Үнэт үзмэрүүдийг хамгаалах үүргийг хэн хүлээх вэ?

5-р сарын 11, 2018 8:48 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Урлаг , Урлаг, спорт , Хууль эрхзүй Уншсан: 11
5-11-5

Ч.ГАНТУЛГА

Бид баялаг түүхтэй ард түмэн. Түүгээрээ бахархаж, мөнхлөн үлдээж, хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа өвлүүлэн түгээх нь иргэн бидний үүрэг. Дунд сургуулийн сурагчдын хичээлийн хөтөлбөрт заавал музей үзнэ гэсэн заалт ороод багагүй хугацааг үджээ. Энэ нь эх орныхоо түүх соёлтой танилцах, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн хүмүүсийн тухай сонирхолтой мэдээллийг авах гээд олон талын ач холбогдолтой. Музей гэдэг тэр чигээрээ үлгэрийн ертөнц. Тэнд монгол оронд олон зууны тэртээ амьдарч байсныг гэрчлэх үлэг гүрвэлийн яс, ховордсон ан амьтны чихмэл, түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хэрэглэлээс эхлээд улс үндэстний минь үнэн түүх хадгалагдаж байдаг. Олон зуун жилээр үзмэр хэлбэрээр музейд тавигдаж, гараас гар дамжсан эдгээр үнэт үзмэрийг хамгаалах цаг нэгэнт болжээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн өмчит 45 музей үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс музейн зориулалтаар баригдсан зориулалтын байртай нь тун цөөхөн. Хүүхэд багачуудын хамгийн ихээр очиж сонирхдог Байгалийн түүхийн музей гэхэд л байрны асуудлаас болж хаалгаа бариад удлаа. Хотын төвд байрлалтай музейнүүд зориулалтын байранд үйл ажиллагаа явуулдаг нь Үндэсний түүхийн музей юм. Бусад нь зориулалтын бус, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж, стандартын бус нөхцөлд үзмэрүүдээ хадгалж байгаа нь харамсалтай.

ХУВИНТАЙ УС ТАВЬЖ ЧИЙГШИЛ ӨГЧ БАЙНА

Музейн дэлхийн стандарт гэж бий. Манай улсын хувьд энэ стандартад нийцсэн музей байхгүй. Үүнийг сурвалжлахаар Монголын театрын музейг зорилоо. Тус музей 1991 онд анх байгуулагдсан. 27 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Энд Монголын театр урлагийн түүхийг гэрчлэх уран зураг, хувцас хэрэглэл, гэрэл зураг, тайзны загвар, жүжгийн гар бичмэлүүд түүх болон хадгалагдаж байдаг. Тус музей үзвэрийн таван танхимтай. Харин байр нь зориулалтынх биш. Байрны асуудлаас болж музейн үзмэрийн зөвхөн 30 хувь нь л үзэгчдэд хүрч байна. Үүний улмаас үзмэрүүдэд өнгөө алдах, эвдрэх аюултай. Одоогоор Монголын театрын музейд үзмэрүүдээ хадгалах зориулалтын өрөө байхгүй. Тиймээс ажилчид нь нэг өрөөгөө тохижуулаад үлдсэн үзмэрийг хураажээ. Уг нь музейн стандартад даавуун эдлэл, уран зураг гээд үзмэр бүрийн онцлогт зориулсан хадгалах горим гэж бий. Үүнд чийгшилийн хэмжээ, өрөөний хэм, гэрлийн тусгал гээд бүхнийг нарийн заасан байдаг аж. Гэвч зориулалтын биш байранд үүнийг дагаж мөрдөх боломжгүй тухай тус театрын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Майнцэцэг ярьж байсан юм. Тэрээр “Бид өөрсдийн болоцоогоороо хадгалалтаа механик аргаар хийж байна. Чийгшил өгөхийн тулд үзмэрүүдийнхээ дэргэд хувинтай ус тавих жишээтэй. Тоосжилтоос хамгаалаад өрөөнийхөө цонхыг нь битүүлээд хаачихсан. Уг нь үзмэрээ төрөл бүрээр нь ялгаад тус тусад нь хадгалах ёстой. Хувцсыг хадгалахад дээр, дээрээс нь давхарлаж болохгүй, өлгөх ёстой. Нугалаас сууна гээд заачихсан байдаг. Гэвч тийм боломж байхгүй учир бид шүлтгүй цаас хооронд нь хийж тусгаарлаад эвхээд хадгалж байна. Гэрэл зургуудаа ч ялгаагүй шүлтгүй бор цаасаар бүрээд хадгалдаг. Шүлтгүй цаас нь ямар нэгэн химийн найрлага явахаас сэргийлж, тоос шорооноос хамгаалдаг юм” гэв.

ТООСНООС ХАМГААЛЖ ГЯЛГАР УУТААР БҮТЭЭДЭГ

Монголын үе үеийн авьяаслаг зураачдын бүтээл “Уран зургийн галерей”-д хадгалагдаж байна. Зураг гэдэг хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг юм байна. Жил өнгөрөх тусам өнгийг нь шинэ хэвээр нь байлгаж, арчлах ёстой. Будаг нь хуурч, арилахаас хамгаалж хадгалах шаардлагатай. Гэвч бас л зориулалтын өрөөгүй тул стандартгүй нөхцөлд хадгалж байгаа тухайгаа галерейн менежер С.Даваажаргал онцолсон юм. “Тэрээр манайх үзмэрийнхээ зөвхөн 10 хувийг л дэлгэж байна. Үүнээс гадна хадгалалт хийдэг өрөө маань галерейгаас хол СТӨ-ний зоорийн хэсэгт бий. Энэ өрөө стандартынх биш. Хамгийн доод хэмэгт байрлаж байгаа учир шороо их бууна. Энэ нь зургийн чанарт сөргөөр нөлөөлөх жишээтэй. Тиймээс бид зургуудаа үргэлж гялгар уутаар бүтээдэг” гэж байв. Хотын төвд ойрхон байдаг хоёр байгууллагаар ороход л ийм дүр зураг байна. Эдгээр музей, галерейд тавигдаж буй үзмэрүүд Монголын түүхийн нэгээхэн хэсэг билээ. Үүнийгээ бид хайрлаж хамгаалах, үр хойчдоо үлдээх үүрэгтэй. Үүнийг анхааралдаа авах цаг болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *