Валютын нөөцийн алдагдалд Чингис, Дим Сам бондын өр нөлөөлсөн гэв

10-р сарын 18, 2018 7:30 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 14
10-18-3

С.УЯНГА

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханштай холбогдуулан гишүүдийн асуултад хариулахдаа Хөгжлийн банк гадаад санхүүгийн зах зээл дээрээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай жилийн 7.25 хувийн хүүтэйгээр амжилттай босголоо.  Энэ бол Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банкны өөрийнх нь амжилт юм. Ингэснээр манай гадаад валютын улсын нөөцөд учрах байсан дарамтуудыг тодорхой хэмжээгээр буурууллаа. Мөн Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулах алхам боллоо” гэдгийг онцолсон юм.

Мөн “Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5.5 хувиар суларсан. Эдийн засгийн дотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлт дагасан хөрөнгө оруулалт болон хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт, экспортын тээвэрлэлттэй холбоотой хил дээрх түгжрэл зэргийг хамааруулж ойлгож байгаа юм. 2018 оны эхнээс хөрөнгө оруулалтын импорт 298 сая ам.доллараар буюу 46 хувиар өсөөд байна. Хөрөнгө оруулалтын энэхүү хуримтлал нь ирээдүйн эдийн засгийн өсөлтийг тэтгэх хөдөлгүүр байх болно гэж үзэж байгаа. 2012 онд босгосон Чингис бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, Дим Сам бондын 160 сая ам.долларын төлбөрийг 2018 онд төлж барагдуулсан. Бондуудын төлбөрт валютын улсын нөөцийн тодорхой хэсэг гарсан. Энэ бол санхүүгийн дансны томоохон гарах урсгал болж, тэнцлийн алдагдалд нөлөөлсөн

Валютын ханшийн тогтвортой байлгах бодлогыг бид барьж байгаа. Гадаад худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх явдал бол ханшаа хамгаалах хамгийн гол стратегийн зорилт гэж үзэж байгаа.

Гадаад орчноос хамааралтай ханшийн савалгааг хязгаарлахын тулд ойрын хугацаанд цаг алдалгүй авч хэрэгжүүлэх хэд хэдэн арга байна. Богино хугацаандаа ямар арга хэмжээ авах вэ гэхээр, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах гол арга зам. Экспортлогч төрийн өмчит компаниудын хяналтын сайжруулах. Экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөр үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийг схемийг хэрэжүүлэх, импортын эрэлтийг нэмэгдүүлэх Засгийн газрын зардал, үйл ажиллагааг аль болох хязгаарлах бол богино хугацаанд хийж болох бодлогын алхмууд гэж харж байна.

Дунд, урт хугацаанд уул уурхайн бус экспортыг дэмжих бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжрулах, экспортыг дэмжих байгууллага болон гадаад худалдааны бодлогыг хариуцсан байгууллага институци шинээр бий болгох, гадаад худалдаанд тулгарч байгаа саад бэрхшээлийг хөнгөвчлөх чиглэлийн гэрээ хэлцлүүдээ яаравчлуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхүйц институцийн тогтолцоо болон бодлогын орчин бий болгох ажлуудыг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ОУВС-гийн хөтөлбөрөөр энэ онд 700 орчим сая доллар орж ирнэ. Төлбөрийн тэнцэлтэй холбоотой 150 сая доллар орж ирэх юм. Хэдийгээр энэ мөнгийг төлбөрийн тэнцэл гэж авч байгаа ч ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас ирж шалгадаг. Энэ мөнгө оны төгсгөлд орж ирэх болов уу гэсэн хүлээлт байна” гэсэн мэдээллийг өгөв .

Харин өчигдөр үдээс хойш УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монголбанкийг хариуцлагагүй ажиллаж байна гэж мэдэгдэв. Тэрээр “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Энэ асуудлаар ярих хүн алга. Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийг тайлбарлахдаа төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5.6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэсэн. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж ирсэн. Уг хуулиа батлуулахын тулд лобби үйл ажиллагаа хийсэн.

Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, хариуцлага хүлээхгүй байна. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *