“Усны худалдагч”-аа дарамталдаг “Усан” бизнесийг хазаарлая!

8-р сарын 17, 2012 10:37 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 333

Х.ХУЛАН

 

Нийслэлийн шинэ удирдлагад хүргэх нэг хов байна. Улаанбаатарт усан бизнес эрхлэгчдийн татва­раас улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрдгийг мэдэх гээд чадсангүй. Нэг жи­лийнх нь тооцоог байг гэхэд, нэг улирлын, нэг сарынхыг, бүр больё, нэг өдөрт төлсөн татварыг  хэ­лээд өгөөч гэсэн хүсэлтэд маань “Үүнийг мэдэх бо­ломж­гүй. Та өөрөө албан байгууллагууд  дээр очоод асуусан нь дээр. Эсвэл дүүрэг тус бүрээс тодруу­лах хэрэгтэй” гэсэн ха­риултыг Ус сувгийн удир­дах газраас өглөө. Бай­гуул­лагынх нь гол үйл ажиллагааны талаар нэгд­сэн тоо баримт, мэдээлэл байдаггүй юм байна, Ус сувгийн удирдах газарт.

“За яахав, тэгвэл ус ашигласаны төлбөрөө төл­дөггүй аж ахуйн нэгжүү­дийнхээ жагсаалтыг өгөөч” гэвэл, “Энэ оны эхээр бид тэднийг олон нийтэд зарлаж үзсэн. Харамсалтай нь, бөөн хэл ам дагуулдаг юм байна. Олон жил төлөөгүйгээс хуримтлагдсан их өртэй байгууллагууд бага, багаар өгч байснаа бүр зогсоо­чихсон” гэж байх юм.

Үйлчилгээ үзүүлс­ний­хээ төлбөрийг авч дийлэх­гүй, татвар төлөгчдөө дар­луулаад сууж байдаг гэнэ, манай “ус худалдагч” бай­гууллагынхан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад л, хохир­лоо барагдуулчихаж чадахгүй байгаа бол чадда­гийг нь ажиллуулъя л даа.

Ус ашигласаны татва­рыг хэн төлдөггүй нь бараг ойлгомжтой. Гэр хороол­лынхон усыг хамгийн өн­дөр үнээр, тэгээд яг газар дээр нь мөнгө төлж авдаг улс. Харин орон сууцны­хан байр, цахилгааныхаа төлбөртэй хамт “автомат”-аар төлөхөөс өөр гарц байх­гүй. Ингээд цаана нь албан байгууллагууд, тод­руулж хэлбэл усаар мөнгө олдог бизнесийн “ар­мийн­хан” Ус сувгийн удир­дах газрынхны нуу­гаад /эсвэл хаацайлаад/ байгаа өртнүүд байж таарах нь.

Нийслэлд хамгийн их ус хэрэглэдэг газар нь зочид буудал, саун, машин угаалгын газар болон, архи, шар айраг, ундаа, цэвэршүүлсэн ус үйлд­вэрлэгчид. Энэ төрлийн бизнес эрхлэгчид хэр хэм­жээний ашигтай ажил­лад­гийг мэдэхийн тулд хэтэвч рүү нь хичээж өнгийх шаардлагагүй.

Нийслэлд ойролцоо­гоор 100 гаруй машин угаалгын газар байдаг гэсэн мэдээллийг Усны газраас өгч байна. Нэг машин угаах үнэ дунд­жаар 8000 төгрөг. Өдөрт багадаа таван машин угаа­хад 40 мянган төгрөг болно гэсэн үг. Харин нэг ма­шин угаахад ойролцоогоор 30 литр ус зарцуулдаг гэж байгаа юм. Гэхдээ энэ нь машин угаалгын газрынх­ны өөрсдийнх нь хэлдэг тоо болохоор албан ёсных биш гэсэн үг. Техник тех­нологийн хөгжил нь ма­найхыг хол хаясан амери­кууд нэг машин угаахдаа 250-500 литр ус зарцуулд­гаа “хүлээн зөвшөөрсөн” байна. Тэгээд ч машин угаалгын газрынхны хэл­сэнд итгэхгүй байх үндэс­лэл үүнээс өөр олон бий.  Ганцхан алчуур угаахын тулд өндөр даралттай усыг хайр найргүй асгаж бай­гааг захын угаалгын газарт очоод харж болно. Зөвхөн үүнд л 30 литр ус хангалт­тай зарцуулж байгаа гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна. Хэрэглэснийхээ хэрээр мөнгө төлөх учиртай бай­тал яагаад усыг ийм ца­маанаар цацаж байгаа­гийн хариултыг харин Ус сувгийн удирдах газрын­хан тайлбарлаж өгсөн юм. Сүүлийн үед ийм газрууд хувиараа худаг ухаад л, улсад төлөх татвараас “тусгаар тогтносон” гэнэ. Хэрэв энэ үнэн бол хаа дуртай газраа өөрийн дураар худаг ухаж байгаа тэдэнтэй тооцоо бодох эрх нь ч бас Усны газарт бий.

Үүнээс гадна  Ус сувгийн удирдах газраас Орон сууцны конторуу­даар дамжуулан нийслэл­чүүдэд өдөрт 160 мянган метр куб ус түгээдэг юм байна. Хэрэглэгчдэд хүр­гэх усны үнийг Ус сувгийн удирдах газраас Нийслэ­лийн Засаг даргатай зөв­шил­цсөний үндсэн дээр тогтоодог. Хамгийн сүүлд, 2010 оны зургадугаар са­рын 23-нд баталсан тушаа­лаар хэрэглэгчид түгээх цэвэр усны төлбөр 281 төгрөг, бохир ус татан зайлуулах төлбөр 161 төгрөг байна. Хэрэглэгчид түгээх цэвэр ус гэдэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэж буй, унд, ахуйн хэрэглээний ус. Харин татан зайлуулах бохир ус гэдэг нь арьс ширний үйлд­вэрүүдийн бохир­дуулс­ныхаа дараа Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан Туул голд “ний­лүүлдэг” ус юм. Гэвч аль, аль нь цэвэр ус. Харам­салтай нь бид алийг нь ч ялгаагүй хайр, гамгүй  хэрэглэсээр байна. Мэ­дээж, хэрэглэх нь зөв л дөө. Бас усаар бизнес хийгчдийн хэтэвч рүү өндийх эрх хэнд ч байхгүй. Гэвч эцсийн дүндээ усны нөөц, хэмнэлт хийж хэв­ших нь л чухал байна. Хэтэвчтэй нь “ярихгүй”-гээр үүнийг эхлүүлэх боломж байхгүй.

Манай кинотеатрууд, зарим албан байгууллагад зөвхөн хэрэгтэй үед гоож­дог ус мэдрэгчтэй цоргууд хийсэн байдаг. Жижигхэн хэмнэлт юм шиг харагдаж мэдэх ч, хэмжиж үзвэл үүний цаана том ач хол­богдол “нуугдаж” байгаа. Зочид буудал, саун, ресто­ран гээд  үйлчилгээний бүхий л газрын усны цор­гыг хэмнэлттэй техноло­гийн “фэн” болгохын тулд  шийдвэр гаргагчдын ху­руу, толгой хоёр үл ялиг­хан “ажиллуулахад” л болоод явчих биш үү. Ус хэмнэгч тоног төхөөрөм­жийг улсын хилээр оруулж ирэхэд нь татвараас хөн­гөлж, эсвэл  огт татвар авахгүй байсан ч болно шүү дээ. Зөвхөн импортын татвар төдийгүй, ус хэрэглэж байгаа төлбөр дээр нь багахан хэмжээ­ний хөнгөлөлт үзүүлчихэд том урам болох байх. За тэгээд, усыг хайр найргүй урсгаж байгаа авто угаал­гын газрууд, үйлдвэрүүд хэрэглэснээ дахин ашиг­ладаг технологи нэвтрүүл­чихвэл тэдэнд  усаа үнэгүй ашиглуулсан ч харамлах, харамсах зүйлгүй юм шиг санагдана. Эсрэгээр нь, усыг хэр хэмжээгээр бохир­дуулна, төдий чинээ илүү мөнгө төлдөг системд яаралтай шилжих хэрэг­тэй байна. Эцэст нь, ма­гад­гүй эхэнд нь хийх ёстой хамгийн чухал ажил бол Ус сувгийн удирдах газар устай холбоотой төлбөр тооцооны мэдээллээ яг таг мэддэг, иргэдэд нээлттэй байлгадаг, үйлчи­лгээ­ний­хээ төлбөрийг бүрэн бүтэн авч чаддаг болчихвол бид­ний олон жил толгойгоо гашилгаж байгаа “хэм­нэлт”-ийг амьдралд “нэвт­рүүлэхэд” тийм ч хэцүү биш байх болов уу.

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Cialis Precio De Venta cialis Imitation Cialis 800 Number Am Luat Propecia Cialis 10 Mg Filmtabletten Preisvergleich

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *