Я.Баяраа: СУИС-ийг их утга зохиолын босготой хамт алхсан

10-р сарын 6, 2017 9:00 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт , Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 32
10-6-4h

Ч.ГАНТУЛГА

Энэ удаагийн дугаарын зочноор “Алтан –Өд”-ийн эзэн, яруу найрагч Я.Баярааг урилаа.

Зохиолчтой уулзсаных уран бүтээлийн тань сонин сайхнаас ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн үед жүжгийн зохиол дээр ажиллаж байна. Америкийн зохиолч Регинальд Роузын “12 ууртай хүн” жүжгийн монгол хувилбарыг бичсэн. Энэ жүжгийг олон улс өөрийн хувилбараар тайз дэлгэцийн бүтээл болгосон байдаг. СУИС-ийн оюутнууд магистрын хамгаалалтдаа энэ жүжгийг тоглохоор болсон. Мөн тайз дэлгэц, уран зохиол, уран зургийн гэсэн гурван бүлэгтэй шүүмжийн ном гаргахаар ажиллаж байна.

Монголын зо­хиолчдын эвлэлийн ээлжит XVI их хурал болно. Уран бүтээлчийн хувьд хуралдаа оролцох уу? 

-Би Зохиолчдын эвлэлийн отгон гишүүдийн нэг. Өмнө нь Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойн хурал 10 гаруй жилийн өмнө болоход нь нэг удаа сонирхож харсан. Тухайн үед яруу найрагч Д.Чимэддорж агсан “Зохиолчид гэр гэртээ харих хэрэгтэй. Энд яагаад даргын төлөө хэрэлдээд сууна вэ” гэж хэлж байсан. Инээдтэй ч, голтой л үг.

Гэхдээ 80 гаруй жилийн түүхтэй энэ байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж болохгүй байх?

-Би МЗЭ-ийн үйл ажиллагааг үгүйсгээгүй. Дэлхийд монгол хэлээр ярьдаг дөрвөн улс бий. Үүнээс хамгийн том буюу тусгаар тогтносон орон нь Монгол Улс. Харин эх хэлээрээ бичдэг хамгийн олон зохиолчийг нэгтгэсэн байгууллага нь МЗЭ юм. Мөн зохиол бүтээлээрээ олонд танигдсан олон уран бүтээлч гишүүнчлэлтэй байдаг учир олны анхаарлыг татдаг. Харин бусдаар бол бусад төрийн бус байгууллагатай л адилхан төрийн бус байгууллага шүү дээ.

Холбооны даргыг сонгох асуудал нэлээд шуугиан дэгдээгээд амжсан. Та ямар байр суурьтай байсан бэ?

-МЗЭ-ийн дарга хэн байх нь өнөөгийн монголчуудын амьдралд төдий л ач холбогдолтой зүйл биш. Холбоогоороо нийлээд сайн зохиол бичнэ гэж байхгүй. Зохиол бичих нь ганц хүний ажил. Харин МЗЭ-ийн гол зорилго нь зохиолчдынхоо оюун санааны өв, Монголын зохиолчдын эрх ашгийг хамгаалах, бүтээлийг нь түгээн дэлгэрүүлэхэд оршдог гэж би боддог. Данзангийн Нямсүрэн дарга нь Д.Төрбат байсан эсэхээс үл хамаараад, О.Дашбалбар хэн дарга байхаас үл хамаараад гайхамшигтай шүлгүүдээ бичиж л байсан. 800 гишүүн бүгд дарга болмоор байвал болно шүү дээ. Дөрвөн жилдээ хуваахаар нэг хүн хоёр өдөр даргын сэнтийд сууж болох юм.

Тэгвэл та МЗЭ ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байна гэж хардаг вэ?

-Монголд буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаа сул. Иргэний нийгмийн хөгжил манайд угаасаа л сул. Харин МЗЭ бол тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй тогтвортой байгууллага. Социализмын үед үзэл суртлын чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин шинэ нийгэмд шилжсэнээр дасан зохицох гэж 20 гаруй жилийн нүүрийг үзлээ. Хэд хэдэн үеийн зохиолчид энэ байгууллагыг удирдаж, шинэ нийгэмд дасан зохицох арга замыг хайсаар байна. Долгорын Нямаа, Дамбын Төрбат, Пүрэвжавын Баярсайхан, Хайдавын Чилаажав, Цэнд-Аюушийн Буянзаяа зэрэг Монголын бүх үеийн сор зохиолчид энэ холбоог удирдаж ирсэн. Төрөөс санхүүждэг байсан байгууллагыг өөрчилж зөвхөн гишүүдийн санхүүжилтэд тулгуурлаад, зохиолчдынхоо эрх ашгийг хамгаалдаг энэ бодлогоо авч үлдэхийн тулд олон сорилттой тулгарч, төлөвшиж байгаа байгууллага гэж би залуу гишүүний хувьд хардаг.

Та гишүүн болсноосоо хойш энэ холбооны ямар ажилд оролцож байна?

-Намайг 2016 онд МЗЭ-д элссэний дараа “Цог” сэтгүүлийн багт орж ажиллах санал тавьсан. Энэ багийг залуу уран бүтээлчдээр бүрдүүлье гэсэн саналыг одоогийн УИХ-ын гишүүн, хуучин МЗЭ-ийн дарга байсан Г.Мөнхцэцэг гаргасан. Ингээд яруу найрагч Ө.Үлэмжтөгс, Т.Есөн-Эрдэнэ бид гурав ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд “Цог” сэтгүүлийг шинэчлэх, галыг нь дахин асаах зорилгоор зургаан дугаар гаргалаа. Энэ ажлыг хийж байхдаа  Монголын утга зохиол, зохиолчид бид яасан олуулаа, бас хүчтэй юм бэ гэдгийг мэдэрсэн. Зургаан дугаарт Монголын 100 гаруй, гадаадаас 50 гаруй зохиолчийн тухай багтсан байгаа. Монгол зохиолчид бичиж л байвал, энэ сэтгүүл хэвлэгдсээр байх боломжтой. “Цог” сэтгүүлийн хувьд хамгийн сүүлийн дугаар нь нэрт яруу найрагч Гомбын Сэр-Одод зориулсан. Үүнээс өмнө Д.Нацагдорж, Д.Нямсүрэн гэсэн уран бүтээлчдэд гол сэдвээ зориулж байлаа. Энэ нь Монголын утга өв санг шинээр харахсан, залуу судлаачид энэ уран бүтээлчдийг хэрхэн харж байна гэдгийг уншигчдад хүргэх зорилготой.

МЗЭ-д шинэчлэгдэх арга зам юу байна?

-Шинэхэн гишүүн би энэ талаар юу ярих вэ. Хамгийн их шинэчлэгдэж, үйл ажиллагаагаа тогтворжуулахыг хичээж буй байгууллага гэдгийг нь тодорхой хугацаанд ойр ажилласан хүний хувиар хэлж чадна. МЗЭ-ийн гишүүдийн дундаж нас дөрвөн жилийн өмнө 63 байсан. Одоо 43 болж залуужсан байна. Дөрвөн жилийн хугацаанд бидний үеийн олон залуу уран бүтээлч зохиолчдын эвлэлд элссэн. Нийгэмд идэвхтэй, байр сууриа олохоор тэмүүлж буй залуу хүмүүс энэ байгууллагад орсноор эвлэлийг илүү идэвхтэй болгоно гэж боддог.

Ахмад уран бүтээлчдээ мартдаг гэсэн үг МЗЭ-ийг байнга дагадаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай ханддаг вэ?

-Ахмадуудаа мартдаг гэж би хэлэхгүй. Утга зохиол өөрөө их хатуу хуультай. Сайн зохиолч үхсэн хойноо ч мартагддагүй. Харин муу зохиолч амьддаа ч мартагддаг жамтай. Энэ бол ямар нэгэн байгууллагатай холбоотой асуудал биш. Тухайн зохиолчийн бичсэн бүтээлтэй холбоотой асуудал.

Монголын утга зохиолын ертөнцөд таны үеийнхэн хүч түрэн орж ирж байна гэж та хэллээ. Та бүхний зохиол бүтээлийн утга санаа, агуулгын хувьд ямар зүгт хандаж байна?

-Орчин үеийн дэлхийн утга зохиолын сэтггэлгээ ийм байна. Түүнээс бид ингээд хоцорчихлоо гэж хэлж чадахгүй. Тийм дүгнэлт хийх уран зохиолын боловсрол надад байхгүй. Харин Монголын уран зохиол халуун үедээ байгааг хэлж чадна. Өмнө нь хэзээ ч ийм чөлөөтэй бүтээл туурвилаа хийх боломж байгаагүй. Магадгүй Чингис хааны үед л ийм эрх чөлөө байсан байх. “Монголын нууц товчоо” үүний хамгийн том илрэл юм. Тэр үеэс хойш Манжийн дарлал, буддын шашны нөлөө оросын соцреализмын том дарамтад бид байлаа. Өнөөдөр л монголчууд хэнээс ч айхгүй, ямар ч өнцгөөс бичиж болж байна. Энэ нь том боломж юм. Уран зохиол техник технологи биш. Сэтгэлгээний урлаг.  Уран зохиол хөгждөггүй, оршин байдаг зүйл. Харин цар хүрээгээ хэрхэн тэлж байгаагаар нь үнэлж болох юм.

Жил бүрийн “Болор цом” наадам шүүмжлэл дагуулах юм. Энэ наадамд шүлгээ уншиж байсан яруу найрагчийн хувьд та юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн жил би “Алтан Өд” наадамд түрүүлсэн учир л орсон. Түүнээс оролцох бодол төрдөггүй. Тайзан дээр шүлэг унших сайхан. Харин тэр бүтээлийг минь хэн нэгэн хянаад оноо тавина гэдэг утгагүй асуудал. “Болор цом”-ыг өөрчлөх олон боломж бий. Үүнийг МЗЭ хийх байх. Жишээ нь оноо тавилгүйгээр тэр жилийн хамгийн сайн шүлэгтэй яруу найрагчдын шүлгийг нь уншуулахад хангалттай. Эсвэл цом нь чухал юм бол бүгдэд нь л өгчихнө биз.

Таны хувьд утга зохиолын ертөнцтэй хэзээнээс холбогдсон бэ?

-Би бичиг үсэг сурсан үеэсээ л шүлэг бичиж эхэлсэн. III ангидаа адууны тухай шүлэг бичээд ханын самбарт гаргаж байсан  санагддаг. Уран зохиолын тогоонд оюутан байхдаа орсон. Харин уран зохиолын халуун амьдралд 2014 онд СУИС-д утга зохиолын хичээл заадаг болсноосоо хойш орсон гэж боддог. СУИС-ийн босгыг алхахдаа их утга зохиолын босгыг хамт алхсан даа.

Таны номын санд ихэвчлэн ямар ном байдаг вэ?

-Уран зохиолын номыг уншиж биш ууж байна гэж боддог. Харин сүүлийн үед улстөрчдийн намтар их уншиж байна. Мөн орчин үеийн театрын, жүжгийн, тайз дэлгэцийн онолын ном уншиж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *