Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаж шийдвэр гаргадаг вэ?

4-р сарын 15, 2018 5:32 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 24
4-13-2A3-550x300

Д.АРИУН

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 2009 онд Оюутолгойн гэрээтэй  холбоотой асуудлыг хэрхэн хэлэлцэж байсан талаар тухайн үед АНУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Марк Минтоны бичиж байсан захидлын талаарх  “Америкийн Элчин сайдын 2009 оны  захидал ба Оюутолгойн гэрээ” нийтлэл “Зууны мэдээ” сонинд өнгөрсөн баасан гаригт гарсан.

Цаг хугацааны хувьд Америкийн элчингийн захидал 2009 оны гуравдугаар сарын 30-нд бичигдсэн боловч өгүүлж буй асуудлын хувьд өнөөдөр ч хуучраагүй тийм сэдвийг хөндсөнийг анхаарахгүй өнгөрөх аргагүй. Учир нь Марк Минтоны захидлаас хойш хоёр сарын дараа Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Марк Минтоны захидлаас хойш зургаан сар хүрэхгүй хугацааны дараа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан байдаг.

Марк Минтон захидалдаа, “Гуравдугаар сарын 2-нд уг асуудал Үндэсний аюулгүйн зөвлөлийн шийдвэрлэх хурлаар оров. Уг хурал хаалттай болсон ч Үндэсний аюулгүйн зөвлөлийн ажлын алба, санал өгөх эрхтэй гурван гишүүн, УИХ-ын гадаад бодлого хариуцсан байнгын хорооны дарга, АН-ын гишүүн З.Энхболд оролцсон. УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нар Ерөнхийлөгч  Энхбаяраас байр сууриа өөрчлөхийг шаарджээ. Тэд уурлан хашгиралдаж, заналхийлж байсан боловч Энхбаяр үүнийг эсэргүүцэж байсан. Харин санал хураалт Энхбаярын талд гараагүй” хэмээн бичжээ. Хэлэлцэж байгаа асуудал нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд Н.Энхбаярын Зөвлөл дээр ганцаардах болсон шалтгаан нь “…Ерөнхийлөгч 2007 оны есдүгээр сард Монгол Улс 51 хувийг авах ёстой гэж шаардаж, эс бөгөөс гэрээнд хориг тавихаа мэдэгдсэн”-тэй холбоотой гэдэг нь Марк Минтоны захидлаас тодорхой байгаа юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Зөвлөлийн шийдвэр, түүнийг хэрэгжүүлэх гэсэн бүлэг байна. Үүнд:

  1. Зөвлөл нь хэлэлцэн зөвшилцөлд хүрсэн асуудлаар шийдвэр гаргах бөгөөд тэр нь зөвлөмжийн шинж чанартай байна.
  2. Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн түүний хүрээнд төрийн дээд, төв байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэр боловсруулан гаргаж зохих журмаар хэрэгжүүлнэ.

З. Байгууллага, албан тушаалтан өөрийн чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр авсан арга хэмжээ, түүний үр дүнг тогтоосон хугацаанд хариу мэдээлэх үүрэгтэй гэж заасан байна.

Хуулийн энэ зүйл заалтаас үзвэл ҮАБЗ-ийн гурван  гишүүн санал нэгдсэн тохиолдолд шийдвэр гарах нь гэдэг тодорхой ойлгогдож байгаа юм. Хуулийн энэ заалтаар бол,  2009 оны гуравдугаар сарын 2-нд болсон ҮАБЗ-ийн хурлаас зөвшилцөлд хүрээгүй, С.Баяр, Д.Дэмбэрэл нар олонхи болж, Н.Энхбаяр цөөнх болсон учраас Оюутолгойн гэрээтэй холбоотой зөвлөмжийг Зөвлөлөөс гаргах боломжгүй байжээ гэсэн үг. Чухамхүү эндээс л Н.Энхбаярын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нөхцөл бүрдэж эхэлсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй бололтой. Учир нь 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Оюутолгойн гэрээг хийх саналыг зүтгүүлж байсан С.Баяр, Д.Дэмбэрэл нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэвээрээ байсан. Харин “Монгол Улс 51 хувийг авах ёстой” гэж шаардаж байсан Н.Энхбаярын оронд Америкт сурч боловсорсон Ц.Элбэгдорж гарч ирж Ерөнхийлөгч болж, ҮАБЗ-ийг тэргүүлж байсан билээ. С.Баяр, Д.Дэмбэрэл, Ц.Элбэгдорж гэдэг бүрэлдэхүүний тухайд захидал мэдээлэл гарч байсан болов уу гэдэг жич асуудал. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюутолгойн талаар ямар байр суурьтай байсан бэ гэдгийг түүний сүүлд хэлсэн нэг үг нь товч бөгөөд ойлгомжтой тодорхойлдог. Ц.Элбэгдорж “Оюутолгой бол нэгэнт хадамд гарсан охин. Охиноо хадамд өгчихөөд дараа нь хадамд гарахаас нь өмнөхөөр нь буцааж авна” гэж хэлж болохгүй хэмээн хэлсэн нь тухайн үедээ олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ийм маягаар хэлэлцэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Хадам гарсан охин”-той зүйрлэж байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр саатуулагдаад байна. Түүнийг саатуулах хугацааг 30 хоногоор сунгах эсэхийг хэлэлцсэн шүүх хуралд өнгөрсөн пүрэв гариг буюу дөрөвдүгээр сарын 12-нд болсон. Ерөнхий сайд асан С.Баяр хорих ангиас онлайнаар оролцсон байна. Энэ үеэрээ С.Баяр “Надад нэг сарын хугацаатай хоригдох сонин биш. Хамгийн гол нь  Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг нь хорьсон нь Монголын нэр хүндийг дэлхийд унагаж, эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэсэн байр суурийг илэрхийлээ хэмээн түүний өмгөөлөгч  А.Ариунаа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Харин Монголд С.Баярыг саатуулсан нь биржийн ханш унах гэх мэтээр ямар нэгэн байдлаар эдийн засагт нөлөөлсөн гэх мэдээлэл алга  байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *