн түншлэл болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайдын нөхөрсөг байдлыг илэрхийлэх юм. Өмнөх уулзалтын үеэр манай энхтайванч бодлогыг тууштай дэмжиж байсанд талархаж байна. Өнгөрсөн сард батлагдсан Энхтайван аюулгүй байдлын тухай хуулийн өөрчлөлт нь манай улсын тууштай энхтайванч бодлогын илрэл болж байгаа. Тавантолгойн төсөл болон зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төслийн тухайд одоогоор ямар нэг тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Гэхдээ Монголын талаас энэ хоёр төслийн талаар тавьсан саналын тухайд бид судалж үзэх болно. Цаашид манай хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрч, өргөжин тэлэхэд тодорхой ажлууд хийх болно” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь “Амласан ёсоороо манай улсад айлчилж байгаад та­лар­хал илэрхийлье. Японы Ерөнхий сайд албан үүргээ хашиж байх хугацаандаа Монгол Улсад хоёр удаа айлчилж байгаа анхны тохиолдол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд Японы Ерөнхий сайд гэргийн хамт морилж байгаа нь бидний хувьд анхны тохиолдол юм” гээд зочноо монгол ёсоор хөөргөөр тамхилсан. Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уран зургийн цуглуулгын өрөөндөө зочноо урьж “Хаврын зураг” нэртэй зургийг сонирхуулсан юм.

Энэ үеэр тэргүүн хатагтай Х.Болормаа Японы Ерөнхий сайдын гэргий Акиэ Абэг тусгайлан хүлээн авч уулзсан юм. Уулзалтын үеэр хатагтай Х.Болормаа өөрийн санаачлан үүсгэн байгуулсан “Болор сан”, “Халамжит гэр бүл” төв болон “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын үйл ажиллаагааны талаар танилцуулж “Болор сан”-гийн хүүхдүүдийн бэсрэг тоглолтыг үзүүллээ. Хатагтай Акиэ Абэ дахин Монгол Улсад ирэх боломж гарвал монгол морь унаж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр “Монгол, Япон хоёр орны хоорондох улс төр болон аюулгүй байдлын салбар дахь харилцаа улам бүр тэлэн өргөжиж байгаад талархалтай байна. Мөн Япон улсын баримталж байгаа тууштай энхтайванч бодлогыг цаашид дэмжин ажиллах болно. Хоёр орны хооронд эрч санаачлагын хүрээнд бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарсанд баяртай байна. Хоёр орны хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсантай холбогдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай  Монголын дотоодын эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор гурван хуулийг өнөөдөр УИХ-аар баталлаа. Энэ нь Японы Ерөнхий сайдын айлчлалыг угтсан ажил юм. Монголын экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн зонхилох хувь эзэлж байгаа. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш буурч байгаа хүнд хэцүү нөхцөл дунд Японы мэргэжилтний зөвлөгөөг авч байгаа нь таатай хэрэг юм. 2020 онд Токио хотод зохиогдох олимп болон паралимпийн зохион байгуулах ажилд Монголоос дэмжиж оролцох, хүчин туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Ялангуяа барилгын салбарт ажиллах хүчийг томилж ажиллуулах боломж бидэнд байна” гэсэн юм.

Харин Ш.Абэ Ерөнхий сайд “Манай улсын баримталж буй энхтайванч тууштай бодлогыг дэмжиж байгаад талархал илэрхийлье. Япон улсын хувьд дэлхийн олон нийтийн бүхий л хөгжил дэвшилд өөрийн улсын зүгээс хүчин зүтгэлээ зориулахад бэлэн байна. Өнгөрсөн есдүгээр сард батлагдсан Энхтайван аюулгүй байдлын тухай хууль эрхзүйн акт бидний дэлхий нийтэд баримтлах энхтайванч тууштай бодлогын гол цөм болно. Япон, Монголын хоорондох гадаад худалдаа, эдийн засгийн салбарын үйл ажиллагаа ч улам бүр өргөжин тэлж байна. Өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилалтад анх удаагаа Японы батлан хамгаалах армиас төлөөлөгч оролцсон. Энэ мэт хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх болно.

Өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Япон, АНУ, Монгол гурван улсын уулзалт анх удаагаа болсонд талархалтай хандаж байна. Хойд Солонгосын цөмийн пуужин хөөргөж байгаа асуудалд дэлхийн олон нийт хүчээ нэгтгэж, тэмцэх хэрэгтэй. НҮБ-ын аюулгүй зөвлөлөөс гардаг аюулгүй байдлыг хамгаалах шийдвэрүүдийг чанд мөрдөж ажиллах нь зүйтэй. Хойд солонгосчууд Японы жирийн иргэдийг хулгайлаад нутагт нь буцаахгүй байгаа асуудлыг Монгол Улс ойлгож, дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье. Энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд найдвар тавьж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын гишүүн орноор элсэхээр хөөцөлдөж байгаа асуудалд өнөөг хүртэл үзүүлж ирсэн Монгол Улсын туслалцаад талархал илэрхийлье.

Монгол Улс ил тод бөгөөд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Цаашид Японоос эдийн засгийн салбарын зөвлөхийг Монгол Улсад томилж ажиллуулах замаар эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллана. Тавантолгой болон зүүн чиглэлийн төмөр замын тухайд одоогоор ямар нэг тодорхой хариу өгөх боломжгүй боловч Монголын талаас тавьсан саналын боломж, нөхцөл байдлын талаар судалж үзээд чухалчилж хүндэтгэлтэй хандахыг Японы талын холбогдох хүмүүст хэлнэ. Уул уурхайн том төслүүдийнхээ талаар Монголын талаас Японы компаниудад хангалттай мэдээлэл хийх нь зүйтэй” гэсэн юм.

Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.Энэ удаагийн Ш.Абэгийн айлчлал Япон улсын Ерөнхий сайд Монгол Улсад хоёр дахь удаагаа айлчилж буй анхны тохиолдол болсон. Мөн төв Азийн орнуудад хийх айлчлалынхаа өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсад зочилсон нь хоёр орны харилцаанд онцгой ач холбогдол өгч буйн илрэл хэмээн үзэж байгаа юм.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын чуулганы танхимд зочилж, УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж хоёр орны стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар санал солилцож, парламент хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

Японы Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй болсон гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолж байлаа. Улаанбаатарын цагаар 13.00 цагт Монголд буусан Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 17 цаг 50 минутад мордлоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *