“Үндэсний үзлийг эх оронч үзлээс ялгах хэрэгтэй”

9-р сарын 10, 2018 8:30 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 17
9-10-3

Монголын орчин үеийн утга зохиол болон  монгол хэлний дүрмийг үндэслэгч, Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, академич Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн  ой энэ онд тохиож байна. Ойд зориулан БСШУЯ, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн сан хамтран өнгөрсөн баасан гаригт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Цаашид түүний гэр музейд хадгалагдаж буй түвд, монгол номын бүртгэл, охин Анна Цендинагийн нь эмхэтгэсэн их эрдэмтний өдрийн тэмдэглэл, захидлуудыг ном болгоно. МУБИС-ийн өмнө  дурсгалын хөшөөг нь босгохоор зэхэж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Эрдэмтэн судлаачдын зүгээс “Ц.Дамдинсүрэн судлал хөгжиж байгаа ч дутуу зүйлүүд их. Мөн түүнийг судлах нь Монголын  өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг гэрэлтүүлэх болно” хэмээн дүгнэж байна. “Зууны мэдээ” сонин түүхэн ойд зориулж,  нэрт эрдэмтэн, бичгийн их хүн Ц.Дамдинсүрэн агсны амьд сэрүүн ахуйдаа хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна.

Шинжлэх ухаан, уран зохиол судлалын  тухай:

Шинжлэх ухаан бол хүний амьдралыг судлахдаа нотолгоо баримтыг гол болгодог.

                                *                               *                               *

Уран зохиол бол шинжлэх ухааны адилаар, хүн төрөлхтний судлал мөн. Гэвч уран зохиол, шинжлэх ухаантай яг адил биш, зорилго адил боловч арга нь өөр юм.

                                *                               *                               *

Эрдэмтэн,  зохиолч хоёр, үйлдвэрийн газрын тухай бичих болбол эрдэмтэн нь хэзээ байгуулагдсан, юу хийдэг, хэрхэн ажилллаж ирснийг тоо баримтаар бичнэ. Уран зохиолч бол олон ажилчны ажиллагаа амьдралыг үзэж судлаад, нэг буюу хэдэн ажилчны дүрийг гаргаж уран сайхнаар дүрслэн бичнэ.

                                *                               *                               *

Хуучны уран зохиолын дэвшилттэй эсэхийг судлахдаа заавал орон, цаг, ахуйтай нь холбох ёстой. Өөрөөр хэлбэл, хэдийд, хаана, хэрхэн бий болсныг анхаарах ёстой. Энэ гурвыг анхаарч судалбал сая зөв судлал болно.

                                *                               *                               *

Хүн төрөлхтний түүх ба түүхийн элдэв үзэгдэл бол үргэлж хөдөлж хөгжиж байдаг учраас түүнийг судлахдаа зогсонги, царцмал мэтээр үзэж судалбал чухам үнэн байдал болж чадахгүй, тэгвэл метофизик судлал болно.

                                *                               *                               *

Амьдралын дотор хуучин юм улиран гээгдэж байдаг, шинэ юм үүсэн гарч байдаг. Шинэ хуучин хоёрын зөрчил, тэмцлийн журмаар шийдвэрлэгддэг. Уран зохиолын үзэгдлийг судлахдаа энэ тэмцэл зөрчлийг үргэлж анхаарч байх хэрэгтэй.

                                *                               *                               *

Өөрийн үндэстнийх бол чанарыг харгалзахгүй магтаж, бусад үндэстнийх бол чанарыг харгалзахгүй жигшиж байдаг нь үндэстний үзэлтний нэг шинж юм.

                                *                               *                               *

Үндэсний үзлийг бид эх оронч үзлээс заавал ялгах хэрэгтэй. Эх орноо хайрлах, ард түмнээ хүндэтгэх, соёлын өвийг хямгадан ашиглах явдал эх оронч үзэл мөн бөгөөд үндэсний үзэл бишээ.

                                *                               *                               *

Шинжлэх ухаан, уран зохиолын судлал дээр, нэг эрдэмтэн ийм гээд нэг зүйлийн туйлын үнэнийг баталж хэлдэг. Тэр нь улам улмаар шинжлэх ухааны онол мэдэл гүнзгийрэхэд, туйлын үнэн биш, харьцангуй үнэн байсан нь илэрч мэдэгдэнэ. Иймийн тул эрдэм шинжилгээний ажилтан хүн, хэчнээн ч өөрийн дүгнэлтийг зөв гэж итгэсэн боловч түүнийгээ ганцхан зөв дүгнэлт гэж бодох буюу үүнээс өөр дүгнэлт бол цөм буруу үзэл гэж бодохоос болгоомжлох хэрэгтэй.

                                *                               *                               *

Аливаа шинжлэх ухаан бол тусгайлан нэг ард түмний өмч биш, бүх дэлхий дахины чанартай юм. Мөн Монголын судлал, Монголын уран зохиолын судлал ч дэлхий дахины чанартай байна.

                                *                               *                               *

“Нууц товчоо” ба “Жангар”, “Гэсэр” гурвыг Монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино.

                                *                               *                               *

“Нууц товчоо”-г XIII зууны үед зохиосон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Учир нь ганц өндөр хайлаас (халцгай өвсгүй газар) ургадаггүй түүний ойр тойронд олон мод өвс ургадаг. Түүнчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн “Нууц товчоо” гэдэг зохиол бол тэр цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно.

                                *                               *                               *

Ганга мөрний хөндийгөөс цаст Гималайн өндөр уулыг давж Монголын тал руу урссан соёлын олон мянган алтан шижим байна.

Ном эрдмийн тухай:

Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн юм

Номыг унших нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайд шумбах мэт

Номыг зохиогч нь тэнгэрийн нар, дэлхийд цэцэг, далайн дагина мэт

Зохиогчтой уулзах нь нартай тунгалаг өдөр цэцэгт өргөн талаар

үлгэрийн дагинатай зугаалах мэт.

                               /“Миний сэтгэгдэл”/

                                *                               *                               *

Эрдэм гэдэг өндөр уулын оргил мэт

 Ууланд авирахад бие чармайна

 Эрдмийг сурахад ухаан чармайна…

Эрдэмтэн хүн, уулын оргил дээр гарсан хүн шиг

Хамаг юмны учрыг сайхан мэдэж байдаг.

                                /“Эрдмийн оргил”/

                                *                               *                               *

Хахир говьд эрдэнэ бий

Хазгар өвгөнд эрдэм бий

Хар авдранд ном бий

Хамаагүй басч  болохгүй.

                /“Балбар дархан”/

                                *                               *                               *

Наргүй өдөр бүрэнхий

Саргүй шөнө харанхуй

Эегүй нөхөр таг

Эрдэмгүй хүн таг

                /Буурал ижий минь/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *