Уяачдын ярихыг уулс чагнадаг сан…

7-р сарын 9, 2012 10:21 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 293

Г.ЛХАГВАДОРЖ

 

ААВЫН ХАМАР ДУРСАМЖ ӨГҮҮЛНЭ

Удахгүй наадам болно гэхээр сэтгэл гэгэлзээд багын явдал үе үехэн бодогдоно. Аавынхаа муруй хамрыг харах бүр томоогүй насны цовоо цойлгон инээд минь чихэнд сонсогдох шиг болном. Наадмын хөл хөөр болсон хүмүүс гудамжаар нэг холхиж, уяачид гал, галаараа голын эрэг  даган майхнаа барьж төвхнөхөд цаг агаар  тогтуун сайхан байдаг сан. Манайх наадмаар шинэ хонины шөл ууна. Аав маань мал муулахаас зүрхшээдэг учир тэр өдөр хонь гаргах хүн ирэхийг хүлээж баахан удав. Уяатай том эр хонь халуун наранд айхчин, зүлэг үнэрлэх мэт байдгаараа тонгойн, духаараа харж байсныг би сайн санадаг юм. Аав маань “Энэ муу амьтанд ядаж ус өгье” гэж үглэсээр саванд ус хийн уяатай хонины  дэргэд тавихад духаараа харж зогссон том эр хонь ухас хийн аавын минь хамар дундуур махир эврээ буулгачихав. Хөөрхий аав минь газрын уруу өнхрөөд өгөх нь надад тун ч инээдтэй санагдаж, томоогүй насны саваагүй инээдээр шавайгаа ханатал инээж билээ. Аав минь улаан зулга болсон хамраа даран босч ирээд хувцсаа гөвж зогсохдоо түс хийтэл инээд алдахад сэтгэл нь түгшсэн ээж минь ч дагаж инээгээд бөөн хөхрөлдөөн болж билээ. Тэгэхэд би 11-хэн настай байж. Тэр наадмын өмнөх өдөр он цагийн эргүүлгэн дундаас одоо ч тод санагдана.

 

НААДМЫН ӨГЛӨӨ, НААДМЫН ӨНГӨ

 

Наадмын өглөө чийг цохисон зүлэг,  ногоон дээр нар тусан ууршуулах нь гойд сайхан. Зүлгэн дээгүүр хөл нүцгэн гүйж, хашааныхаа орой дээр мордон суугаад наадмын талбай руу хэр олон хүн явж байгааг танд­даг сан. Дэлээ засуулсан омголон морьд амаа бу­лааж ядан товор товор алхаж, дээлээ сугалдар­галасан ах нар эмээл дээ­рээ хөндлөн сууж явахыг нь хараад бушуухан наадмын тал­бай руу гүймээр санагдана. Хамгийн сайхан хувцсаа өмсөөд аав, ээжээсээ түрүүлэн наадмын талбайг зорьдог байлаа. Улаан тугтай наадмын комисын машин, Засаг даргын “69”, “ИЖ Планета-5” зэрэг замд таарсан машин, мотоцикл бүртэй уралдан гүйсээр наадмын талбайд очдог сон. “Улсын баярын мэнд хүргэе” гэсэн улаан бичиг, уяачид хурдан морио хөтлөн явах зэрэг нь сэтгэл гэгэлзүүлнэ. Шаталж зассан модон сандалтай наадмын талбайн гол хойморт сургуулийн хэдэн ширээ эгнүүлэн зассан байх нь бөхийн барилдаан удахгүй эхлэхийн дохио. Болж өгвөл 64 бөх барилдуулчих санаатай зохион байгуу­лагчид хөлхөх олон дун­даас том биетэй хөвгүү­дийг барьж авна. “Эр хүн байна даа, сумынхаа наадамд нэг зодоглоно оо хө. Аз хүү байвал ёоз хүүгээр цохино, хэд давахыг хэн мэдэх вэ” гэж өсвөр насны хөвгүүдийн цөсийг нь хөөргөдөнө. Өнгө өнгийн дээлтэй хүмүүс модон сандлыг ов тов цоохорлон сууж, бөхийн талбайн гадна, зүрх нь хөөрсөн морьд газар цавчлан, үе үе тургилах үед бөхийн барилдаан эхэлдэг сэн. Зодог шуудаг өмсч, монгол гутал жийсэн бие зузаан бөхчүүдийн дэргэд пүүз, кеттэй, жинсэн өмд өмссөн цээж нүцгэн банди нар шүдэнзний мод шиг чөргөр хэрнээ барилдах гэж хэрдээ шөвөгнөж байгааг харах тун ч инээд­тэй. Нэгийн давааны салхинд явах банди нар үзэгч олны сэтгэлийг нь сэргэтэл инээлгэж өгөөд зүлэг ногоон дэвжээнээс буудаг сан.

Гурвын даваанаас л бөхийн чансаа жигдэрч, гаанс тамхиа байсхийгээд  нэрэх өвгөчүүдийн дэргэд суугаад баймаар санагдана. “Энэ жилийн наадамд тэр хүү өнгөтэй байна даа” гэж цэц бу­лаалдах өвгөцүүлийн таавар талаар болдоггүй сэн. Салхи эргэж үүлс хойноос нүүхэд хуушуур, хорхогны үнэр наадмын талбайгаар нэг тарна. Хаа нэгтэйгээс бурхан одоо л бороо оруулах хэрэгтэй гэж найруулан суух мэт бороо ганц нэг дуслан олны хөлийн тоосыг буулгана. Сумын наадам ийм сайхан…

Үеийн залуус наадмын талбай захлан морьдоо алхуулж, хуушуурны тосонд нэвчсэн сонины тасархай, чихрийн цаас хийснэ. Гуч машины тэв­шин дээр суусан хүмүүс гараараа даллан дуулалд­саар явж одоход сэтгэлд нэг л гунигтай. Гэсэн ч маргааш морь уралдана гэхээр өег санагдана.

 

 ХУРДАН МОРИНЫ ТООСОН ДУНД

 

Их насны морьд уралдах боллоо. Гийнгоон дуу тал, хөндийгөөр нэг цуурайлж, морьд чихээ солбилзууланхан, явдал нь хөнгөрөөд ирлээ. Хурдан морь унах хүүхдүүд хоол ундаа санд мэнд идэж, уугаад мордох үед нутгийн өвгөн Халтар гуай намайг сугадаад авах нь тэр. “За миний хүү хурдан морь унадаг уу” гэж байна. Өмнө нь ер унаж үзээгүй ч үеийн хүүхдүүдээс юугаараа дутах вэ гэж бодоод “Унана аа” гээд хэлчихлээ. Гэтэл Халтар гуай “За миний хүү өвөө нь бор морио уясан юм. Унах хүүхэд олдохгүй байна. Чи л нэг давхиулж үз” гээд зэгзгэр бор моринд мордуулчихлаа. “Их насны морьдын уралдаанд 50 гаруй морь уралдана. Уралдах зай 18 км” гэж цагаан хоолой­гоор зарлаж байна.  Өвөө­гийнхөө хонины хээрийг унаж байснаас өөр турш­лагагүй би баахан түгшив. Гэсэн ч худлаа хэлсэндээ бантан тэр чигтээ зүтгэ­чихлээ. Биднийг гурван морьтой хүн туун явсаар нэлээд холдлоо. Таньдаг хүүхэдтэйгээ гангар гунгар ярьж явтал тоос шороо манараад явчихлаа. Зул задарчээ. Мориныхоо амыг эргүүлэхэд зэгзгэр бор морь минь хоёр чихээ солбисхийгээд л харайл­гаж өгөв. Хурдан морь гэж үнэхээр хурдан байдгийг тэр үед л мэдэрч билээ. Сунан сунан давхихад нь эмээл дээрээсээ сугарчих шахан нэг гараараа сойл­гоноос нь тас зуурч, нөгөө гараараа жолоогоо татна. Өмнө давхиж буй морины туурайнаас үсэрсэн чулуу, тоос шороо нүүр нүдгүй балбахад өөрийн эрхгүй нүдээ аньж байв. Хоёр минут хэртэй амьсгаа давч­дан тоос шороонд хамар, ам бөглөчих шахаж байснаа морины минь явдал жигдэрч тоос ч багасав. Нүдээ нээхэд үүдэн хойморын зайтай бас л бөөн тоос. Алсад харагдах уулс өндөлзөн өндөлзөх мэт. Мориныхоо амыг сул тавилаа. Гэтэл бөөн тоосон дунд хэд хэдэн морь бүдрээд уначихлаа. Тэдний араас харайж ороод бор морь минь бас үлийнд бүдэрчихэв. Толгой дээгүүр морьдын туурай тэнгэрийн дуу мэт нижигнээд өнгөрч байна. Хөтөч ах нар ирж намайг босгоод “Цааш уралдаж чадах нь уу” гэж байна. Азаар бэртээгүй учир би морьдын хойноос дахиад нэхлээ. Зэгзгэр бор морь минь үнэхээр хурдан унаа байлаа. Сүүлээс нь 20 гаруй морь “идэж”, уулс өндөлзүүлэн давхихад урд минь арав гаруй  морь давхиж байв. Эднийг түрүүлчихвэл гэсэн бодол төрж, дөрөөн дээрээ босон харайлгасаар барианд ороход “18” гэж цагаан хоолойгоор зарлаж байлаа. 

…”Зөнөг Халтар өвгөн Гантогтохын хүүхдээр тэрэгний морио унуулж, хамрыг нь халцалсан байна” гэх яриа гарав. Сүүлд сонсох нь ээ зэгзгэр бор морь  ус зөөдөг тэрэгний морь байсан юм билээ. Гэсэн ч тэр үнэхээр хурдан, сайн морь байсан төдийгүй, зөнөг Халтар гэх нутгийн өвгөн ах тун ч сайн уяач байсан юм. Гагц­хүү туршлагагүй унаач миний буруугаас тэд  айрагдаж  чадаагүй билээ…

Идэр голынхоо усаар нүүрээ угаагаад гэртээ харьж явахад голын эргээр эгнэн буусан уяачдын гал, хөл хөөртэй. Тойрон тухалсан уяачдын ярихыг уулс чагнах мэт анир гүмхэн байж билээ.  

1 Сэтгэгдэлтэй

Lanette
2016 оны 12-р сарын 1

Well mamadacia nuts, how about that.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *