“В.Путины мэндчилгээ зөвхөн дипломат ёсыг баримталсан төдий зүйл биш”

1-р сарын 3, 2019 8:10 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 31
1-3-6

Д.ЭНХЭЭ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан гадаадын хамтрагч нарт хандаж Оросын удирдагчийн явуулсан мэндчилгээнд хоёрдмол санаа байдаг эсэх талаар Улс төрийн магадлан шинжилгээний төвийн захирал Павел Данилин “КП”-д ингэж ярьсан байна

-Жил бүрийн арванхоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд Кремлиэс дэлхий даяар илгээдэг “баярын мэндчилгээний ил захидлууд” бараг л ёслолын шинжтэй байдаг нь ойлгомжтой. Жишээлэхэд, Германы Ерөнхийлөгч, Канцлер нарт илгээсэн мэндчилгээнд манай хоёр орны харилцааны төвшин нийт Европын хэмжээний ач холбогдолтой хэмээн онцолж тэмдэглэсэн байдаг. Энд өнөөх “Хойд урсгал”-ын нийт Европын хэмжээний статус, тивийн хэмжээнд чухал гэсэн санааг өгүүлж байгаа биш үү?

-Энэ мэндчилгээнд шууд тэгж хэлсэн зүйл байхгүй, байхын ч аргагүй. Харин далд битүү санаа гэвэл… Хэрэгтэй гэж үзсэн тийм санааг иймэрхүү баярын мэндчилгээнд тусгахыг зөв зүйтэй гэж үздэг. Зөвлөхүүдийн албанаас гол төлөв бэлтгэдэг энэ мэндчилгээнүүд ижил загварын шахуу байдаг. Гэхдээ мэндчилгээнд нийтлэг бус ямар нэг санаа агуулсан бол үүнийг төрийн тэргүүн онцолж анхаарахыг хүссэн, эсвэл өөрөө уншиж үзээд засвар оруулсан байх гэж таамаглаж болох юм. Өөрөөр хэлбэл, мэндчилгээ “ёслол” төдий биш гэсэн үг. Үүнийг харин тооцож үзээсэй гэж хүсэх байна. Төсөл манай хоёр улс орны хувьд чухал гэдгийг онцолсон, тохиролцсон чухал хэлэлцээг далайн чанад дахь гадны хүч эвдэж бусниулахыг хичээж байна гэсэн хувь хүний хүний дам илэрхийлсэн дуу хоолойн өнгө аяс бий.

-Израилийн Ерөнхий сайдад хаягласан баярын мэндчилгээнд тодорхой гэж онцлохоор зүйл байхгүй байгаа хэдий ч нийтлэг ерөнхий эелдэг үгсийн зэрэгцээ Ойрх Дорнодод тогтвортой байдал бий болгож, харилцааг хоёр орны ард түмний сайн сайхны тусын тулд үр бүтээлтэйгээр хөгжүүлэх тухай өгүүлсэн?

-Нетаньяхуд илгээсэн баярын мэндчилгээнд улирч байгаа онд хоёр удирдагч олон удаа уулзаж, утсаар ярилцаж холбоо харилцаатай байсан хэдий ч бидний харилцаа хангалттай хэмжээнд үр бүтээлтэй байж чадсангүй гэсэн далд санаа байгааг таамаглаж болно. Израиль улсын төлөөлөгчид өнгөрсөн онд Украины эрх баригчдын үндсэрхэг үзлийг дэвэргэсэн үйлдлийг ядаж ганц удаа буруутгасан бил үү. Бүр тодруулбал, Бандера, Петлюра нарын ойг тэмдэглэх шийдвэрийг эсэргүүцэж. Манай цэргийнхэн байрлаж байгаа Сири улстай холбоотой асуудлаар израильчуудын ямар нэг үйлдэл Ойрхи Дорнодын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус нэмэр болсон бил үү. Үгүй. Манай онгоцыг буудаж унагасны дараа тухайн бүс нутгийн олон нийтийн зарим хэсэг болон израилийн батлан хамгаалахын сайдын биеэ авч яваа байдал харамсалтай нь “бялууг чимэглэсэн интоор” болсон. Оросууд та нарыг ингэх л ёстой гэсэн дуу хоолойг би нүдээр үзэж, чихээр сонссон. Энд ямар үр бүтээл, найрсаг зан үйл байна. Нэг талаас еврейчүүдийг элдэн хөөж, галдан шатааж байгаа тухай кино, зохиол байх боловч нөгөө талаас еврейчүүдийг тамлан зовоож байсан бандерынхныг талархан хүлээн зөвшөөрч байх юм.

-Хятадын удирдагчид илгээсэн баярын мэндчилгээнд стратегийн түншлэлийн харилцаа урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүрсэн гэдгийг өгүүлсэн. Энэ нь байдлыг онцолж тэмдэглэсэн үг үү, аль эсвэл Америк-Хятадын зөрчлийн дэвсгэр дээр угтан ирж байгаа онд ийм болоосой гэсэн хүсэл ерөөл үү?

-Хятадууд зөвхөн хоёрдугаарыг тооцож үзээд зогсохгүй түүнээс ч илүү гүнзгий ухаж бодох болно. БНХАУ-ын удирдлагад хаягласан баярын мэндчилгээг зөвлөхүүд мэдээж маш нямбай олон дахин уншиж, шүүж тунгааж, засч залруулсан байж таарна. Бээжинд буруугаар ойлгогдохуйц ямар нэг зүйлийг бидний бодсончлон тэндээс олох аргагүй. Манай гүрнүүд харилцан бие биеэ тулж түших хэрэгтэй гэсэн санаа боловсруулсныг мэдээж хүлээж авна. Далайн чанадаас Орос улс руу хийж байгаа цохилт өөрийнх нь улс орныг ч чиглэж байгаа гэдгийг хятадууд мэдээж ойлгохгүй байж чадахгүй. 2004 оны гэрээнээс хойш ялангуяа, Европ тив 2014 оноос хойш эвгүй авирлах болсноос хойш бидний харилцаа улам бүр сайн чиглэлээр хөгжиж байгааг шинэ оны мэндчилгээнд онцолсон. Европ холдож, Хятад ойртсон тэр бодит байдлыг шүү дээ.

-Трампад илгээсэн баярын мэндчилгээнд олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл бол Орос-Америкийн харилцаа болж байна гэжээ. АНУ-тай хамгийн өргөн асуудлаар яриа хэлцэл хийхэд манайхан нээлттэй бэлэн байна гэдгээ бас дахин онцолж тэмдэглэсэн?

-Бидний харилцаа олон улсын аюулгүй байдлын баталгаа болдог боловч муудсаар байна. Ингэж муудаж байгаа нь Америкийн эрх баригчдын (истеблишмент) зүгээс янз бүрийн айдас түгшүүр (фобии) бий болгож байгаагаас өөр хоорондоо бараг харилцан ярилцахгүй байна. Тиймээс ерөнхийлөгч яриа хэлцэлд бид бэлэн гэдгээ онцолж тэмдэглэсэн. Харин тийм яриа хөөрөө огт байхгүй чигээрээ л байна. Энэ мэндчилгээ, бусад хэд хэдэн гол удирдагчдад явуулсан мэндчилгээг төрийн тэргүүн өөрөө зассан байх гэж таамаглаж болох юм.

-“Хамгийн өргөн асуудлаар” гэдгийн дотор бидэнд тааламжгүй асуудлууд ч багтаж орно биз?

-Тэгэлгүй яах вэ, тийм асуудлууд бий. Энэ бол пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем, Ойрын болон дундын зайн тусгалт пуужинг устгах тухай гэрээнээс гарах асуудал. Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээний үйлчлэл удахгүй дуусгавар болж байгаа асуудал, бидний эсрэг тогтоосон Америкийн хориг, АНУ-д манай хүмүүсийг барьж хорьсон асуудал энэ бүхэн шинэ жилийн мэндчилгээнд дурдсан “хамгийн өргөн асуудлууд”-ын тааламжгүй хэсэг юм.

-Японд явуулсан мэндчилгээнд ирж байгаа онд газар нутгийн асуудлыг хэлэлцэх санаа өчүүхэн ч тусаагүй юм шиг?

-Газар нутгийн асуудлаа шийдэхдээ юу руу явахад бэлэн байгаагаа өөрөө ч сайн тодорхойлоогүй улс оронтой газар нутгийн асуудал хэлэлцэнэ гэдэг бол тийм ч чухал биш л дээ. Япончуудын тооцоолж байгаа шигээр эсвэл бүр хэсэгчилсэн байдлаар Японтой энхийн гэрээ байгуулахын тулд Япон улс бол Америкийн нөлөөний улс (сателлит) биш, бүрэн эрхт бие даасан тусгаар улс гэдгээ нотлох ёстой гэдгийг сүүлийн саруудад бид нэг бус удаа ойлгуулсан. Өөрсдийн бие даасан байдал нь хязгаарлагдмал гэдгийг болон стратегийн нөхцөл байдлаа өөрөөсөө болж муутгах боломжийг бид олгохгүй байгааг япончууд ойлгож байгаа.

Өөрөөр хэлбэл, улс төрийн эелдэг ёсыг сахиж, хэлэх гэсэн санаагаа илэрхийлжээ. Харин Украины удирдагч мэтийн баярын мэндчилгээ явуулаагүй улс орны хувьд үүгээр хэлэх гэсэн санаагаа нэг мөсөн илэрхийлсэн гэсэн үг үү?

-Ердийн нөхцөлд шинэ жил, зул сарын баяраар мэндчилгээ явуулна гэдэг дипломат ёсны хийх ёстой жирийн ажил. Энэ ажлыг зөвлөхүүдийн алба (референтура) бэлтгэж амжуулдаг. Ерөнхийлөгч бараг үзэж шалгадаг ч үгүй. Чухал, чухал биш улс орон, холбоотон, одоохондоо харилцаа тааруухан улс орон гээд мэндчилгээ бэлтгэдэг хэд хэдэн загвар бий л дээ. Жишээлбэл, Британи улс. Гэхдээ зарим үед төрийн тэргүүн засвар оруулахыг хүсэх  эсвэл өөрөө засах тохиолдол гардаг гэдгийг давтаж хэлье.

Зарим улс орны тэргүүнд явуулсан хэд хэдэн мэндчилгээ жирийн биш шинжтэй байсныг бид сая үзэж харлаа. Энэ утгаар эх орондоо мөрдөн шалгуулж байгаа Армены Ерөнхийлөгч асан Кочарянд баярын мэндчилгээ явуулсан гэдэгт таны анхаарлыг хандуулж болох юм. Энэ оны хувьд Путины явуулсан шинэ жилийн баярын мэндчилгээ жирийн биш байсан гэдгийг энэ баримт харуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.1.3 № 1, 2 (5968, 5969)