Үр дүн нь үл мэдэгдэх Үндэсний хорооны хурал

8-р сарын 2, 2017 9:27 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 13
c9640bc2d2855d87724836cf1ecf76da

С.УЯНГА

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хо­роо өчигдөр Ерөнхий сайдын өрөөнд хаалттай хурал­дав. Хурлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэвлэлийнхэнд нээлттэй зарласан ч үн­дэсний хорооны гишүүд цугласнаар гэнэт Ерөнхий сайд хаалттай хуралдахаар өрөөндөө дуудуулсан юм. Энэ үеэр олон жил яригдсан ч дорвитой үр дүнд хүрдэггүй  агаарын бохир­долтой холбоотой бүхий л салбарын мэдээлэл, илтгэлийг сонсох байсан уч­раас хэвлэлийнхэн нэ­лээдгүй сонирхож бай­лаа. Тиймдээ ч албаны “амтгүй” мэдээ бус өөрсдийн үзсэн сонссон, ухаж төнхсөн, хамгийн гол нь бодит мэдээллийг олонд хүргэх саналаа сэтгүүлчид хэлж байсан юм. Өчигдрийн хуралд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас утаатай тэм­цэхэд хэрэгжүүлж буй арга хэмжээний  та­лаарх илтгэлийг танил­цуулах байсан нь сэтгүүлч­дийн сонирхлыг татав. Өөрөөр хэлбэл, энэ өвөл Улаанбаатар хот улиг болтол яригдаад багас­даггүй утаатай хэрхэн тэм­цэх талаарх гарц, шийдэл, санаа оноог салбар бүрийн хүмүүс дэвшүүлэх байв. Энэ үеэр утаанд төсөв­лөсөн  мөнгийг хэн, юунд зарцуулж байгааг ил тод мэдээлнэ. Зарим үед төсөв мөнгө, утаатай тэм­цэх шийдлийн талаар маргалдаж мэтгэлцэж бага­гүй хэрүүл болдог байсан. Олны нүдэн дээр нуусан хаасан зүйлгүй хэлэл­цэх нь ч үр дүнтэй байж магадгүй. Гэтэл өчиг­дөрийн Агаарын бохирд­лыг бууруулах үн­дэс­ний хорооны хурал хаалттай хаалганы цаана хуралдаж, ямар гарц шийдэл ярьсныг мэдэхгүй.

Үндэсний хорооны гишүүд өдөр бүр юм уу, долоо, 14 хоногтоо цуг­ларахгүй. Улиралд нэг удаа цуглаж нэн шаардлагатай асуудлаа хэлэлцдэг журамтай. Энэ оны  гуравдугаар сарын  20-ны өдрөөс эхлэн Ерөнхий сайдын  захирамжаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон өргөжин шинэчлэн зохион байгуулагдаж байгаа аж. Ингэхдээ  агаар, ус, хөрсний бохирдлын асуудлыг цогцоор нь авч үзэхээр болжээ. Эндээс харвал нүсэр бүтэц бүхий, шийдвэр гаргадаг дарга нарыг цуглуулан хуралдаж байгаа юм. Гэвч Үндэсний хорооны өчигдрийн хурал Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон өргөжсөнөөс өөр онцлог тун бага байлаа. Хурлын эхэнд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өгсөн Үндэсний хорооны сүүлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудыг хэлэлцэнэ. Ногоон зээлийн сангийн талаар онцолно гэхээс өөр мэдээлэл байсангүй. Тодруулбал, Ногоон зээлийн сангийн ажлыг хэрэгжүүлснээр Агаар, орчны бохирдлыг шийдвэрлэх, тогтвортой ногоон төслүүдэд санхүүжилт гаднаас оруулж ирэх боломж бүрдэх, дотооддоо зохистой түгээх систем бий болгоно гэж үзсэн байна. Жишээлбэл, Нийслэл хотын хэмжээнд цахилгаан халаагуурын санхүүжилтийг сангаар дамжуулах, гэр хорооллын дулаалга, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх зээлийн бүтээгдэхүүн, эко буюу цахилгаан автомашины зээлийн бүтээгдэхүүн бий болгох замаар агаарын бохирдлыг бууруулахаар тооцоолсон аж. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн салбар бизнесийг дэмжсэн шинэ тогтолцоог үүсгэх, гадаад болон дотоодод үлгэр жишээ болно. Эдийн засгийн хямралтай, гадаад эх үүсвэр санхүүжилт онц шаардлагатай энэ үед хөрөнгө, эх үүсвэр оруулж ирэх боломж шууд бүрдэнэ. Улмаар иргэд, ААН-д хямд төсөр ногоон барилгын зээл, ЖДБ-ийн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн зээл, Хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэсэн зээлүүд олгогдож эхлэх таатай боломж бүрдэнэ гэж үзжээ.

Тэгвэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас нэгдсэн журмаар мэдээлснээр үндэсний хорооны хуралдаанд тус хорооны дарга, гишүүд болон бусад төрийн байгууллагын газар, хэлтсийн дарга, төсөл хэрэгжүүлэгч нар оролцсон байна. Мөн Ерөнхий сайд, Үндэсний хорооны дарга Ж.Эрдэнэбат “Зуны улиралд агаарын бохирдол бага ч бид өвлөөс урьтаж боломжит бүх бэлтгэлийг дор бүрнээ хангаж, иргэн бүрийн эрүүл орчны төлөө идэвхтэй, үр дүнтэй ажиллах хэрэгтэй. Засгийн газар зуух тарааж, түлш шинэчилж агаарын бохирдолтой тэмцэхгүй. Утаа үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр утаатай тэмцэнэ гэж байхгүй” гэдгийг онцолсон.

Энэ  оны эхний хагас жилийн байдлаар гэр хорооллын 114512 хэрэглэгчдэд 3363 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт үзүүлж, нийт 6363 өрхийг шинээр цахилгаан эрчим хүчээр хангаад байгааг Эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажил 43 хувьтай байгаа бөгөөд “Байгаль орчинд ээлтэй техник, технологийн мэдээллийн төв”-ийг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний дөрвөн салбарт ажиллуулахад бэлэн болжээ. Үндэсний хорооны хурлын үеэр Ерөнхий сайд “Ногоон зээл”-ийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд төвлөрсөн дулаан хангамжид холбох чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх, шөнийн цахилгааны хөнгөлөлттэй тарифыг үргэлжлүүлж, бэлтгэл ажлыг хангахыг, хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг шуурхайлахыг онцгойлон анхаарч, намрын улиралд багтаан бүрэн биелүүлэхийг холбогдох яам, нийслэлийн удирдлагуудад үүрэгдлээ.

Дээрх мэдээллийг Засгийн газраас өгсөн юм. Ямартаа ч энэ өвөл зуух тарааж, түлш шинэчлэхгүй юм байна. Тэгээд салбар тус бүр хариуцсан ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн аж. Өөрөөр хэлбэл, энэ хоёр өгүүлбэрээс өөр утаатай тэмцэх шинэ соргог шийдэл мэдээлэл байсангүй.  Өргөн бүрэлдэхүүнтэйгээр улиралд нэг удаа хуралддаг Үндэсний хорооны хурлын өвлийг өнтэй давах төлөвлөгөө, үр дүн одоохондоо ийм байна. Үүнээс өөр хаалганы цаана юу яригдсаныг таашгүй. Гарц шийдэл, шинэ санаа ярилцсан бол удахгүй хэрэгжиж эхэлнэ байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *