Өвгөдийнхөө нутагт үүргэвчтэй аялсан минь-2

9-р сарын 7, 2018 9:56 am Нийтлэгч: Ангилал Танин мэдэхүй , Энтертайнмэнт Уншсан: 23
9-7-5

Ц.МЯГМАРБАЯР

ОЛЬХОНЫ ИРГЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮР  ШИМИЙГ ХҮРТЭЖ   БАЙНА

 Байгаль нуурт үдшийн бүрэнхийтэй зэрэгцэн усны мандалд тусах гэрэл улам бүдгэрсээр…Онгоц нөгөө эргийн зүг хурдаа алгуур аван нуурын усыг хага зүсэн хурдална. Энэ үед яг л Хөвсгөл нуур дээгүүр яваа мэт санагдав.  Байгаль нуур, Хөвсгөл нуурын эгч гэдэг домог үнэний ортойдог шүү.  Онгоцонд  яваа Европ  Чех, Польш, Хятад  аялагчид усны мандлыг ширтэнэ. Зарим нь тэртээ зөрөх онгоцны зураг авч, гитар тоглон хөгжилдөх  орос залуусын дуу хуур нэн хөгжилтэй. Бага наснаас сэтгэлд  хоногшсон  орос  дууг  аялж явсаар  40 орчим минутын дараа нөгөө эрэгт тулж зогслоо. Эхлээд эсрэг талын эгнээнд зогсох авто машинуудыг буулгаж зорчигчдоо хүлээж авахад бэлэн болсны дараа аялагчид бууна. Манай автобусны жолооч гараа өргөн биднийг дохин суулгалаа. “Хүн бүрэн биздээ” гэж биднийг бүртгэнэ. Зорьсон газраа ирсэн атал  автобусанд  суун хаачих нь хэмээн  би гайхлаа. Гэтэл Ольхон тосгон усан зогсоолоос 45 км зайтай аж. Харанхуйд 12 хүний суудалтай микро автобус  энхэл, донхол шороон замаар давхих нь   Монголдоо явж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Нуурын мандал дээр хөгжилдөн явсан мөч, аманд аялагдах танил аялгуу тэрхэн зуур замхарч шороон замд сэгсчих машины  суудлаас  тас зуурч байлаа.  21:00 цагийн үед хөдөлсөн бид цаг гаруй давхисаар Ольхон тосгонд ирэв. Эхний хүмүүс зам дагуу буусаар найзтайгаа хамт үлдэв. Бага өртөгөөр амрахаар зорьсон бид хоёрт  туслахыг хүстэл  буриад  жолооч маань Улица “Совецская 37”-гийн орчимд хямд буудал байгаа хэмээгээд хөдлөв. “Гостиница” гэсэн хаяг харж явтал  гудмаар ороод  айлын хашааны үүдэнд зогслоо. Ашгүй өрөө байгаа бололтой жолооч толгой дохиод бид бууж үлдсэн юм. Өвөөг НиколойФадеев гэнэ. Өдийд аялагчид ирдэг болохоор тэрээр чимээ чагнан унтаагүй байжээ. Биднийг хашаа руу явж ортол хаалгыг нь онгойлгож гэрлийг нь асаасан  нэгэн жижиг байшин тийш урьж оруулав. Байшин 4:5 харьцаатай  цэвэр модоор барьжээ.  Дотор талыг нь реклэж лакдсан хоёр ортой, ширээ сандал, хөргөгч байрлуулснаас харвал жуулчдыг хүлээж  авч сурсан нь харагдана. 00-ийн өрөө хашааны буланд. Харин  гар угаалтуур байшингийн гадаа байгааг дэн буудлын эзэн хэлэв.  Хашаанд эзний амьдардаг гурван жижиг  байшин харагдана. Байшингуудын эсрэг талд  битүү ногоо тарьсан харагдав. Битүүхэндээ ямар газар ирснээ тандаж буй нь тэр. Энэ зуур түүний гэргий Галина Сергеевна ирэн бидэнтэй мэндэлж эелдэгхэн яриа хөөрөө өрнүүлсэн юм. Тэр биднийг ажиглаж байснаа “ За та хоёроос хоногийн 1000 рубль авна даа”  гэв. Нэг хүний хоногийн 20 мянган төгрөг бол тэр холоос ирсэн бидэнд хямд санагдсан юм. Буудлын үнэ зэрэглэлээс шалтгаалж 20-400 мянга төгрөг аж. Сибирийн сувд гэгддэг Байгаль нуурын үзэсгэлэнг маргаашийн мандах нарнаар дэргэдээс нь тольдно гэхээр  сэтгэл догдлоно. Хүүхэд шиг хөөрснийх үү  нойр  хулжиж байлаа. Гадаа зөөлөн бороо шивэрсээр…

Товчоон

Байгаль нуур 32 мянган хавтгай дөрвөлжин км талбайг эзлэн оршдог бөгөөд дэлхийн долоо дахь том нуур.

Байгаль нуурыг хамгийн эртний нуур гэх нь ч бий. Тус нуур дэлхийн цэвэр усны 20 хувь, ОХУ-ын гадаргын цэвэр усны 90 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг юм байна.

Байгаль нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын хооронд сунан тогтсон дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуур юм. Энэ нуурыг 1996 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг.

Байгаль нуурын сав газарт 1200 зүйлийн амьтан бүртгэгдсэнээс 75 хувь нь нэн ховор, дэлхийн өөр хаана ч байдаггүй амьтад ажээ.

Байгаль нуурын ойролцоо жилдээ хэдэн зуун удаа газар хөдлөлт болдог ч тусгай төхөөрөмжөөр мэдэж болохуйцхэмжээтэй  газар хөдлөлт тохиодог аж.

ОЛЬХОНЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  БҮС БОЛГОХООР ЗОРЬЖЭЭ

Ольхонд 7, 8 дугаар сард хамгийн их жуулчид ирдэг.

Шувуудын жиргэх дуунаар сэрлээ. Нар мандаж аль хэдийн өглөөний 10:00 цаг болжээ.  Хашаа нь маш цэвэрхэн. Урьд шөнө орсон борооны усыг хэд хэдэн том хөх саванд тоссон байлаа. Тэдний жорлон ямар ч үнэргүй соруулдаг 00 байв.  Гар угаалтуур болон ногооны хашаа руу хоёр нарийн хоолойгоор  явуулдаг бололтой. Хашааны нөгөө буланд худагны дэргэд харагдах том саванд унданд хэрэглэх  цэвэр усаа нөөцөлсөн бололтой. Энэ бүх сангийн ажлыг Николай өөрөө шийдсэн гэв. Ольхонд өнөөдөр 1000 орчим өрхийн 8000 гаруй хүн амьдардаг . Ихэнх нь Николайгийн аргаар жорлон болон бохирын асуудлаа шийджээ. Тиймээс бүх өрх нь хашаандаа зочид буудал, дэлгүүр, цайны газар, өөрсдийн гараар хийсэн бэлэг дурсгалын зүйлээ борлуулж, ногоо тарьж амьдралаа залгуулдаг. Зарим нь Епропын жуулчдад зориулж хоногийн 300-400 мянган төгрөгийн төлбөртэй  буудал, амралтын газар хүртэл  байгуулжээ. Байгаль нуурын хамгийн том хадан бөө арал болох Ольхон нэрээр нэрлэсэн энэ тосгон эмх цэгцтэй, цэвэрхэн, хогоо ангилж хийдэг сав зэргийг хаа  сайгүй байрлуулсан гээд санаа авах зүйл олон. Ингээд бид тосгоны төв гудамжаар явсаар  “ Хороший”  төвд ирлээ. Хөлгүй  их нуурын цэнхэр мандалыг хараад өөрийн эрхгүй хөл алдан гүйж билээ.  Байгаль нуурын талаар олон янзын домог яриа бий. Нэрний тухайд Байгалийн үзэмж бүрдсэн газар гэсэн утгатай монгол үг, баян нуур гэсэн утгатай Бай-Куль гэх түрэг үг, том гүн далай гэсэн утгатай Baigyal гэх якут үг гэх мэтээр тайлбарладаг тухай тайлбарлагч ярьж байв. “ Монгол үгнээс гаралтай гэж сонсоод яах аргагүй л Монголын минь нутаг байсан гэж бодохоор амьсгаа чийгтэж  хамар шархирч байлаа. Байгаль нуурын хойд хэсэгт орших Лударь хошуунд улирч өнгөрсөн соёл иргэншлийн ул мөр бүхий эртний дурсгалын музей байдаг ажээ. Энд шинэ чулуун зэвсгийн үеийн бууц, чулуун балгас, эртний монголын цайзын үлдэгдэл оршдог. Мөн Сармины хавцалд хурдан урсгалтай горхи, ховор мод, ургамал, цэцэгтэй үзэсгэлэнт хөндий бий. Домогт өгүүлснээр эцэг Байгаль нуур 366 хүү гол, ганц охин мөрөнтэй байсан гэдэг. Хүү голууд нь эцэг нууртаа цутгадаг байсан ч охин мөрөн нь Енисейд дурлаж, улмаар Байгаль нуураас урсан гарч Енисейд цутгадаг болжээ. Байгаль нуур 22 аралтай бөгөөд хамгийн том арал нь 72 км урт юм байна. Эрдэмтэд Байгаль нуурын гарал үүслийн талаар одоо ч маргадаг. Байгаль нуурыг 25-35 сая жилийн настай гэж үздэг. Зарим эрдэмтэд Байгаль нуурыг дэлхийн далай тэнгисүүдтэй холбоотой  ч гэдэг. Байгаль нуурын дундаж гүн нь 730 метр, хамгийн гүн хэсэгтээ 1642 метр байдаг тухай сонин сайхныг сонсч гүн нуурын усны үнэрээр амьсгалаж  жуулчидтай цуг явсаар нэлээд зүйлийг мэдэж авав.Бид нутгаасаа  авч гарсан сүү, будаагаа Ольхоны бөө хаданд өргөж бүхий л санасан хүсэл бодлоо тээн мөргөлөө. Ольхон бөө хадны тухай домгыг самбарт бичснээр “ Эрт цагт  ах дүү 13 хүүхэдтэй онгод тэнгэрийн сахиустай өвгөн, эмгэн хоёр байжээ. Тэд тэнгэрээс бууж ирэн 13 хүүгээ хаа дуртай газарт эзэн болж хүн байгалийн шүтэлцлийг хадгалж явахыг хүсчээ. Тэдний Ольхон нэртэй том хүү нь” Би Байгаль нуурын энэ хэсэгт, энэ хаданд амьдарч  хүн ардаа байгаль дэлхийтэй нь зөв зохицуулан амьдарна”  хэмээснээр энэхүү газрыг Ольхон хэмээн нэрлэсэн аж. Одоо тэр бөө хаданд онгод тэнгэрийн буулттай бөө, улаач нар очиж өөрсдийн хүчийг сэлбэж тэнгэр газартаа сүсэглэн мөргөдөг  юм билээ. Энгийн хүмүүс ч ялгаагүй дэргэдээс нь адис авч сүслэн залбирдэг.  Бид хоёр уламжлалыг дагаж тэнд таван өдөр сүсэглэн мөргөж Байгаль нуурын ойр орчмын амралтын баазуудыг сонирхож  амарсан юм. Зургаа дахь өдрөө Эрхүү орж хуучин Арбатын гудамжаар саатаж, Ангар мөрөнөөр зугаалж хотын төвд шинээр нээгдсэн “Модный Квартал “ хэмээх брэндийн дэлгүүрээс худалдаа хийсэн юм. Эрхүүгийн ногоо, жимсний захаар орж жимсийг хүссэнээрээ идэн  амарч аваад  нутгийн зүг Эрхүү Улаанбаатарын чиглэлийн  галт тэргэнд сууж аяны дөрөө жийлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *