Ямашита Мамору: Нийгмийн даатгал бол таны маргаашийн эрсдлийн баталгаа юм

3-р сарын 12, 2018 9:28 am Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 45
Jica Mamoru 2

Б.ТУУЛ

 “Зууны мэдээ” сонин энэ удаа Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас манай улсын Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх “ШИНРАЙ” төслийн ахлах зөвлөх Ямашита Маморутой уулзсан юм.  

 НИЙГМИЙН ДААТГАЛ ХҮН БҮРТ ХАМААТАЙ

Ямашита Мамору

Jica Mamoru 2

Хөгжингүй улс орнуу­дын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нийгмийн хам­гаал­лын системтэй нь холбон тайлбарлах хүн олон байдаг. Харин манай улсын хувьд энэ асуудал өнөөдрийг хүртэл маргаантай хэвээр байгаа нь монголчууд бидний цөөнгүй хэсэг нь нийгэм хамгааллын системдээ сэтгэл хангалуун бус байдгийн илэрхийлэл юм. Тиймээс “ЖАЙКА”-гаас хэрэгжүүлж буй “ШИНРАЙ” төслийн үл ажиллагаатай холбогдуулан Япон улсын туршлагыг хуваалцах нь сэтгүүлч миний хувьд ч сонирхолтой байв.

“ШИНРАЙ” төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору Монголд 2016 онд иржээ. Тэрээр Японы Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай. Нийгмийн хамгааллын салбарт бод­лого төлөвлөлтийн ажил хариу­цаж байсан, тэр дундаа эрүүл мэндийн даатгал болон тэтгэврийн даатгал дээр төвлөрч ажиллаж байсан учраас нийгмийн даат­галын тогтолцоог сайж­руу­лах тухай бидний яриа судалгаа, дүгнэлттэй, тун ойлгомжтой эхэлсэн юм. Ингэж олзуурхсаны учир нь бидний зарим нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэт­гэврийн нас нэмэх зэрэг асуудалд таатай ханд­даггүй. Мөн олонх нь мон­голчуудын дундаж нас­лалт 60-70 байдгаас ах­мад настнуудын олонх нь гавьяа­ныхаа амралтанд га­раад тэт­гэврийнхээ үр шимийг хүртэж чаддаггүй гэсэн ойлголттой байдаг.  Тэг­вэл “ШИНРАЙ” төс­лийн үйл явц, Япон ул­сын туршлага зэргээс “Нийг­мийн даатгалын тухай асуу­дал шимтгэлээ төлж бай­гаа хүн бүрт хамаатай” гэ­сэн ойлголтыг олж авсан юм.

“ШИНРАЙ” БОЛ ИТГЭЛЦЛИЙН ТӨСӨЛ

“ШИНРАЙ” хэмээх төслийн нэр нь нийгмийн даатгалын чадавхийг бэхжүүлэх гэсэн англи үгний эхний үсгүүдээс бүтжээ. Энэ нь японоор итгэлцэл гэсэн үг юм байна. Тиймээс нийгмийн даатгалын салбарт иргэд хоорондын итгэлцлийг улам бэхжүүлэх гэсэн билэгдлээр энэ төслөө “ШИНРАЙ” гэж нэр­лэжээ. Энэхүү төсөл 2016 оны 5 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаатай хэрэгжих аж.

Нийгмийн даатгалын салбар дахь үйлчилгээний талаарх Япон болон Монголын ялгааг тайлбарлаж буй ЖАЙКА-ийн мэргэжилтэн Таканаши Акихиро

Нийгмийн даатгалын салбар дахь үйлчилгээний талаарх Япон болон Монголын ялгааг тайлбарлаж буй ЖАЙКА-ийн мэргэжилтэн Таканаши Акихиро

Төслийн үйл ажиллагаа үндсэн хоёр хэсэгт чиглэж байна. Нэгдүгээрт, тэтгэв­рийн даатгалын практик үйл ажиллагааг сайжруулах. Хоёрдугаарт, ХНХЯ-нд нийгмийн хамгаалал, нийгмийн даатгалын талаарх бодлого чиглэлд үйл ажиллагааны зөвлөмж өгч, Япон улсын туршлагыг танилцуулах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Тус төслийн хүрээнд НДЕГ дээр долоо хоногийн мягмар гариг бүрт тогтмол хурал зохион байгуулдаг бөгөөд ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн төрөл бүрийн лекц семинар зохион байгуулах, мөн НДЕГ-ын мэргэжилтнүүд тайлан тавих, харилцан санал солилцох зэрэг чөлөөт хэлбэрээр хуралддаг.

Тус төслийн хүрээнд НДЕГ дээр долоо хоногийн мягмар гариг бүрт тогтмол хурал зохион байгуулдаг бөгөөд ЖАЙКА-ийн төслийн мэргэжилтэн төрөл бүрийн лекц семинар зохион байгуулах, мөн НДЕГ-ын мэргэжилтнүүд тайлан тавих, харилцан санал солилцох зэрэг чөлөөт хэлбэрээр хуралддаг.

Ямашита зөвлөх, төслийн үйл ажиллагаанд НДЕГ болон ХНХЯ-ны мэргэжилтнүүд идэвх санаачлагатай оролцохын сацуу Япон  улсын туршлагaaс су­далж, олон шинэлэг ажлууд хийж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. “ШИНРАЙ” төслийн хүрээнд Монголд нутагшуулах гэж зорьж буй Япон улсын нийгмийн даатгалын тогтолцоог со­нирхвол маш олон судалгаа дүгнэлттэй, тун сонирхолтой яриа дэлгэсэн юм.

Япон улс 1950-1960-аад оны үед нийгмийн хамгааллын тогтолцоогоо боловсронгуй болгож, хөгжүүлэх арга замыг олжээ. Тухайн үед нийт хүн амын 43 хувийг 20-иос доош насны залуус эзэлж байв. Ажлын байр хангалтгүй, ажилгүйдэл их гээд Япон улсын 1950-иад оны нийгмийн даатгалын үзүүлэлт өнөөгийн Мон­голын үзүүлэлттэй ойролцоо байжээ. 1961 онд Япон улс бүх иргэдээ тэтгэврийн даатгалд хамруулж, нэг хүнд ногдох орлогоо нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжлөө сайжруулж, даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгож чадсан байна. Тухайлбал, 1950 онд Японд хүн амын ердөө тавхан хувийг өндөр настнууд эзлэж байв. Тухайн үед залуучуудын тоо их, өндөр настнууд цөөн байсан учраас тэтгэврийн даатгалын сангийн орлого их, зарлага бага байсан байна. Зөрүү мөнгөнөөс нь хуримтлалын сан бүрдүүлж, тэр мөнгөө дотооддоо зээл хэлбэрээр олгож, улс орноо хөгжүүлэхэд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, үүний үр дүнд шинээр баригдсан үйлдвэр, цахилгаан станц зэрэгт ажлын байр гарч, залуус ажилтай, орлоготой болсон байна. Тэр хэрээр дотоодын худалдан авалт, дотоодын үйлдвэрлэл нэмэгдэж, эдийн засгийн байдал сайжирсан гэсэн ерөнхий дүр зураг харагдаж байв. Хамгийн чухал нь, Япон улсын 1950-иад оны нийгмийн даатгалын үзүүлэлт өнөөгийн Мон­голын үзүүлэлттэй адил төс­тэй гэдгийг дээр дурьдсан. Тийм болохоор хүн амын дундаж наслалт, тэтгэврийн насныхан нэмэгдэнэ гэсэн ерөнхий дүр зураг нь ч мөн адилхан үзүүлэлттэй гарч байна.

ИРЭЭДҮЙД ХҮН АМЫН 20 ХУВИЙГ ТЭТГЭВРИЙН НАСНЫХАН ЭЗЭЛНЭ

Одоо Монголд хүн амын ердөө тавхан хувийг өндөр настнууд эзэлдэг. Энэ нь 20 хүн тутмын нэг нь өндөр настны тоонд ордог гэсэн үг. Харин 50 жилийн дараа хүн амын 20 хувь буюу таван хүн тутмын нэг нь ахмад настны нэг байх болно гэсэн тооцоог НҮБ-аас гаргасан байна. Япон улсын хүн амын өсөлттэй харьцуулахад оны хувьд өөр ч ерөнхий бүтэц нь адилхан өсчээ. Одоо Япон улсад нийт хүн амын 26 хувийг өндөр настнууд эзэлж байна. Тийм учраас “ШИНРАЙ” төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору “Хэрэв та ч бас бусдын адил нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бол аливаа эрсдлийг тооцож үзэх хэрэгтэй. Өндөр наслах, үйлдвэрлэлийн осол гэмтэлд орох, тахир дутуу болох гэх мэт эрсдэлд орсон тохиолдолд нийгмийн хамгааллын салбараас танд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах эрх нь нээлттэй байдаг. Нийгмийн даатгал гэдэг бол төрөөс зүгээр өгч байгаа зүйл биш юм. Ажил олгогч байгууллага болон даатгуулагч нийгмийн даатгалын газарт итгэж шимтгэлээ төлж байгаа учраас даатгалын салбарын үйл ажиллагаа маш сайн зохион байгуулалттай, хяналттай байх ёстой. Үүний тулд бид “ШИНРАЙ” төслийг хэрэгжүүлж байна” гэсэн юм.

ДУНДАЖ НАСЛАЛТЫГ ТООЦОХОД НЯЛХАСЫН ЭНДЭГДЭЛ ШУУД ХАМААРАЛТАЙ

“ШИНРАЙ” төслийн багт Ямашита Маморугоос гадна “ЖАЙКА”-ийн төслийн мэргэжилтэн Таканаши Акихиро мөн хамт ажиллаж байна. Тэрээр, салбар хэлтсүүд дээрх практик үйл ажиллагааг хариуцаж ажилладаг аж. Ялангуяа, хэлтсүүд дээр харилцаа хандлага муу, хүлээлт их байдаг гэсэн шүүмжлэл их байдаг учраас ажлын байран дээрх сургалтуудыг хийдэг гэж байв. Төслийн мэргэжилтэн Таканаши Акихиро “Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчдын төлсөн шимтгэлийн хөрөнгөөр тэтгэвэр, тэтгэмж олгох үйл ажиллагаа  явуулдаг хэдий ч бас нэг анхаарвал зохих зүйл нь иргэд даатгуулагчдад зөв мэдээлэл олгох, иргэдийг мэдээллээр хангах, үйлчлүү­лэгч­дийн тав тухыг хангасан орчныг бүрдүүлэх ёстой. Энэ орчныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Япон улсын нийгмийн даат­галын салбар хэлтсүүдийн үйл ажиллагааг танилцуулах сургалтыг бид жилд хоёр удаа Япон улсад зохион байгуулж байна. Мөн Монголд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүдтэй хамтран нийгмийн даат­галын хэлтсүүдийн үйл ажиллагаа, орчин нөхцөл­тэй танилцуулаад, тэдний санал санаачлагыг сонсох, хэрэгжүүлэх ажлыг хийж байна” гэв. Ярилцлагынхаа төгсгөлд Монголчуудын дундаж наслалтын талаар асуухад “Монголд эрэгтэйчүүдийн дундаж насжилт 66, эмэгтэйчүүдийн дундаж насжилт 73 байдаг. Дундаж наслалт гэдэг нь 0-оос дээшхи бүх насныхныг дундажлан тооцсон тоо. Тэгэхээр нэг хүртэлх насны нярайн эндэгдэл их байх тусам дундаж наслалтын тоо бага гарч ирдэг. Одоо Монголд нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс Монголын нөхцөлд тэтгэврийн насанд хүрсэн 55-60 настай хүн цаашид 12 жил амьдарна гэсэн тооцоо байх жишээтэй. Тиймээс энэ хугацаан дахь тэтгэвэр олголтыг нийгмийн даатгалын сан хариуцна гэсэн үг. Энэ эх үүсвэрийг нь урьдчилан бүрдүүлсэн байх ёстой байдаг.

“Шинрай” төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын нийгмийн даатгалын систем боловсронгуй болж, залуучуудын хамрагдалт нэмэгдэж, бодит үр дүнд хүрнэ гэж харж байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *