Я.Содбаатар: Хөгжлийн банкийг шалгасан нь засаг хагарах шалтгаан болсон

9-р сарын 7, 2015 4:49 pm Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 64
IMG_9797

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

УИХын гишүүн Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Эдийн засгийн байдал ямар байна гэж асуух нь одоо бараг цаг үрсэн болох байх. Хүйтний улирал ойртож байгаа энэ үед манай эдийн засагт том ачааг нь үүрэлцдэг мал аж ахуйн салбар болоод малчдадаа хэрхэн анхаарч ажиллах талаар ярилцлагаа эхлүүлье?

Орон нутагт иргэдийн амьжиргаа хүндхэн байна. Өмнөх үетэй харьцуулахад энэ жил ноолуур болон махны үнэ буусан. Ноолуурын үнийн уналтаас болж иргэд малчдын, тэтгэврийн гээд зээл их авч байна. Дээрээс нь мал махны бэлтгэл тааруу байгаа.

Тиймээс УИХын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт мах бэлтгэл болоод экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг хүссэн албан тоот явуулж, улсаас орон нутагт тодорхой хэмжээний мөнгийг мах бэлтгэлд гаргаж, анхаарч ажиллахыг хүссэн. Олон газраар гантай байгаа тул энэ өвөл хүндхэн болж болзошгүйХөдөөгүүр малчидтай уулзаад явахад өвөл хүнд болж магадгүй тул төрөөс мах бэлтгэлд анхаарахыг сануулж байна. Өвөрхөнгай аймгийн тухайд улс болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлуудын явц боломжийн байгаа ч гүйцэтгэл, санхүүжилт дутагдалтай байна. Монгол Улс энэ жилийн эхний долоон сарын байдлаар улсын төсвийн гүйцэтгэл 580 тэрбумаар тасарч байгаа. Сангийн  сайдын үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт төсвийн тодотгол хийхээс өөр гарцгүй болж байгаа гэж мэдээлэл хийсэн. Төсвийн тодотгол хийхгүй бол төсөв өөрөө алдагдалтай гарч магадгүй. Ялангуяа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээс, экспортоос, өмч хувьчлалаас олох орлого нэлээд тасалдаж байна. Нийт эдийн засаг амаргүй байгаа нь аж ахуйн нэгжүүдийг бүгдийг нь зогсонги байдалд оруулж байгаа. Өнөөдөр хөдөөд, хотод ч аж ахуйн нэгжүүдийн хооронд бэлэн мөнгөний эргэлт бараг байхгүй болчихсон, бартерийн үйлчилгээ явж байна. Хоорондоо ажил үйлчилгээгээр бартерласан байдалтай байна. Энэ түгжээг тайлахгүйгээр Монголын эдийн засаг сэргэх хандлага байхгүй.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уначихлаа. Манайх шиг уул уурхайн бүтэгдэхүүнээс эдийн засгийн дийлэнх хэсэг нь хамааралтай байдаг улсын хувьд өнөөдрийн нөхцөл байдалдаа тохируулж эдийн засгаа сэргээх, цаашлаад сайжруулах ямар алхам хийх шаардлагатай байна?

Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат нэг чухал ажлыг эхлүүлсэн. Дараагийн сайд нь үүнийг нь үргэлжлүүлээсэй гэж хүсч байна. Өнөөдөр дотоодын банкууд Засгийн газрын бонд дээр мөнгөө байршуулсан байгаа. Дотоодод гаргасан Засгийн газрын бондын хүү 16 хувьтай байна. Тэгэхээр банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгохоо бараг зогсоосон. Харин тэдэнд зээл олгохгүйгээр өөрийнхөө банкны актив дээр байгаа мөнгөө ихэвчлэн Засгийн газрын бонд дээр байршуулах нь ашигтай хувилбар болсон. Иргэн, аж ауйн нэгжээс ойролцоогоор 10 хувьтай хатгалуулж авснаас 16 хувьтай банкинд байршуулах нь эрсдэлгүй бизнес. Тиймээс дотоодын бонд гаргасан хоёр их наяд гаруй төгрөгийг гадаад бондоор солих нь чухал. Ингэвэл банкуудыг мөнгөжүүлэх боломжтой болно. Ийм зорилгоор Сангийн сайд асан Ж.Эрдэнэбат гадаадад бонд гаргахыг санаачилсан. Үүнийг хэрэгжүүлбэл хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, төсвөөс гарч байгаа мөнгө багасна. Зээлийн үйлчилгээ, хүүнд гарч байгаа төлбөр багасна. Хоёрдугаарт, дотоодын банкуудын бондын мөнгийг солиод өгвөл банкууд эргээд иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээл гаргаж эхлэх юм. Өнөөдөр бэлэн мөнгө тасалдсан байдалтай байгаа. Энэ маягаар том эдийн засгийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Төрийн албан хаагчдын дунд ямар сайд ирээд бүтцийн өөрчлөлт хийх бол гэсэн айдас байгаа бол улстөрчдийн дунд сайд, сандал ширээ ярьсан байдлаар зуны халуун өдрүүд өнгөрлөө. УИХаас баталсан Эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, УИХд тайлагнах ёстой. Гадаад талдаа хэрэгжүүлэх гэж оролдож байсан төслүүдээ улс төрийн  нам хамаарахгүй явуулах ажлуудад анхаарал хандуулаасай.

Одоогийн байдлаар манай улсын зээлийн хэмжээ 12 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл бий. Ер нь Монгол Улс өнөөдөр хэдий хэмжээний өр болоод зээлтэй байгаа талаарх тодорхой мэдээлэл байна уу?

МАН засагт хамтрахдаа эдийн засгийн хямралыг даван туулах гол зорилготой байсан. Хамтраад засагт орсны дараа хамгийн түрүүнд өмнөх Засгийн газрын үеийн алдаа оноо, байгаа бодит байдлыг дэлгэж тавьсан. Хамтарсан Засгийн газрын хагарсан гол асуудал нь МАНынхан шүүмжлэлтэй хандсан гэж тайлбарлаж байгаа. Бид шүүмжлээгүй, бодит байдал ямар байгааг ил болгосон. Ер нь хамтарсан Засгийн газарт орж, тодорхой мэдээлэл аваад ирэхэд нөхцөл байдал өмнө нь төсөөлж байснаас өөр болсон. Тухайлбал, Монгол Улсын өр 50 хувь хүрээгүй гээд байсан нь бодит байдал дээр 58.3 хувьтай байсан. Нэгэнт өр 58.3 хувьд хүрсэн бол энэ хэвээр нь хүлээн зөвшөөрөөд, авсан зээл, өрөө хэрхэн дарах менежментийг хийж Өрийн удирдлагын тухай хууль, Өрийн стратегийг УИХ баталж өгсөн. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед тавьсан өр бол дандаа арилжааны зориулалттай зээлүүд байсан. Олон улсын байгууллага хоорондын хөнгөлөлттэй зээлүүдийн хүү бага, эргэн төлөлт боломжийн байдаг. Харин бонд гаргаад, бирж дээр нэрлэсэн үнээр зарлагдаад гарсан бонд бол арилжааны зориулалттай зээл учраас эргэж төлдөг. Тиймээс бид үүнийг зайлшгүй төлнө. Төлөхийн тулд эдийн засгийн ерөнхий чадавхаа сайжруулах ёстой. Ингэж байж хуримтлал бий болж, зээлээ төлнө. Зээлээ зөв зүйлд зарцуулах, авсан зээлийнхээ үр өгөөжийг дээшлүүлэх нь дараагийн чухал асуудал. Одоо энэ асуудал үнэхээр хангалтгүй байгаа. УИХ дахь МАНын бүлэг санаачлаад Хөгжлийн банк, Монголбанк дээр өнгөрсөн гурван жилд гарсан мөнгөний тайланг шалгаад эхэлсэн нь Засгийн газар хагарах нэг чухал хүчин зүйл болсон. Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг шалгалтын дүнг байнгын хороо, УИХд тайлагнах ёстой байсан. Шалгалтаар ноцтой асуудлууд илэрсэн.

Тухайлбал, ямар зөрчлүүд илэрсэн гэж?

Өнөөдөр байгуулагдаад маргааш нь зээл авсан тохиолдлууд байна. Мөн аж ахуйн нэгжүүд хэдэн тэрбумаар нь авч, тодорхойгүй зүйлд зарцуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Мэдээж олон тэрбум төгрөгийн асуудал учраас түүн дунд тодорхой хэмжээгээр сайн ажиллаж байгаа цөөн аж ахуйн нэгж байгаа. Сүүлийн үед улсын дэмжлэг гэхээсээ илүүтэй тэр цөөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэх гэж байгаа хүмүүсийн ажил дээр очиж шоудаж байна. Бондын мөнгийг бодитойгоор улс орон хуримтлал үүсгэх хэмжээний томоохон төслүүд рүү хөрөнгө оруулсан уу гэвэл харамсалтай нь үгүй. Ихэвчлэн улс төрийн зорилготойГудамжтөсөл зэрэг ард түмнээс санал авахаар ажлуудад өгсөн. Эдийн засгийн утгаараа иргэн хуримтлал үүсгэх төслүүдэд бага хийсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөх, барилгын салбарын гол түүхий эд болсон цемент, арматураа дотооддоо хангах, IV цахилгаан станцын өргөтгөл зэрэг Сү.Батболдын Засгийн газрын үед эхлүүлсэн төслүүд өнөөдөр нээлтээ хийж байна. Гэтэл энэ ажлуудыг өөрсдөө хийсэн мэтээр тууз хайчлаад явж байна. Бид тодорхой хэмжээгээр гаднаас өр тавьж, зээл авч болно. Гэхдээ үр дүнтэй байх ёстой. Бизнесийн зарчмаараа бол эдийн засгийн хувьд ашигтай, авсан төсөл нь санхүүжилтээ хийгээд, ашгаараа эргээд зээлээ төлдөг байх ёстой. Тэр утгаарааЧингисбонд болон бусад нь хангалттай байж чадахгүй байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хамгийн их мөнгөтэй ажилласан. 1990 онд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар гарч ирээд Сү.Батболдын Засгийн газар хүртэл 10 гаруй Засгийн газар солигдсон. 22 жилийн хугацаанд Монгол Улс 2.2 тэрбум ам.долларын өр тавьсан. Гэтэл Н.Алтанхуягийн Засгийн газар 2012 онд байгуулагдаад өнгөрсөн хоёр жилд 2.7 тэрбум ам.долларын албан ёсны өр тавьжээ. 22 жилээс илүү өрийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хийсэн байдаг. Харин үр дүн нь яаж гарсныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Монгол Улсын өр ямар хэмжээнд ирсэн талаарх мэдээлэл одоогоор УИХын гишүүдэд ирээгүй байна. Намрын чуулганаар төсөв хэлэлцээд эхлэх үед өрийн нэгдсэн дүнг танилцуулах байх. Ямартай ч Монгол Улс даяар өрийн хэмжээ улаан гэрэл ассан байгаа. Аюулын дохио өгч, харанга дэлдээд эхэлсэн.

Монгол Улс 2012-2015 оны хооронд гадаадаас дөрвөн тэрбум ам.долларыг зээлж, эдийн засагт оруулсан байдаг. Хүү бодогдох хугацаа нь ойртсоор байна шүү дээ?

Өрийн хувьд хувийн хэвшлүүд болон Засгийн газар өөрөө авсан зэргээр ангилагддаг. 2012 оноос хойш гаднаас авсан зээлийн үр ашиг, хэрэгжилт хангалтгүй байгаа нь үнэн. Бодитой ажлуудыг ч дорвитой хийж чадаагүй. Тиймээс зээлийн олголт болоод зээл дээр шалгалт хийж, ард түмэнд үнэн мэдээллийг өгөх ёстой гэж бодож байна.

Хоёр жилийн өмнө Хөрөнгө оруулалтын тухай боломжийн хууль баталсан гэж байгаа ч одоо хэр нь эдийн засгийн голлох салбаруудад хөрөнгө оруулалт тааруу хэвээр байна. Энэ талаар хамгийн түрүүнд юуг чухалчилж анхаарах ёстой вэ?

-2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулалт жил бүр буурсаар одоо байж болох хамгийн доод цэгээсээ ч бүр дор орсон байна. Манай улс 2010-2012 онд жилд дунджаар дөрвөн тэрбум ам.доллар гаднаас татдаг байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 580 сая ам.доллар татсан. Энэ жилийн эхний улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт хасах гарсан. Өөрөөр хэлбэл, Монголд орж ирсэн байсан мөнгө гаднаас нэмэгдэх биш харин гадагшлах урсгал руугаа явж эхэлсэн. Гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахдаа хэд хэдэн зүйлийг анхаардаг. Нэгдүгээрт, тогтвортой байдал. Ялангуяа, бодлого болон эрхзүйн тогтвортой байдал. Үүний зэрэгцээ гаднаас хөрөнгө оруулж байгаа хүмүүс ашгийн төлөө ажилладаг. Манай улсад мөнгө оруулж байгаа бол нэг төгрөгөө яаж хоёр болгох вэ гэдгээ бодож ирдэг гэсэн үг. Тиймээс дэлхийн хөгжилтэй гэх бүх улс гадаадын хөрөнгө оруулагчдын төлөө бүх зүйлээ амалж, хөрөнгө оруулалтыг татахын тулд зүтгэж байгаа. Учир нь гадны хөрөнгө оруулагчдын мөнгөөр улсаа хөгжүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх нь бүх улс орны гол зорилго. Монголд хөрөнгө оруулагчид тээнэгэлзсэн, харзнасан байдалтай хандаж байна. Юуны өмнө төр засаг, бодлого нь тогтворгүй байдаг. Хууль нь нэг өглөө сэрэхэд л өөрчлөгдчихдөг. Хамгийн гол нь өмчийн эрх нь баталгаагүй. 1990 оноос хойш Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд дарга сэтэртэй бүх хүн гадаадын орнуудад очихдоо Монголд хөрөнгө оруулаач гэдэг асуудлыг ярьдаг байсан. Ингэж уйгагүй урьж байж 20 жилийн дараа буюу 2009 оноос Монголд бодит хөрөнгө оруулалтууд орж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулагчдыг бид гуйх биш тэд Монгол Улсын үүдэнд хөрөнгө оруулахаар дараалан жагсаж эхэлсэн. Харамсалтай нь 20 жилийн хөдөлмөрөө хоёр жилийн дотор салхинд хийсгэсэн. Одоо монголчууд хөрөнгө оруулагчдын үүдэнд эргээд хүлээгээд зогсож байна. Ялгаа нь ердөө энэ. Энэ бол Монголын эдийн засагт том  ухралт болсон.

Тэгэхээр тэднийг та­та­хын тулд дахиад эхлэх хэ­рэг­тэй гэж ойлгож болох уу?

Эдийн засаг өдрөөс өдөрт агшиж байна. Агшиж байгаагийн гол шалтгаан нь 2009 оноос хойш хөрөнгө оруулагчдыг дагаж валют орж ирж, эдийн засгийн эргэлтийг сайжруулдаг байсан. Одоо тэр нь тасалдсан. Сүүлийн үед гадны хөрөнгө оруулагчдын мөнгөөр биш зээл, бондоор тасалдсан мөнгөн урсгалыг нөхөх гэж оролдож байна. Уг нь гадны хөрөнгө оруулагч ороод ирвэл хариуцлага хүлээхгүй. Хүү төлөхгүй, эргэн төлөлт хийхгүй буюу хөрөнгө оруулагч эрсдлээ өөрөө үүрдэг давуу талтай. 2009 оноос хойш Монгол Хятадын нүүрс, зэс, төмрийн зах зээл дээр бодитой өрсөлдөгч болж гарч ирсэн. Тиймээс Хятад руу дээрх төрлийн бүтээгдэхүүнээ өгдөг орнууд Монгол Улсад эдийн засгийн тагнуул гэж хэлж болохуйц үйл ажиллагааг эрчимтэй явуулж эхэлсэн. Нэг талаасаа энэ нь монголчуудыг хагалган бутаргасан. Бид ч өөрсдөө буруу зөв нь мэдэгдэхгүй тоглолтод нь оролцсон. Энэ утгаараа Монгол Улс нийтээрээ хохирсон. Одоо хөрөнгө оруулалтыг татахын тулд бид дахиад өнгөрсөн 20 жилийнхээ ажлыг хийх хэрэгтэй болж байна. Хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй хэрнээ хөрөнгө оруулалтыг татах амаргүй ажлыг хийхээс өөр гарцгүй болсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 9

Propecia Alquiler Acheter Du Vrai Cialis En Ligne viagra vs cialis 5mg Cialis Price100 Mg Brand Viagra And Cialis

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *