Үндсэн хуулиа АН-ын бус ард түмний захиалгаар өөрчлөөсэй

1-р сарын 9, 2013 9:58 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 345
Сонгууль болгоны ор­шил болдог Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сэдвийг энэ удаа АН эхэлж хөндлөө. Ардчилсан Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэг хуульд гар хүрэх багаа эртнээс гаргасан.

Ч.ЗОТОЛ

 

 Сонгууль болгоны ор­шил болдог Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сэдвийг энэ удаа АН эхэлж хөндлөө. Ардчилсан Ерөнхийлөгчийн Тамгын газраас эцэг хуульд гар хүрэх багаа эртнээс гаргасан. Түүнд нь  АН-аас  ажлын хэсэг томилж  хүч хавсрахаар шийджээ.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай улиг болсон  яриа, янз бүрийн  хүсэл сонирхол шингээсэн   хуулийн төслүүд нэг мөр болж цэгцэрвэл сайн  хэрэг. Гагцхүү тэр нь ард түмний сонирхлоос  нэг их гажихгүй байвал тэр шүү дээ.

Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж дархалсан юм  байхгүй. Нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж  хориглосон зүйл  заалт ч  хуульд  үгүй. Харин  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Долоо хэмжиж нэг огтлох ёстой”, “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов”  гэгч болох вий гэсэн болгоомжлол, эмзэглэл  байсаар ирсэн. Тэр нь  2000 онд Үндсэн хуульд оруулсан “Доголон долоо” буюу  дордуулсан  долоон заалтаас эхтэй. Үнэндээ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно хэмээн хуульчилснаар  УИХ гүйцэтгэх засаглалыг хянаж чадахгүйд хүрч тогтолцооны гажуудалд хүргэсэн. Тухайн үед тэрхүү долоон заалтыг оруулахыг УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав ганцаараа эсэргүүцээд хүчгүйдсэн бол Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаад ч хүчрээгүй. Тэрээр  2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын хамгийн түрүүнд хийх ажлыг “Үндсэн хуулийг өөрчлөх” хэмээн товчхон тодорхойлсон байсан. Тиймдээ ч өнгөрсөн намар  “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо”-ны тэргүүн Б.Мижид, гүйцэтгэх захирал Л.Дашням нарын хамт УИХ-ын дарга З.Энхболдтой уулзаж  Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийг эргэн харах талаарх  саналаа өргөн барьсан нь  Ардчилсан Ерөнхийлөгч болоод АН-ын загатнасан газар маажих гэгч болсон байж ч  мэдэх юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад хүрвэл АН энэ асуудлаар ямар байр суурьтай явж ирсэн бэ гэсэн асуулт гарна. 2012 оны сонгуулийн өмнө Сонгуулийн хуулийг Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах асуудалтай хамт  ард нийтээс асууя гэж санал гаргасныг эс тооцвол  АН-ынхан тийм ч идэвхтэй байгаагүй. Гэхдээ  2010  онд   Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдаж, энэ асуудлаар УИХ-ын даргаас  гишүүдэд танилцуулга хүргүүлэхэд МАН, АН-аас тус тусдаа  ажлын хэсэг гаргаж байсан удаатай. Тухайн үед  нэр бүхий  гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төслийг тус тусдаа боловсруулж  Их Хуралд өргөн мэдүүлсэн нь тийнхүү нэг хэсэгтээ ташуур болж дээрх сэдвийг өрнүүлсэн байж ч мэдэх юм. Тухайн үед УИХ-ын  даргын захирамжаар 2011 онд   Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулан 40 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан  ажиллуулсан. Ажлын хэсэг нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын эрх мэдлийг өргөтгөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг оновчтой болгох талаас нэлээд судалсан. Мөн  Үндсэн хуулийн хамгаалалт, хяналтыг бэхжүүлэх, Үндсэн хуульд 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэд, эрдэмтэн судлаачдаас гаргаж байгаа саналыг судлан, санал боловс­руулс­наа олон нийтэд мэ­дээлж байсан ч сонгуу­лийн сүрд дарагдсан.  Түүн дотор нэлээд өргөн сэдвийг хамарч байсан   Д.Энхбат тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан Үндсэн хууль дахь дордуулсан долоон заалтыг засах,  Д.Дамба-Очир нар    засаг захиргааны нэгжийн асуудлаар  “эцэг” хуулийг өөрчлөх төсөл тийнхүү   замхарсан. Түүнээс гадна  Су.Батболд гишүүн  парламентыг хоёр танхимтай болгоё хэмээн өргөн барьсан хуулийн  төсөл бий. Ямар ч хяналтгүй дураараа дургиж байгаа  парламентыг “чөдөрлөх”,  мөн хуулийн боловс­руулалтыг чанар­жуу­лах  утга санаа уг төсөлд байсан юм. Ж.Сүхбаатарын ахалсан ажлын хэсэг хуулийн төслийг  багагүй ярьж байсан ч  бас  л мартагдсан. Өдгөө  айсуй  Ерөнхийлөгчийн сонгуу­лийн оршил  эртнээс дэглэгдэж олон нийтийг хамарсан асуудал руу анхаарал хандуулж эхэллээ. Тэр нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс оруулж ирж буй.  Ардчилсан Ерөнхийлөгчийн тэрхүү ажилд АН хүч хавсрахаар ажлын хэсэг гаргахаа мэдэгдээд байна.

Цагийн шалгуураар  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь байх ёстой зүйлийн нэг. Гагцхүү тэр нь ард түмний хүсэл сонирхлыг шингээсэн байх ёстой.  Мөн гавьяат хуульч Б.Чимэд гуайн хэлснээр өөрчлөлт оруулбал оруулсан шиг оруулж боливол больсон шиг болих хэрэгтэй. Гэтэл хэсэг хүн хуулийн  төсөл боловсруулж,  шинэчлэ­лийн далбаан дор аль нэг нам, хэн нэгэн улстөрчийн зүгээс өөрийн хүсэл шуналыг  Үндсэн хуульд шургуулчихвал гай тарьж мэднэ. Ардчилсан Ерөнхийлөгч дээр нэмэх АН гэсэн дээрх томъёолол   ийм хардлага төрүүлж байна.     

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *