Үүдээ нээж, сэтгэлээ дэлгэсэн найрсаг айл

10-р сарын 30, 2017 2:00 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 108
XTWgT22894960_1741655906137381_703783755_n

Солонгос сан(Korea Foundation)-гийн урилгаар  энэ оны тавдугаар сарын сүүлээр БНСУ-д олон орны сэтгүүлчдийн хамт долоо хоног зочлох боломж олдсон юм. Тэр үеэр олж сонссон, үзэж харснаа уншигчидтайгаа хуваалцсу хэмээн аяны богцоо уудлая.

Korea Foundation буюу үргэлж нээлттэй хаалга
Korea Foundation буюу үргэлж нээлттэй хаалга

Эхлээд Солонгос сангийн тухай өгүүлье. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойшхи он жилүүдэд энэ сангийн нэрийг олонтаа сонсож, Монголтой холбоотой зарим үйл ажиллагааг нь анзаарч явсан ч ултай сонирхож байсангүй.  Солонгосоор 한국국제교류재단 гэх энэ байгууллагын түүх БНСУ-ын гадаад бодлоготой салшгүй холбоотой. Өнгөрсөн зууны дал наяад оны заагаас эхлэн Өмнөд Солонгосын эдийн засаг хүчтэй хөгжсөн, наяад оны сүүлээр дэлхийн улстөрийн байдал эрс өөрчлөгдсөн нь энэ орныг бүс нутаг, дэлхийн түвшинд идэвхтэй тоглолт хийх боломж олгожээ. Ялангуяа 1986 оны Азийн тоглолт, 1988 оны Сөүлийн зуны олимпыг амжилттай зохион байгуулсан нь  БНСУ-ын нэр хүнд, нөлөөг дэлхийд өргөж өгсөн томоохон үйл явдлууд байв. Энэ үеэс дэлхийн улс орнуудтай янз бүрийн чиглэл салбарт нэг цэгээр дамжуулан харьцаж хамтрах байгууллага бий болгох  санаа солонгосчуудад төрж, парламентаараа хэдэн он дамжуулан хэлэлцсэний эцэст 1991 онд Солонгос сангийн тухай хууль баталжээ. Korea Foundation гэдэг ашгийн бус, олон нийтийн дипломат байгууллага бий болж, дэлхийд БНСУ, солонгос ард түмнийг илүү ойртуулан таниулж, нөхөрлүүлж, хамтрах боломж олгож эхэлсэн түүх нь товхондоо бол энэ.
Ер нь бол БНСУ-ын Гадаад хэргийн яамыг гурван сайхан охинтой айл гэж зүйрлүүлэн хэлж болно.  Нэг нь Солонгос сан. Нөгөө хоёр нь болохоор Далайн чинадын солонгос сан(OKF), Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг(KOICA). Энэ гурван охин нь Өмнөд Солонгос гэдэг их айлыг  дэлхийн улс орнуудтай нээлттэй, найрсаг харилцаа хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.
Солонгос сан нь Глобал сүлжээний, Гадаадын солонгос судлалыг дэмжих, Ном, тоон контентын, Соёл урлагийн солилцооны гэсэн 4 үндсэн нэгжтэйгээр үйл ажиллагаа яву байгаа аж. Ер нь бол Солонгос санг БНСУ-г дэлхийд таниулах, бас дэлхийг БНСУ-д ойртуулахын тулд  улс орон, ард түмнүүдийн өмнө үргэлж нээлттэй байдаг үүд хаалга гэж нэрлэж болох нь гэсэн санаа тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах явцад төрсөн билээ.
Бидний хувьд хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зочдыг урих хөтөлбөрт хамрагдсан бөгөөд АНУ, Хорвати, Уругвай, Сенегал, Панам, Гватемал, Коста Рика улсын нэртэй сэтгүүлч, тоймч, хөтлөгчидтэй хамтдаа БНСУ-тай танилцсан юм.

Kim Seong-kon докторын танилцуулсан Солонгос
Kim Seong-kon докторын танилцуулсан Солонгос

Айлчлалын гол холбогчид нь  Солонгос сангийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Yoon Keum-jin, Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Kim Seong-kon, Солонгосын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Jung Kyu-sung нар байсан бөгөөд Ким Сонгун докторын Солонгосын түүх, өв соёл, өнөөгийн байдал, солонгос хүний тухай яриа нэн сонирхолтой байлаа. Шог хошин өнгө аястай, хөгжилтэй сонин жишээ баримт ихтэй түүний танилцуулгыг сонсож суухдаа Монгол орон, монголчуудаа энэ хэлбэрээр танилцуулбал гаднын зочдын ой тойнд үлдэж хоцрох нь илүү юм байна даа гэх бодол төрж байлаа. Тэрээр “Намайг Ким гэдэг. Энэ нь алт гэсэн утгатай учраас профессор Gold гэж дуудаж болно. Солонгосуудын 50 хувь нь Ким, Ли, Пак овогтууд” гээд эдгээр овгоос төрсөн алдартнуудыг нэрлэж, Солонгосын далбааны билэгдлийг тайлбарлаж, солонгос үндэсний хувцас ямар учиртай, эр хүний өмссөн малгайгаар нь нийгмийн зэрэг зиндаа, эхнэртэй эсэхийг нь хэрхэн таньдаг байсан,  гэрт гадаа өмсдөг хувцасны ялгаа зэргийг биетээр үзүүлж харуулан тайлбарлахдаа алиа хошин үгээр чимж, орон орны сэтгүүлчдийг үе үе нирхийтэл нь инээлгэж байв.
Солонгос соёлын давалгааны тухай ярихдаа Дэ жангумын тухай кино, охидын алдартай хамтлагууд, ганнам стайл, поророгийн дүр, Холливудын солонгос гаралтай одод, таеквондо гээд дэлхийд Солонгосыг таниулж байгаа бүхнээ бахархан нэрлэв.
Хоол идэхдээ японууд модон халбага савх, хятадууд шаазан халбага, модон савх, солонгосууд төмөр савх хэрэглдэг нь хоолны орцонд орж буй халуун ногооноос болдог хэмээн тайлбарлаж байснаа “Солонгосоос дэлхийд алдартай мэс заслын эмч, төгөлдөр хуурчид олноор төрөн гардаг нь хар багаасаа хоолоо савхдаж хуруу гарын хөдөлгөөнөө сайн хөгжүүлдгийн ач”, “Солонгос эхнэрүүд их даруухан. Ямар гоё хоол хийдэг юм бэ гэж магтахаар “Үгүй үгүй” л гэнэ. Дүүрэн ширээ засчихаад олигтой идэх юм бэлдэж чадсангүй гэнэ. Ер нь гурвантаа үгүй гэж хэлдэг улс”, “Солонгос хүн уйлахад хамгийн тохиромжтой орон. Хүсвэл та ч гэсэн манай оронд дураараа уйлж болно. Солонгос хүн баярлах талархах, гомдохын аль алинд нь уйлдаг. Уйлж байгаа нэгнээ дооглодоггүй”, “Солонгосчууд идэж уух, дуулах дуртай. Бүгд караокед дуулж стрессээ тайлдаг”, “Цуглаан хийх дуртай. Спортын уралдаан тэмцээнийг гэхэд л бөөнөөрөө цугларч том дэлгэцээр орилж чарлаж үздэг”, “4-ийн тоо үхэл гэсэн ханзтай ойролцоо учир зарим лифтэнд 4-ийн тооны оронд F үсэг байгаа шүү”, “Солонгос хүн танихгүй хүнтэй олон юм ярьдаггүй. Зарим хүн хөл дээр чинь гишгэчихээд инээмсэглэж байвал “Уучлаарай” гэсэн үг шүү”,  “Солонгосууд би гэдэггүй, бид гэдэг. Манай сургууль, манай аав, манай эхнэр гэж ярихаас минийх гэж ярихгүй”, “Япон хүн компьютерийн ганцаараа тоглох тоглоом ихэвчлэн сонгодог бол солонгос хүн эсрэгээр нь олуулаа тоглохыг нь сонгоно”, “Аливаа  зүйлийг хүнд хоёр гараараа өгч байвал хүндэтгэлийн илэрхийлэл”, “Солонгос хүний нэрийг улаан өнгөөр бичиж болохгүй. Нас барсан хүнийхээ нэрийг улаанаар бичдэг”, “Солонгост ээж маш чухал хүн. Солонгос хүн ээжийгээ маш их хайрладаг. Ээж нь ч хүүхдээ маш ихээр хайрладаг. Хүүхдээ хэт асардаг “Тэмээн хяруул” ээжүүд олон”, “Солонгосууд их шашинлаг хүмүүс. Христийн 50 мянга гаруй сүм бий. Тийм болохоор цус сорогч манай улсад байх боломжгүй. Бас хоолондоо сармис их хэрэглэдэг учраас муу сүнс тогтдоггүй” гэхчлэн түүний наргиагаар хачирласан энгүүн яриа Солонгосын тухай нэлээд өргөн хүрээтэй ойлголт өгсөн юм. Үүний зэрэгцээ “Солонгос бол хүргэлтийн тогтолцоо маш сайн хөгжсөн орон. 50 сая хүний 40 сая нь ухаалаг утастай гар утасны хаант улс. Хүний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чадсан орон.  Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 12, төмрийн үйлдвэрлэлээр 6-д ордог.  Инчёоны олон улсын нисэх онгоцны буудал 11 жил дэлхийн хамгийн шилдэг буудлаар нэрлэгдсэн. CNN дэлхийн №1 хотоор Сөүлийг тодруулахдаа  50 хүчин зүйлийг нэрлэсэн” гэхчлэн Солонгосын хөгжил хүчирхэгжилтийн сайн  жишээнүүдээс ч хангалттай дурдаж байна билээ.

Хоёр Солонгосын хувьд нэгдлээс илүү ойлголцол чухал
Хоёр Солонгосын хувьд нэгдлээс илүү ойлголцол чухал

Энэ үгийг БНСУ-ын Үндэсний нэгдлийн хүрээлэн(KINU) дээр сонсов. Хоёр Солонгосын нэгдлийн асуудал бол олон орны сонирхлыг татсан, зөвхөн хоёр улс, эсвэл бүс нутгийн хэмжээнээс хальсан асуудал юм. Энэ талаар мэргэжлийн хүмүүсийн үг, тэр тусмаа зөвхөн энэ асуудлаар  дагнасан  think tank байгууллагын байр суурийг сонсох нь  алдаж үл болох ховорхон завшаан байв.
KINU нь 1990 онд Умард Солонгосыг судлах судалгааны төв хэлбэрээр анх байгуулагдсан, Засгийн газраас санхүүждэг байгууллага юм.  Тус хүрээлэнгийн дэд дарга Ким Су-амын ярьж буйгаар бол хоёр Солонгосын нэгдлийн асуудлаар хийж буй тэдний судалгаа, дүгнэлтийг БНСУ-ын Хөх ордон, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, төрийн байгуулагууд авдаг, бодлого шийдвэр гаргахдаа ашигладаг байна.
Үндэсний нэгдлийн асуудлаар иргэдийн санал бодлыг тандах судалгааг тус байгууллага 1994 оноос хойш хийжээ. Судалгаа эхэлж байх үед БНСУ-ын иргэдийн 90-ээс дээш хувь нь хоёр Солонгос нэгдэх ёстой гэсэн байр суурьтай байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 50-60 хувь болж буурсан гэнэ. Өөрөөр хэлбэл 1994 онд ямар ч аргаар хамаагүй нэгдэх нь чухал гэсэн сэтгэл хөдлөл давамгайлж байсан бол одоо хүмүүс асуудалд илүү бодитойгоор ханддаг болжээ гэж тэд үзэж байна.
“Бид нэгдэх асуудалд их яардаг байсан. Гэтэл солонгосчууд хоёр улс болж хуваагдаад жар, далан жил болчихсон, энэ хугацаанд Умард, Өмнөдийн хооронд асар их ялгаа гарчихсан учраас асуудлыг илүү өргөнөөр харж, цөмийн зэвсэг, пуужин харвах зэрэг тулгамдаж буй асуудлуудыг эхлээд шийдэх ёстой гэж бид үзэж байна.  Одоо бол нэгдэхээс илүү харилцан ойлголцол чухал байна” гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Хоёр Солонгос ямар хэлбэрээр нэгдэх нь зүйтэй гэж үзэж буй талаархи сэтгүүлчийн асуултад “Нэгдсэн тохиолдолд нэг төртэй, нэг эдийн засагтай улс байх ёстой. Өөрөөр хэлбэл Умард Солонгос капиталист улс болох ёстой” гэсэн тодорхой хариу өгсөн бол хоёр Герман нэгдсэн туршлагыг хэрхэн үзэж байгаа талаар болохоор “Тэр нэгдэл Баруун Германд эдийн засгийн ихээхэн дарамт авчирсан. БНСУ ч бас одоохондоо Хойдыг бүрэн тэтгэх хэмжээний  эдийн засагтай биш байна. Дээр нь Зүүн Герман, Умард Солонгос хоёр ихээхэн ялгаатай. Хойдуудад ардчиллын боловсрол хэрэгтэй. Үндсэрхэг үзэл суларсан, ондоошил ихтэй, эдийн засгийн ялгаа хүчтэй, соёлын болон сэтгэлзүйн зөрүү асар их байгаа нь асуудлыг хоёр Германаас илүү ярвигтай болгож байна” хэмээн мэргэжилтнүүд хариуллаа.
Пёнчаны өвлийн олимпын бэлтгэл эрчтэй байна
Бид айлчлалын хөтөлбөрийн дагуу Солонгосын өнөөгийн дүр төрхийг төлөөлж чадах олон газраар орсон. Сөүлийн Сангам дүүрэг дэх өндөр технологийн төв Digital Media City (DMC, Өмнөд Солонгосын хамгийн том 4 сонины нэг Dong-g Ilbo-г эрхлэн гаргадаг хэвлэлийн Донга групп, Солонгостоо цорын ганц сонины музей, Солонгосын түүх соёлын хосгүй нандин дурсгалуудыг агуулсан, байгалийн унаган унаган төрхийг хадгалж үлдсэнээрээ алдартай Changdeokgung  цогцолбор, Солонгосын үндэсний мүзей, цэрэггүй бүс DMZ гээд явсан газар, үзсэн сонин, уулзсан хүмүүсээ тоочино гэвэл урт жагсаалт гарна. Тэр дундаас нэгийг нь онцлон өгүүлэхэд 2018 онд Солонгост болох өвлийн олимпын бэлтгэл хэр явж байгааг үзэж сонирхсон аялал бүлгээ.
Пёнчан бол Сөүлээс дорно зүгт 180 орчим километрт оршдог, хэдхэн арван мянган хүнтэй  жижигхэн хот. Түүхэнд энэ газрын нэр 1387 оноос тэмдэглэгдэж эхэлсэн гэх юм билээ. Далайн түвшнээс дээш 600 метрийн дундаж өндөрт оршдог ч 1000 метрээс өндөр 100 гаруй оргилтой уулархаг нутаг. Өвлийн спорт, аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг.
БНСУ нь Пёнчанд цагаан олимп зохион байгуулах хүсэл эртнээс өвөрлөсөн бөгөөд 2010, 2014 онуудын өвлийн олимп зохион байгуулах эрхийн төлөө сунгаанд тус хотыг сойгоод цулбуур атгахад тун ойрхон очиж байсан түүхтэй. Тэглээ гээд няцаж шантраагүй, аль 2010 оны өвлийн наадмын эрх авахаар бэлтгэж байхдаа эхлүүлсэн “Мөрөөдлийн хөтөлбөр”(Dream Program)-аа үргэлжлүүлж, спортын цогцолборууд, зочид буудал, цанын баазууд барьж байгуулсаар байсан учраас өвлийн олимпын наадмыг хамгийн бэлтгэл сайтай зохион байгуулсан хот гэх сайшаалыг сонсож ч мэднэ. Сөүлээс Пёнчан хүрэх хурдны галт тэрэгний замыг 2012 оноос эхлэн барьж ашиглалтад өгөх, Пёнчан хүрэх хурдны бүх замыг шинэчлэх, албаныхан, сэтгүүлчид, тамирчдын байрлах хотхонуудыг барих, медиа төвүүд бий болгох, олимпын тоглолтыг зохион байгуулах арав гаруй төвийн талыг нь шинээр барих гээд нүсэр ажил энд өрнөж  байна. Энэ удаагийн цагаан олимп технологийн гайхамшгийг харуулсан арга хэмжээ байх болно гэж тэд бас амлаж байсан.
Ази тивд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа энэ том арга хэмжээг амжилттай явуулснаар БНСУ дэлхийн улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан түншлэл, эв санааны нэгдлийн нэгэн том тулгуур болж чадсанаа нотлон харуулж чадах юм.
Энэ мэтээр бичээд байвал аян замын сонин нэн арвин. Солонгос сангийн урилгаар зорчоод зочлоод ирсэн аяллынхаа үеэр олж харсан БНСУ-ын дүр зургийг эцэст нь цөөн үгээр нэгтгэн тодорхойлбол үүдээ нээж, сэтгэлээ дэлгэсэн найрсаг сайхан айл гэмээр санагдлаа.

Сэтгүүлч Б.Галаарид 
2017.06.17. Улаанбаатар хот.

Эх сурвалж: “Улстөрийн тойм” сонин

1 Сэтгэгдэлтэй

Anita
2017 оны 10-р сарын 31

зээл! зээл !! зээл !!!
Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна.
Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *