Үндэсний мэдээллийн төвд

10-р сарын 18, 2012 3:09 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 338

Мэтгэлцэх зарчимд төлбөргүйгээр сургахаар залуус нэгджээ

Өнөөгийн нийгмийн салбаруудад мэтгэлцээний зарчим алдагдаж байгаа талаар “Хөгжлийн мэтгэлцээний клуб”-ээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд нийгэмд тулгамдаж буй асуудлын зөв гарцыг олохгүйгээр нийгэмд бухимдал үүсгэж байгаа талаар мэдээлсэн юм. Тус клубын гишүүн Б.Мөнгөнсүх “Хэлэлцэхгүйгээр асуудлыг шийдэх нь харахгүйгээр зам хөндлөн гарахтай адил. Хөгжин буй ардчилсан нийгэмд амьдрагч бидэнд байгаа цорын ганц үнэт баялаг бол үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө билээ. Хүмүүс хувь заяагаа өөрөө сонгож, ямар нийгэмд, ямар орчинд ажиллаж, амьдрахаа өөрөө сонгодог. Нэг ёсондоо бидний нийтийн зөвшилцөл нийгмийн өнөөгийн өнгө төрхийг бүрдүүлж байдаг. Хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэх, түүнд суралцах, энэ соёлыг түгээн дэлгэрүүлэх нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх гол арга зам юм.

Манай улсад 1998 оноос эхлэн Карл Поперийн мэтгэлцээний хөтөлбөрийг хот хөдөөгийн бүх дунд сургуулийн сурагчдын дунд, 1999 оноос их, дээд сургуулийн оюутан залуусын дунд Парламентийн мэтгэлцээний хөтөлбөр, Шүүхийн мэтгэлцээний хөтөлбөрийг тус  амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр олон сурагч, оюутан мэтгэлцээнээр хичээллэж, үнэт зүйсийнхээ төлөө үгээ хэлэх ухаанд суралцсаар байна.

Дээрх хөтөлбөрүүдийг өргөжүүлэх, нийгмийн ойлголцол, хэлэлцээрийн замаар асуудлыг шийдвэрлэх хэв хандлагыг хөгжүүлэхээр мэтгэлцээнд дурлан хичээллэгч залуусын үүсгэл санаачилгаар “Хөгжлийн мэтгэлцээний клуб” олон нийтийн байгууллагыг байгууллаа.  

Бидний хийж буй анхны ажил маань 2012 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг анхааралтай ажиглаж, анализ шинжилгээ хийх явдал юм. Энэ загварын мэтгэлцээнээр анх 1858 онд Линколин, Дуглас нар мэтгэлцсэн бөгөөд тэдний нэрээр нэрлэх болсон юм.

Бид ниймгийн бүхий л хүрээнд хүндрэлтэй, ойлголцлолын зөрүүтэй байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх мэтгэлцээний үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлнэ. Мэтгэлцээнийг энгийн маргаан хэрүүлээс ялгаатай, асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарц гэдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, олон төрлийн ажил зохион байгуулах болно” хэмээн ярилаа.  Мэтгэлцээний талаар та зөвлөгөө, мэдээлэл авахыг хүсвэл  http://www.facebook.com/devlopdebate хаягаар хандаж болох аж. Тэд энэ ажлыг үнэ төлбөргүй, сайн дураараа хийж байгаа юм байна.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *