Урлаг яслийн эрхлэгч

5-р сарын 28, 2018 9:29 am Нийтлэгч: Ангилал Амьдралын тойрог , Ярилцах цаг Уншсан: 33
5-27-5

Ч.ГАНТУЛГА

Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр үнэхээр царай муутай. Тэд хурдхан л том болохсон гэсэн мөрөөдөлтэй. Тий­мээс ч шар шувуу ахын өгсөн шидэт үрлийг долоож хөөрхөн, том болох хүслээ бие­лүү­лэхээр шийддэг. Гэвч шу­нал­тай зан нь тэ­дэнд ямар өөрчлөлтийг авч­рах бол. Энэ бол “Хүүхэл­дэйн театр”-ын хамт олны эх үрсийн баяраар бяцхан үзэгчиддээ барьж буй ээлжит бэлэг “Бүлтээхэй Дэлдээхэй” хүүхдийн жүжиг.  Царай муутай хоёр найзыг тайзан дээр гарч ирэхэд хүүхдүүд шуугилдан угтав. “Бүлтээхэй болохгүй шүү. Чи улам муухай царайтай болчихсон байна. Яах гэж үрлийг залгисан юм бэ” гэхэд эгдүүтэй Бүлтээхэй сэтгэлээр унана.

Хүүхэд нас л хамгийн сайхан нь гэдгийг ойлгосон тэрээр тайзны голд гуниглан суух нь өрөвдмөөр. Үзэгч хүүхдүүд ч түүнтэй хамт дуугаа хураан чин сэтгэлээсээ түүнийг өрөвдөж байгаа нь өхөөрдөм. Хүүхдүүд ийнхүү үлгэрийн ертөнцөд аялж байна. Бяцхан зүрхэндээ бүхнийг бодит мэтээр хүлээн авч Бүлтээхэй, Дэлдээхэй хоёртой баярлан хөөрч, гуниглахад нь урвайсаар.

Зарим нь тэдний өмнөөс уйлж нулимсаа арчиж байгаа нь харагдана. Хичнээн хөөрхөн, гэгээн ертөнц вэ. Энэ л хүүхдүүдийн цангинасан инээд хорвоогийн хамгийн сайхан аялгуу гэлтэй.

Харин амьдралынхаа 24 жилийг үлгэрийн ертөнцөд өнгөрөөнө гэдэг ховорхон хувь тохиол. Өдөр бүр хүүхдийн дүрд хувирч, бяцхан жаалуудад инээд хөөр, аз жаргал ухаарал хайрласаар өөрөө хүртэл хүүхэд шиг цагаахан болчихсон нэгэн авьяаслаг бүсгүйг Эх үрсийн баярт зориулсан “Амьдралын тойрог” буландаа урилаа. Өөрөө ч Хүүхэлдэйн театрын жүжигчин хэмээх энэ алдартаа хачин их хайртайг нь нүднийх нь харц, уран бүтээлийн баялаг түүхээс нь харж болохоор. Энэ хүн бол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Д.Батмөнх юм. Ажил амьдралын гараагаа энэ теараас эхэлж одоо ч энэ салбартаа үнэнчээр хөдөлмөрлөсөөр яваа түүний амьдралын хуудсыг хамтдаа нээцгээе.

ЦЭРГИЙН ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН ЖҮЖИГЧИН

Д.Батмөнх айлын зургаа дахь хүүхэд.

Хүүхэд шуугисан ариухан сүмд бидний яриа өрнөсөн учир ярианы сэдэв маань ч түүний хүүхэд насны гэгээн дурсамжаар эхэлсэн юм. Түүний аав ээж нь Дундговь аймгийн уугуул цэргийн хүмүүс юм байна. Багаасаа аав ээжийгээ даган цэргийн амьдралыг мэдэрч өссөн ч урлагийн тэр тусмаа жүжигчин болох хүслээ тэрээр орхиогүй. Урлаг уран сайханд дуртай зохион байгуулах авьяастай байсан нь ийнхүү мөрөөдөлдөө үнэнч байх итгэлийн галыг нь асаажээ. Нийтлэлийн баатар маань айлын зургаа дахь хүүхэд. Бага нас нь Говь-Сүмбэр аймагт өнгөрчээ. Тэнд 10 жилийн сургуульд орж, Эвлэлийн үүрийн даргаас эхлээд аливаа ажилд идэвхитэй оролцдог хариуцлагатай сурагч байсан гэнэ. Одоо ч энэ зан нь хэвээр гэсэн. Тэрээр одоо театрынхаа “Жүжиг ангийн дарга” гэсэн хариуцлагатай албыг хашдаг юм байна. Балчир насных нь зургадугаар сарын 1-н хамгийн дурсамжтай өнгөрдөг байсан тухай нийтлэлийн баатар маань онцоллоо. Аав ээж нь хүүхдийн баяр дөхөхөөр шинэ хувцас авч өгдөг байж. Хурдхан л шинэхэн хувцсаа өмсөхсөн гэж хүссэн бяцхан охин зургадугаар сарын 1-ийг тэсэн ядан хүлээдэг байж. Баярын өглөө гоёхон хувцсаар гоёод, аав ээжийнхээ ажлын газраас уут дүүрэн амттантай бэлэг авдаг байсан нь гэнэн балчир насных нь гэгээн дурсамж болон сэтгэлд нь тодоос тод үлджээ. Одоо харин тэрээр энэ баяраар өөрийн хүүхдээс илүү түмний хүүхдийг баярлуулах ариун үйлст зүтгэж байна. Эх үрсийн баяраар байнга тоглолттой байдаг тэрээр хөөрхөн хүүхдүүдийн цангинасан инээдийг сонсохдоо үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмжийг авч, хүүхэд насандаа эргээд очсон мэт хөөрөн догдолдог гэнэ лээ.

“ХОРИХЫН БАЙР”-НЫ МӨНХӨӨ

Түүнийг бага байхад өнөөгийнх шиг цахим ертөнц, гар утас байсангүй. Үеийнхээ охидтой дээс, чирта эргүүлж, байшингийн буланд банзан гитар дарж аялгуунд нь уяран догдолдог байж. Байр байраараа талцаж, өрсөлддөг байсан нь 1980-аад оны багачуудын наргиа. Тэднээс “Хорихын байр”-ны хүүхдүүд хамгийн алдартай нь. Тэр байрны авьяаслаг багачуудын нэг нь өнөөдрийн нийтлэлийн баатар, жүжигчин Д.Батмөнх юм. Хүүхдүүд долоо хоногийн нэг өдөр заавал нэг айлд усыг нь авч өгч, түлээг нь хагалах зэрэг гэрийн ажилд нь тусладаг байжээ. Байрны найзуудтайгаа Зөвлөлтийн кино, эстрад хөгжимд дурлаж, дагаж дуулдаг байсан сайхан дурсамж олон гэсэн. Тэр үеэс Д.Батмөнх Оросын уран зохиолд дурлаж, шүлэг найргийг нь уншиж явсан нь өнөөдрийн уран бүтээлч болоход нь түлхэц болсон нь лавтай. Тэрээр 1991 онд дунд сургуулиа төгсч, амьдралын анхны алхмаа хийх хариуцлагатай үетэй нүүр тулсан юм.

“ГАРЫН ТАВАН ХУРУУ”-НЫ ШАГДАРЫН ШАВЬ

1991 онд СУИС-ийн босгыг алхахад нь түүнийг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Лхаасүрэн багш тосч авчээ. Багш нь түүнд жүжигчин байх төдийгүй хүн байхын утга учрыг ойлгуулж амьдрал, уран бүтээлийнх нь замыг засч өгсөн гэж шавь нь багшдаа залбиран сууна. Тэдний ангийг 12 оюутан төгссөн бөгөөд үзэгчдийн сайн танил хошин урлагийн акулуудын нэг жүжигчин Г.Ундармаа нэг анги байжээ. Жүжигчин Л.Лхаасүрэн багш нь их уяхан сэтгэлтэй, хөгжилтэй хүн байсан аж. Шавь нартаа “Нэг хувийн авьяасыг 99 хувийн хөдөлмөрөөр усладаг юм. Жүжигчин байхын тулд эхлээд хүн болох хэрэгтэй” гэж захидаг байж. Дөнгөж оюутны ширээнд тохой мөрлөсөн шинэхэн оюутан эхлээд учрыг нь ойлгоогүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр багшийнх нь үг бүхэн нь алт шиг үнэтэй байсныг ухаарчээ. Л.Лхаасүрэн багшийн ангийнхан УДЭТ-ын бага тайзан дээр мэргэжлийн хичээл ордог байжээ. Хожим багш нь шавиа дүгнэхдээ “Аливааг олон талаас нь харж сурсан. Уран байх гэж хичээдэг. Хэдий хичээлийн явцад жүжиг гуйвуулж загнуулсан ч дүрийн дотоод мэдрэмжийг гайхалтай гаргасан. Тэр үед багш нь загнасан нь дэндүү их магтаал хэлэх гээд байсан учир зэмлэж дарсан юм шүү” гэжээ. Энэ л үгэнд нь урамш­сан шавь Д.Батмөнх нь хэдийгээр тэнгэрт байгаа ч багшийнхаа итгэлийг алдахгүй юмсан гэж бүтээлээс бүтээл, дүрээс дүрийн хооронд улам хичээж, суралцсаар л явна.

ШУУД ҮНДСЭН ЖҮЖИГЧИН БОЛОВ

1995 онд түүнийг сургуулиа төгсөхөд УДЭТ Хүүхэд залуучуудын театр Армийн театр хүчтэй байж. Шинэхэн жүжигчний хувьд эдгээр театрын нэгэнд нь орно гэсэн чин хүсэл байсан нь мэдээж. Гэвч тэр жил сургууль төгссөн оюутнуудын хэн нь ч босго өндөртэй төв театрт ажиллах эрх авч чадаагүй гэнэ. Ийнхүү юу хийхээ мэдэхгүй байсан бүсгүйн замыг Л.Лхаасүрэн багш нь л зааж өгчээ. Аав ээжийнх нь албан байгууллага руу утас цохисон багш нь “Хүүхэлдэйн театр”-т жүжигчин авна гэж байна. Чи шалгуул” гэжээ. Ингэж л сургуулиа төгсөөд долоо ч хоноогүй шинэхэн жүжигчин хүүхэд шуугисан ариун өргөөтэй амьдрал уран бүтээлээ холбох хувь тавилантай байж. Д.Батмөнхийг Хүүхэлдэйн театрт ороход даргаар нь н.Алтан-Очир ажиллаж байж. Чехэд жинхэнэ хүүхэлдэйн найруулагчаар төгссөн авьяаслаг уран бүтээлч байв. Туслах найруулагч нь хүүхдүүдийн сайн найз Буратиногийн дүрээр сэтгэлд хоногшсон Соёлын тэргүүний ажилтан О.Норолхоо байжээ. Сайн мэддэг дуу, шүлгээ уншихад дарга нь  олзуурхаж “Сайхан дуу хоолойтой, бие бялдарын хөгжил сайн байна. Чамайг шууд жүжигчнээр авъя. Чи орох уу” гэхэд нь залуухан жүжигчин маань уухайн тас зөвшөөрчээ.

“ХҮҮХЭЛДЭЙГ АМЬДРУУЛАХЫН ТУЛД ТҮҮНИЙ ЕРТӨНЦӨӨР АМЬДАР”

Тухайн үед “Хүүхэлдэйн театр”-т жинхэнэ хүүхэлдэйн бүтээлүүд давамгайлж байв. Хүүхэлдэйг хэрхэн тоглуулдгийг мэдэхгүй жүжигчин маань театрынхаа хоёрхон жүжгийг үзээд алмайрчээ. Хажууханд нь УДЭТ-д дөрвөн жил амьдарчихаад, энэ теарт ирж жүжиг үзэх минь яав даа гэж өөртөө харамсч, ичсэн гэдэг. Ингэж л анх хүүхэлдэйн урлагтай танилцсан Д.Батмөнх долдугаар сарын 15-аас оёдолчин Оюуны хамт театраа сахин үлджээ. Учир нь ихэнх жүжигчид амарснаас гадна үлдсэн уран бүтээлчид нь баруун аймгуудаар аялан тоглолтод явжээ. Шинэхэн жүжигчин маань тэр өдрөөс театрынхаа нарийн бичиг, үйлчлэгч, касс, жижүүр, цэвэрлэгч гээд бүх ажлыг гардан хийж үзэв. Үүнээс гадна хүүхэлдэйгээ тоглуулж сурах хүндхэн үүрэгтэй. Өглөө 10:00 цагаас ирж тайзаа цэвэрлэчихээд, 11:00 цагт даргынхаа өрөөнд 3-5 кг-ын жинтэй хүүхэлдэйг суганыхаа булчирхайг цочтол өргөж зогсоно. Хэдийгээр шантрах үе байсан ч жүжигчин болох чин хүсэл нь түүнд цаг ямагт “Шантарч, буцаж болохгүй шүү” гэж хэлдэг байжээ. Хүүхэлдэйн жүжигчин гэдэг тусгай мэргэжил. Амьгүй зүйлийг амьтай болгоно гэдэг жүжигчнээс авьяас шаардахаас гадна хоёр дахин илүү мэдрэмж хэрэгтэй аж. Өөрийн үзэл бодолтой хүүхэлдэйг амьдруулахын тулд түүний ертөнцөөр сэтгэж, амьдрах ёстой гэнэ. Хүүхэлдэйгээ гартаа оруулж мэдэрнэ гэдэг хүүхэлдэйн жүжигчний хамгийн бахархалтай үе байдаг аж.

ЭРЭГТЭЙ ДҮРИЙН ДАЛЛАГАТАЙ БҮСГҮЙ

Жүжигчин Д.Батмөнх анх сургууль төгсөхдөө дипломныхоо ажлыг Моллерын “Аргагүй эрхэнд оточ” жүжгийн өвгөний дүрээр хамгаалжээ. Эмэгтэй хүн эрэгтэй дүрд хувирна гэдэг амаргүй даваа. Гэвч шалгалтын комисс оюутан Д.Батмөнхийг хамгийн их магтаж урам өгчээ. Тэгвэл Хүүхэлдэйн театрт ирээд 1997 онд “Нарны гэрэлт дагина” жүжгийн Өнөболдын дүр буюу эрэгтэй гол дүрийг анх бүтээжээ. Тус театрын жүжигчин бүрт гартаа оруулсан хүүхэлдэй гэж бий. Нийтлэлийн баатар маань ч театрын босгыг алхсанаа хойш “Хатад” жүжгийн гоцлол хөгжимчин хатагтайг гартаа оруулжээ. Анх тайзан дээр хүүхэлдэйгээ тоглуулахдаа чичирдэг байсан бол одоо хүүхэлдэйгээ чичрүүлдэг болсон гээд маань инээмсгэлж байсан юм. “Хүүхэлдэйн театр” ирэх арваннэгдүгээр сард 70 нас хүрнэ. Ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж буй тухайгаа “Жүжиг ангийн дарга” маань ярьж байсан юм. Тус театр зөвхөн хүүхдийн жүжгээс гадна насанд хүрэгчдэд зориулсан драмын бүтээл ч туурвиж байгаа аж.

ТЕАТРЫН ЖҮЖИГЧИД ЭРЧ ХҮЧЭЭ ХҮҮХДИЙН ИНЭЭДЭЭС АВДАГ

Хүүхдийн ертөнц хамгийн гэгээн. Тэгвэл тэр гэгээн ертөнцийг мэдэрч тэдэнд зориулж уран бүтээл хийх хамгийн сайхан аж. Тайзан дээр тоглож байхад хүүхдүүдтэй холбоотой хөгжилтэй тохиолдол олон болдог байна. Нэг удаа “12 сар” жүжгийг тоглож байхад хамт тоглож байсан жүжигчнийх нь охин тайзан дээр “Ээжээ” гээд гараад иржээ. Хөдөө орон нутгиийн хүүхдүүд хүүхэлдэй тоглуулахаар тайзны араар сониучирхан ороод ирэх нь элбэг. Энэ мэт хөгжилтэй явдал олон. Д.Батмөнх ганц охинтой. Охин нь Хятадад далай судлалын сургуульд  суралцдаг аж. Харин түүний хань жолооч мэргэжилтэй. 24 жил урлагт зүтгэж ургах нартай уралдан гарч оройн бүрийд гэртээ ирэхэд нь нэг ч удаа уурлаж гоморхоогүй хань байгаагүй бол гагцхүү өнөөдрийн Д.Батмөнх байгаа ч бил үү. Тиймээс ханьдаа талархаж явдгаа манай сониноор дамжуулж хэлье гэснийг нь уламжлая. Хүүхэлдэйн театрын жүжигчид тэр их эрч хүч, инээд хөөр, баяр баяслыг гагцхүү бяцхан үзэгчдээсээ л авч, урамшиж хийж буй ажилдаа улам татагддаг ажээ. Тэд бусад уран бүтээлчид шиг байнга зурагтаар гарч нэр алдартай болдоггүй ч хамгийн буянтай ажлыг хийж, эх орны хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг баярлуулах гэгээн үйлсийг бүтээсээр явна. Хэрэв урлаг гэдэг нэгэн цогц ойлголтыг сургууль гэж авч үзбэл Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид хамгийн бага бүлэг буюу ясли ангийнхан гэж нийтлэлийн баатар маань онцолсон юм. Учир нь өдөр бүр тэдний тоглолтыг үзэж, хөөрч баясч байгаа тэр бяцхан жаалуудын дунд ирээдүйн ерөнхийлөгч эрдэмтэн урлагийн од хэд байгааг хэн ч таашгүй. Харин би нийтлэлийн баатараа урлаг хэмээх тэр сургуулийн ясли бүлгийн эрхлэгч гэж онцолсон юм. Учир нь амьдралынхаа 24 жилийг энэ л урлагт зориулж, шавь нараа бэлдсээр буй энэ эрхэм уран бүтээлч хамт олондоо дэндүү нэр хүндтэй нэгэн юм билээ. Залгамж халаа болсон залуу жүжигчдийг сургаж, театрынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өглөөнөөс оройг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж явааг нь харахад тэрээр яахын аргагүй “Урлаг” хэмээх яслийн хамгийн сайн эрхлэгч билээ.

Гэр бүлийн хамт.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *