Утааг бууруулах талаар Ерөнхий сайдад санал хүргүүлэв

12-р сарын 28, 2017 8:57 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 40
12-28-1h

Л.ХЭРЛЭН    

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Санал хүргүүлсэн албан  бичигт ‘…Өнгөрсөн хугацаанд үе үеийн Улсын Их Хурал, Засгийн Газар, Ерөнхийлөгчид агаарын бохирдол, утааны асуудалд анхаарал хандуулж  байсан ч харамсалтай нь дорвитой үр дүнд хүрч чадсангүй. Өнөөдөр Улаанбаатар хотын утаа нэн аюултай, онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрч, ард иргэдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой заналхийлэх боллоо. Тиймээс өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн Газар Үндсэн хуульд заасан иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангаж, агаарын бохирдолтой шийдвэртэй тэмцэх цаг болжээ…’ гээд юун түрүүнд 2017 оны гуравдугаар сард  Засгийн Газраас баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т туссан утааг мэдэгдэхүйц бууруулахад үр дүнтэй, эн тэргүүнд хийх ажлуудыг сонгон авч цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэхийг хүсчээ.

Мөн нэн яаралтай болон урт хугацаандаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа зарим арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх өөрийн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Тухайлбал, бага насны хүүхэд, ахмад настан, жирэмсэн эхчүүд болон цагдаа, ТҮК-ийн ажилчид гэх мэт өндөр эрсдэлтэй орчин нөхцөлд ажиллаж буй иргэддээ үнэгүй амны хаалт тараах, дөрвөн есийг дуустал гэр хорооллын айлуудын цахилгааны төлбөрийг 24 цагаар тэглэж, төр төлбөрийг нь 100 хувь даах, гэр хорооллын өрхүүдэд цахилгаан халаагуур хөнгөлөлттэй үнээр олгох, жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийг хотоос, утаанаас зайдуу амралтад амрахад онцгой хөнгөлөлт үзүүлэх, олон улсын болон БНХАУ-ын Бээжин хот утаатай тэмцсэн туршлагыг яаралтай нэвтрүүлэх талаар саналаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн ойрын жилүүд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар саналдаа дурджээ. Тухайлбал, алслагдсан бүс нутаг, дагуул хотуудыг хөгжүүлэх, бүсийн хөнгөлөлт болон татварын бодлогоор дэмжиж,  хүн бүр төрж өссөн нутагтаа сайхан амьдрах боломж бүрдүүлэхэд анхаарах ёстой гэсэн байна.

Мөн шинэ залуу боловсон хүчин, мэргэжилтнүүдийг хөдөө орон нутагт ажиллах бололцоогоор хангах, дэмжлэг үзүүлэх, урамшуулах, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахын тулд хөндлөн, тууш, тойрог хурдны замууд байгуулах, нүүрсийг бүрэн шаталттай болгох технологийн хамгийн зөв шийдэл олох, нүүрснээс бусад дулаан ялгаруулах байгальд ээлтэй хэрэглээг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Үүний зэрэгцээ, олон жил ярьсан ч өнөөг болтол бодит биеллээ олоогүй V цахилгаан станцыг яаралтай барьж, ашиглалтад оруулах, гэр хорооллын айл өрхүүдийг төвлөрсөн шугамд холбогдсон, хямд үнэтэй, хувийн орон сууцтай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж, татварыг 100 хувь чөлөөлөх зэрэг ажлыг богино хугацаанд нарийн төлөвлөж, зөв зохион байгуулж хэрэгжүүлэхийг санал болгосон байна.

С.Бямбацогт гишүүн дээрх саналдаа ‘…Эрхэм Ерөнхий сайд таны тэргүүлсэн энэ Засгийн газар агаарын бохирдол хэмээх аймшигт гамшгийг үндсээр нь таслан зог­соож, улс үндэстнээ утаа­наас хамгаалах ‘Авралын Засгийн газар’ байж чадна гэдэгт бүрэн найдаж байна….’ гээд дээрх гарц шийдэл, иргэдээс гаргаж буй санал санаачилгуудыг дэмжиж, утааны эсрэг улсаараа тэмцэх их ажлын түүчээ нь байхыг Монгол Улсын Ерөнхий сайдаас хүсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *