Усанд “урсдаг” зам

8-р сарын 1, 2018 9:12 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 30
8-1-4
Ус зайлуулах шугам хоолойг дарж битүүлэн барилга барьснаас үерт автах нөхцөл бүрддэг аж. Ус зайлуулах далд байгууламжийг таглаж дээр нь барьсан байшинг буулгуулжээ.

Д.ОЮУНЧИМЭГ

Сүүлийн жилүүдэд замын бүтээн байгуулалт эрчимтэй явж ирсэн. Зам дагаж хөгжил хэмээн нэлээдгүй хөрөнгөөр хот, хөдөөгүй зам барьсан юм. Үргэлжлэн орсон борооны улмаас шинээр барьсан зам эвдэрч олныг бухимдууллаа. Замыг өргөнөөс нь өндрөөс нь идсэний гор хэмээн халаглаж байв. Баянзүрх дүүргийн иргэн С.Болдхуяг “Усархаг бороо 10 миунт орчим ороход л зам усаар дүүрч үерт автаж байна. Дөнгөж шинээр барьсан ашиглалтад орж амжаагүй байхдаа эвдэрчихэж байна. Дарга нь цувж ирээд л явах юм. Тэгээд ч нэмэр алга” гэв. Усанд л урсах замтай монголчууд хөгжих тухай ярих ч хэрэггүй мэт.

БОРООНЫ УСАНД УРСАХ ШАЛТГААН…

Богинохон хугацаанд орсон бороо нийслэлийн гудамж талбай, далан шуудууг эвдэж, цаашлаад айл гэр урсгах ч аюултай. Шавар, шороо холилдсон үерийн усыг авто машин голоор гарч буй мэт туулан явах нь хэвийн үзэгдэл болсон. “Ус зайлуулах шугам, сүлжээ ч гэж алга. Жил бүр хүч хөдөлмөр зарж, засч янзлах авто замд ус зайлуулах хоолой хийхгүй байгаа нь зам усанд урсах шалтгаан” хэмээн иргэд бухимдаж байгаа юм. Нийслэлд 73 километр орчим замд ус зайлуулах шугам, сүлжээ ашиглаж байгаа хэмээн албаныхан тайлбарласан. Тэр ч бүү хэл үерийн усыг зайлуулах байгууламж газар доогуур болон ил байрладаг аж. Шинээр зам барьж, засвар хийх бүрдээ л ус зайлуулах шугам хийдэг хэмээн замын салбарынхан учирлаж байна. Тэгээд яагаад усанд автаж урсаад байна вэ. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Ганбат “Нийслэлд барьж байгуулсан том, жижиг бүх зам ус зайлуулах хоолойтой. Гэхдээ иргэдийн болон аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаанаас болж ус зайлуулах хоолойг тагладаг. Ил болон далд байрлах ус зайлуулах шугам хоолойг улсын өмч хэмээн хүнийрхдэг бололтой. Гэвч эцэстээ өөрийнх нь эрх ашгийг ч хөндөж байгааг ухамсарлах ёстой. Шугам хоолойг дарж байгаад барилга барих энүүхэнд” хэмээсэн юм. Хамгийн гол нь борооны ус Улаанбаатараас гарах гэж олон саад бэрхшээлийг давдаг аж. Давж чадахгүй байгаа хэсэг нь замаа дагаж урсахаас аргагүйд хүрдэг тухай мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс л усанд “урсдаг” замтай болсон бололтой. Энэ талаар “Мадимос групп” компанийн ерөнхий захирал Б.Баянмөнх “Манай авто замчид маш сайн зам тавьж байгаа. Хятадууд замын өргөнөөс, монголчууд зузаанаас нь идчихлээ гэдэг яриа бий. Зам тавьж байх явцад шалгалтыг маш сайн хийж байгаа учраас  тийм ойлголт байхгүй” гэсэн юм. Тэрээр “Гаргасан зургийн дагуу технологийн нарийн горимоор хийдэг. Зам барьж буй компани технологи зөрчдөггүй. Тиймээс ус зайлуулах шугам хоолой хийхгүйгээр зам барихгүй” гэдгийг онцолсон.

ЗӨВХӨН ЗАМЫНХАН УУ…

Ус урсах гарцгүй болохоороо замаа дагаж байгаа юм хэмээн Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл учирласан. Тэрээр “Иргэд, аж ахуйн нэгжийнхэн ус зайлуулах хоолойг огтхон ч тоодоггүй. Тэгчихээд усанд автаад эхлэхээрээ зөвхөн зам буруутай гэж болохгүй” гэв. Учир нь барилгын дээр хуримтлагдсан ус хаашаа урсдаг вэ гэдгийг анхаарах нь зүйтэй юм байна. Тэд борооны усыг зөвхөн барилгаасаа зайлуулах шийдэлтэй. Тэр ус явган болон авто замаар урсч байгаа нь хүн бүрийн нүдэнд ил байдаг зүйл. Энэ мэтчилэн олон шалтгааны улмаас замын усыг бүрэн зайлуулж чадахгүйд хүрээд байгаа аж. Эндээс харвал барилгын салбарынхан усанд урсах замын гол буруутан бололтой. Гэхдээ үүнийг салбарынхан үгүйсгэж байна. “Хос бар” компанийн захирал Л.Шаравням “Томоохон бүтээн байгуулалт хийж байгаа учраас зураг төслийн дагуу барьж гүйцэтгэнэ. Мэдээж ус зайлуулах хоолойтой байна шүү дээ. Тэндээс гарч байгаа усыг хааш нь урсгах вэ гэдгээ ч тодорхойлдог” гэсэн юм. Ер нь хотын төлөвлөлтийг буруу хийснээс усаа зайлуулж чадахгүй усандаа автаж суугааг албаны эх сурвалжууд онцолж байсан. Ус зайлуулах хоолой байсаар атал усанд автаад байдаг. Усны хоолойг таглаад буусан байгууллагаас гадна хогоор дүүрсэн нь ч олон. 1-2 өдөр орсон борооны дараа шугам хоолойг цэвэрлэхэд 10 орчим хоног зарцуулдаг аж. Уг нь иргэд нь ухамсраараа ус зайлуулах хоолойг таглахгүй, хогоо чихэхгүй бол нийслэл усанд автахгүй байх боломж бий юм билээ.

СААТАХГҮЙ БОЛ УСАНД “УРСАХГҮЙ”…

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг, аадар борооны улмаас нийслэлд гурван хэсэгт авто зам усанд автаж, эвдэрсэн байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Монелын зам усанд автаж, зам эвдэрсэн ч засварлажээ. Зам эвдрэх шалтгаан нь энэ чиглэлд үерийн усны даланг таглаж байшин барьснаас үүдэлтэй гэдгийг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Ганбат онцолсон. Тэрээр “Бид шуурхай арга хэмжээ авч эхний ээлжинд хоолой таглаж буусан дугуй засварын газрыг буулгуулсан” гэсэн юм. Асуудал дагуулсан 330 метр чулуун зам эвдрэх болсон шалтгаан нь зөвшөөрөлгүйгээр зам сэтэлж бохирын шугам тавихдаа стандартад нийцүүлж хучилт хийгээгүйгээс үерийн ус зам руу орсноос зам цөмөрсөн гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлав. Ингээд тоочоод байвал усанд урсаад явчихсан олон зам бий. Ер нь борооны ус инженерийн далд шугам сүлжээгээр явсаар уулын жалга, суваг, шуудуунд хаягддаг. Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун талын шугам гэхэд Дунд голын хажууханд, XIII хороолол орчмынх Сэлбэ, Туул голын ойролцоо жалганд асгарна гэсэн үг. Энэ мэтээр хол замыг туулж хаягддаг учир хувь хүн, албан байгууллагууд замын ус зайлуулах хоолойг хамгаалж, зам зуур нь хогоо хиймээргүй байна гэдгийг албаныхан сануулсан.

Өнгөрсөн сард орсон борооноос үүдэн хөдөө орон нутгийн зарим зам эвдэрснээс улсад хоёр тэрбум төгрөгийн хохирол учирсныг Зам тээвэр, хөгжлийн сайд Б. Цогтгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Буруутныг хайх гэсэнгүй. Бидний болчимгүй, ухвар мөчид бодлоос үүдэн богино хугацаанд нэлээдгүй хохирол амсч байна. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэгчлэн одоо олох ашгаас илүү ирээдүйгээ харж баймаарсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *