Ядуусын хэрэг-II

9-р сарын 29, 2015 10:03 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 105
9-29-3

Түрүүч нь http://zms.mn/yaduusyn-hereg/

Томчууд бид хүүхдээ үхэлд нь зориуд “бэлдэж” байна. Цахилгаан залгуур, халуун хоол цай, тогоо плитка зэргээ газраар зулж ахуйн ажлаа хялбарчлах гэсэн биш хөлд, хэлд ч ороогүй жаахан үрсээ түлж, шалзлан эрүүл мэнд, бүр цаашилбал амь насыг нь хохироодог явдал та бидний дунд гэм биш зан болж гүйцлээ. Уг нь Монгол Улс хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хуульч­лаад өгчихсөн. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Олон улсын хүүх­дийн эрхийн концвен­цийг хэрэгжүүлэх үүрэг­тэй. Монгол гэхээр зөв­хөн төр засаг биш эцэг эхчүүд, ард иргэд нь даган биелүүлэхийг хэлж байна. Гэвч ирээдүй хойчийн үр садаа гэнэтийн дайрлагад ингээд алдсаар байх гэж үү.

ХАЛУУН ТОГООНД ХҮҮХЭД ТҮ ЛЭГДЭХГҮЙ ГЭХ ЭЦЭГ, ЭХЧҮҮД БАЙНА

Хүүхэд, өсвөр үеийнх­ний дунд бүртгэгдсэн осол гэмтэл 2008 онд 10 мянган хүн тутамд 311.4 байсан бол 2012 онд 388.3 болж огцом өссөн судалгааг Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гаргажээ. Осол гэмтлийн шалтгааныг түлэгдэлт, өндрөөс унах, зам тээврийн осол тэргүүлсэн нь харамсалтай мэдээлэл. Ингэхдээ 0-5 насны хүүхдийн түлэгдэлт олонх байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд онцоллоо. Тус төвд өнгөрсөн онд 1485 хүн түлэгдэлтийн улмаас хэвтэн эмчлүүлснээс 1090 нь хүүхэд байжээ. Тэгвэл он гараад энэ тоо нэмэгдсэн дүнтэй бай­на. Хагас жилийн байдлаар 900 гаруй хүнд амбулаторийн үйлчилгээ үзүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гэдгийг ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрх­лэгч Э.Галбадрах ярилаа. Хүүхдийн түлэгдэлт дот­роо буцалж буй халуун тогоотой хоол, цайнд түлэг­дэх нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэж тэрээр халаглаж байв. Ийм түлэгдэлт голдуу гэр хороололд, нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт ихэнх хувийг эзэлж байгаа тухай өмнөх дугаарт нийтэлсэн билээ.

Гэр хорооллын айл өрхүүдэд болгоомжгүйгээс халуун тогоонд хүүхэд түлэгдэх нь энэ төрлийн осол гэмтэл гарах үндсэн шалтгаан болж байна. Эцэг, эхчүүд ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг. Эрүүл мэнд, спортын яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гэр хорооллынхны дунд судалгаа хийхэд эцэг, эхчүүдийн 68.9 хувь нь анхаарал болгоомжгүйгээс хүүхдээ түлдгээ зөвшөөрчээ. Гэвч 10 орчим хувь нь түлэгдэнэ гэж боддоггүй гэсэн хариултыг өгсөн байх юм. Болзошгүй аюулыг мэдсээр байж, зарим нь бүр аюул хүүхдийг нь тойроод гарах юм шиг мунхаг бодлоор түлэгдэлт гэх аюулт ослыг үл тоодог ажээ.

12-24 САРТАЙ ХҮҮХЭД ХАМГИЙН ИХ ТҮЛЭГДДЭГ

Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх эмгэгүүд, насны бүлгээр, 10 мянган хүн амд. 1-4 настай хүүхдийн осол гэмтлийн шалтгааныг тїлэгдэлт тэргүүлж байна.

Түлэгдэлтэд 0-5 насны, тэр дундаа 12-24 сартай хүүхдүүд өртдөг юм байна. Энэ нь хүүхэд хөдөлгөөнд орж хүрээлэн буй юмс үзэгдлийг таньж мэдэхээр таарсан бүхэнд хүрч мэдэрдэг нас. Энэ л үед нь гар, хөлөөс нь аюулт зүйлийг холдуулж байнгын хараа хяналттай байгаагүйгээс л халуун, буцлам зүйлийг барьж, татан эндэж байна, тэд. ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт өдөрт бараг гурван хүүхэд түлэгдэж ирдэг. Бүр “Халуун тогооныхон” гээд нэршчихсэн тухай өмнө нь мэдээлсэн. Тэд­ний нэг, хагас жилийн турш түлэнхийн тасгаар эмчлүүлж яваа охи­ны эмээ Н.Оюун сахиу­­раар харж байхтай сурвалжлагын үеэр таар­сан юм. Тэрээр “Зээ охин маань нэг нас найман сар­тай. Өнгөрсөн гурав­дугаар сард гэртээ халуун тогоотой шөл татчихсан. “Миний хүү холдоорой” гэсээр байтал гүйж яваад бариулыг нь хөлөөрөө шүр­гээд халуун тогоо хөмөр­чихсөн. Би ч ухасхийгээд барьж аваад хүйтэн усанд дүрсэн. Бөгсөн биеийнх нь арьс тэр чигээрээ хуурчихсан байсан. Түргэн дуудаад сэхээнд ороход эмч нар 65 хувийн түлэгдэлтэй гэсэн. Биеийн доод хэсгийн арьс тэр чигээрээ нөхөөсөнд орсон. Бараг хагас жил өнгөрлөө, одоо л хөл дээрээ явж эхэлж байна. Эмэгтэй хүүхэд доод биеэрээ түлэгдэх нь эрсдэлтэй гэж эмч нар хэлж байна лээ. Эмэгтэй л хүн хойно, нас биед хүрч хүүхэд гаргана. Хүүхэдтэй болоход хүндрэлтэй гэсэн. Үүнд маш их санаа зовж байна. Мэдээж томчууд бидний сонор сэрэмжгүйгээс болж алдсан ч гэсэн эмчилгээний зардал дийлдэхгүй өндөр юм. Хүүхдийн эрүүл мэндийн даатгалын мөнгө зөвхөн ор хоногийн төлбөр, ойр зуурын эм, тарианд зарцуулагддаг юм байна. Шаардлагатай ихэнх эм, тариа, тосыг гаднаас авч байна. 250 грамм тос гэхэд 50 мянган төгрөгийн үнэтэй. Зээ охиныхоо эмчилгээнд одоогоор хоёр сая орчим төгрөг зарцуулаад байна. Түлэгдсэн хүүхдүүдийн эмчилгээний зардлыг улсаас хөнгөлөх тал дээр анхаарах шаардлагатай байна” гэж ярив. Энэ бяцхан охин шиг бие махбодь, ирээдүйгээрээ хохирч байгаа өчнөөн хүүхэд бий. Амь насаа алдсан нь ч цөөнгүй.

ХАЛУУН ТОГООГ СУУРИН БАЙРЛУУЛЪЯ

Гэр хорооллынхон цай, хоолоо халуун тогоонд хийж хэвшсэн. Хамгийн тохиромжтой хэрэглээ нь энэ. Галаа түлээд цай, хоолоо хийдэг нь ч бий. Гэхдээ цаг зав, зардлын хувьд цахилгаан тогоо нь боломжийн өртөгтэй. Тийм болохоор түлэгдэхээс сэргийлж бай­на гээд халуун то­гоо хэрэглэхийг зог­соох аргагүй. Гагцхүү зөв, аюулгүй хэрэглээ түлэгдэлтийн эмгэгийг зогсооход чухал ач холбогдолтой юм. Үүнд олон арга зам байж болно. Тогоогоо хөдөлгөөнгүй, өндөр газар хөдлөшгүй байрлуулахад нэг их зардал гарахгүй. Зөвхөн халуун тогоо ч бус ус буцал­гагч, ил задгай цахилгааны утас, савласан халуун хоол, цай гээд түлэгдлийн шалтгаан олон бий. Гэвч үүнийг хэлээд л шийдэгдчих асуудал биш ажээ. Зарим хүнд үүнийг ойлгох ухамсар алга. Хүүхдээ халуун тогоонд нэг настайд нь түлчихээд, хоёр жилийн дараа дахиад түлчихлээ гээд эмнэлэгт хандаж байна, цаана чинь. Тэдэнд ойлгуулаад, тайлбарлаад, сануулаад өгчих хэн нэгэн алга. Манай улс нэг сая гаруй хүн амтай нийслэлийн, дээрээс нь орон нутгийн иргэдийг хүлээж авдаг түлэнхийн чиглэлийн ганцхан тасагтай. Ачааллаа дийлэхгүй байгаа эмч нарт өвчтөнд зөвлөгөө, мэдээлэл өгөөд байх цаг хугацаа ч хомс. Уг нь үүнийг судалж, шалтгааныг тодорхойлж, гаралтыг нь бууруулахад бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтарч, мэдээлэл өгч ажиллах үүрэгтэй нийгмийн ажилтан гэж албан тушаалтан эмнэлэгт байх ёстойг учир мэдэх хүмүүс ярьж байна. Яах ч аргагүй нийгмийн асуудал болсон түлэгдэлтийн учир шалтгааныг тодорхойлж, албажуулж, урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажил дутагдаж байгааг шийдвэр гаргагчдад сануулмаар байна. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш ойлгохгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэж мэргэн үгс бий. Хүүхдээ “түлэгдэг” гээд халуун тогоог газраар зулаад цай, хоолоо хийгээд байгаа эцэг, эхчүүдэд хэлж, сануулж, анхааруулахаас нааш энэ асуудал цэгцэршгүй нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *