Өвөрмонголчуудын хандиваар гурван айл гэртэй боллоо

11-р сарын 2, 2018 8:10 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 6
45159357_183549585886214_11546701747716096_n

Ч.ОЛДОХ

Өвөрмонголын жирийн малчны охин   Б.Оюунтунгалаг  Улаанбаатарт байгаа гэр оронгүй өнчин хүүхдүүдэд туслахаар сайхан сэтгэлийн халуун  гараа сунгасан 1300 хүний хандивыг эздэд нь хүргэж өгөхөөр Монголд ирж, гурван айлыг гэртэй болгоод буцлаа.

Тэрээр өнгөрсөн хавар Улаанбаатарт ирж монгол хувцас эсгэх, оёх сарын хугацаатай курст сурсан байна. Тухайн үед түүнд гэр оронгүй, өнчин ядуу хүүхдүүдийн байдал тун хүнд санагджээ. Мөн  өнчин хүүхдүүдэд тусладаг  ТББ ажиллуулж буй эмэгтэйчүүдтэй танилцаж, өөрийн боломжоор туслах хүсэл тээн нутаг буцжээ. Нутагтаа очоод Монголын өнчин, ядуу хүүхдүүдэд туслах аян зарласан нь 1300 хүн хамрагдаж, нэг хүн 10 юанийн хандив өргөснөөр өргөжиж, монгол мөнгөөр 7.1 сая төгрөг цугласан байна. Гэхдээ энэ нь ганц өвөрмонголчууд ч бус, Дээд монгол, Хөх нуурын монгол, Шинжаан  монголчууд, Япон болон АНУ-д ажиллаж, амьдарч байгаа гэхчлэн  газар газрын  монголчууд тусламжийн аянд нэгджээ.

Бүсгүй хандивын мөнгийг аван Монголд ирсэн даруйд фээсбүүкийн группт  тусламжийг  ТББ ажиллуулж буй хүмүүст  бус тусламж хэрэгтэй байгаа бодит эздийг олж хүргэж өгөхийг хандивын аянд нэгдэгчид хүсчээ. Иймд тэрээр “Зууны мэдээ” сонины  “Иргэний индэр” буланд хандсан юм. Манай сонинд хавдар өвчний учраас гадагшаа явж эмчлүүлэх зардал хайж буй, хагалгаанд орох болсон зэрэг асуудлаар хандсан иргэд голдуу хүсэлт ирүүлээд байсан. Иймд Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан Хан-Уул дүүргийн “Халамжийн төв”-өөс судалгаа авснаар  тэднийг орон гэргүй, өрх толгойлсон гурван эмэгтэйтэй холбож өгсөн юм. Мөн түүний энэхүү буяны ажилд Өвөрмонголын Шилийн гол аймгаас СУИС-ийн дизайнерын ангид суралцаж буй Ариунхур хэмээх бүсгүй ихээхэн тус болсныг энд тэмдэглэх хэрэгтэй.

Ийнхүү хол газраас монгол ахан дүүстээ туслахаар ирсэн Б.Оюунтунгалаг  Хан-Уул дүүргийн хогийн цэг дээрээс  хоёрдогч түүхий эд түүж, амьдралаас залгуулдаг  дөрвөн хүүхдийн ээж Г.Отгончимэг, орон гэргүйн улмаас орцны жижүүр хийж, гурван хүүхдээ болон настай ээжийгээ тэжээж яваа Н.Хонгорзул, таван хүүхдээ өсгөж яваа,  үе мөчний  хүнд өвчинд олон жил шаналж буй Н.Саранчимэг нарыг өвлийн хүйтнээс өрсөн  дулаан гэртэй болголоо.

Б.Оюунтунгалаг: ОЛОН МОНГОЛЧУУДЫН ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭХ ЁСТОЙ ЭЗЭНД  НЬ ХҮРГЭЛЭЭ

/ӨМӨЗО-ны  иргэн/

-Би 1300 гаруй монголчуудыг төлөөлж яваа. Ганц өвөрмонгол ч биш Хөх нуурын монгол, Дээд монгол, Шинжааны монгол, Япон, Америк дахь монголчуудын сэтгэлийн хандивыг авч ирсэн болохоор тэдний хүргэе гэж зорьсон эзэнд нь хүргэхсэн гэсэн зорилгыг биелүүлсэндээ сэтгэл өндөр байна. Олон өнчин хүүхэдтэй гурван өрхийг  гэртэй болголоо. Би өнгөрсөн хавар монгол хувцас урлах сарын хугацаатай сургалтад суухаар  Монголд ирэхдээ эндхийн хүүхдүүдийг их өрөвдсөн. Өнчин хүүхдүүдэд туслах ТББ-ын нэг эгчтэй мөн танилцсан. Нутагтаа буцаж очоод зургадугаар  сарын 20-доос эхлэн хандив цуглуулсан. Олон монголчууд  туслаж, хандивын аянд нэгдсэн. Хандивын мөнгөө  өнчин хүүхдүүдэд тусладаг ТББ-ын эгчид өгье гэж зорьж ирсэн юм. Гэтэл Монголд иртэл   интернэт дэх бичлэгээс болоод хандив өгсөн зарим хүн ТББ-ын хүнд өгүүлэхээс  татгалзсан. Зөвхөн миний бус  олон хүний сэтгэл шингэсэн хандив учраас тэднийг  сонсохгүй байхын аргагүй. Ингээд тэдэнтэй ярилцахад  гэр оронгүй хүмүүсийн  гарт нь хүргэж өг  гэсэн шаардлагыг тавьсан. Ийм учраас  “Зууны мэдээ” сониноос  хүнд амьдралтай,  олон хүүхэдтэй  өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй холбож өгөөч гэж тусламж хүссэн юм. Эцэст нь та бүхний тусламжтайгаар гэр оронгүй хүмүүсийг олж тусласандаа баяртай байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн хувьд  амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой 100  гаруй өрхийн судалгааг оны эхэнд гаргасан Тэд­гээрээс  хүнд амьдралтай  зорилтот бүлгийн айл өрхийг хамгийн эхэнд  гэртэй болгох, тусламжид хамруулах ажлыг  хийснээр 40 гаруй нь гэртэй болсон.  Мөн дүүргийн  дэргэд “Сайн дурын үйл ажиллагааны төв”-тэй, түүгээр дамжуулж, тусламж, дэмжлэг үзүүлдэг  хүмүүсийн хүрээ тэлж, тусламжийн  аян өрнөж байдаг. Нэг өдөр гурван айлыг гэртэй болгосон  Өвөрмонголын ахан дүүс, Японд болон АНУ-д амьдарч буй монголчууддаа баярлаж байэна гэж тус дүүргийн “Халамжийн төв”-ийн байцаагч Н.Буянхүү хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *