ҮМТ: “Оюутолгой”-г шалгах ажлын хэсэгт хүндрэл учирч байна гэв

6-р сарын 21, 2018 2:05 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 135
6-21-11

Б.БАЙГАЛЬ

“Оюутолгой” төслийг шалгах ажлын хэсэгт иргэний нийгмийг төлөөлж орсон зарим гишүүд Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Монголын нам бусчуудын холбооны тэргүүн А.Эрдэнэбаяр “Бид Оюутолгой ордыг Монголын талд ашигтайгаар 51-ээс дээш хувь эзэмшүүлэх, мөн Монгол Улсад Оюутолгойн ордыг дагасан  дагавар хотыг Өмнөговь аймагт байгуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Бид “Оюутолгой” компанийн төв оффисын үүдэнд  арав хоногийн турш иргэдийн гарын үсгийг цуглууллаа. 8000 гаруй иргэн бидний санаачлагыг дэмжиж гарын үсэг зурсан” гэв. Тэд УИХ-ын дарга М.Энхболдод  өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх, мөн Оюутолгойн гэрээний үр дүнг чуулганаар хэлэлцэхээс өмнө УИХ-ын 76 гишүүнийг нэн яаралтай сэтгэцийн үзлэгт хамруулахыг  шаардсан бичгийг хүргүүлж байгаа юм байна.

Улсаа аврах ард түмний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар “Оюутолгой төслийг шалгах ажлын хэсэгт хүндрэл учирч байгаа. Тухайлбал, Геологийн төв лаборатори “Оюутолгой” компанитай нууцын гэрээ байгуулсан асуудлыг МХЕГ-ын дэд дарга нууц хуралдааны үеэр ярьсан. Өөрөөр хэлбэл, нууцын гэрээ байгуулсан нэрээр ажлын хэсгийн гишүүд болон МХЕГ-т мэдээллийг гаргаж өгөхгүй, дээжийн шинжилгээний мэдээллийг Геологийн төв лабораторид гаргаж өгөхгүй байна гэж хэлж байсан. Алт, мөнгө, зэс гурвыг л олборлож байгаа гэх боловч бусад 21 элементийг улсын хилээр хууль бусаар гаргаж байна гэдэг нь тогтоогдсон. Тухайлбал, улсын хилээр 62 тэрбум төгрөгийн молибденийг хууль бусаар гаргасныг  МХЕГ-аас тогтоосон юм. Гэтэл холбогдох албан тушаалтнуудыг худал мэдээлэл тараасан гээд шүүхэд өгчихлөө. Хөрөнгө оруулагчид  76 гишүүнд захидал явуулж, татварын 20 хувийг  таван хувь болгох, зарим тохиолдолд тэглэх гэх мэт өөрсөддөө ашигтай хууль гаргуулахаар лобби хийх гэж байсныг УИХ-ын гишүүн Ч.Улаан мэдэгдсэн шүү дээ. Монголд төр байхгүй болчихсон байна. Суурин дээрээ хэд эргэдэг энэ гишүүдийн сэтгэц мэдрэлийг шалгуулах шаардлагатай. Гаргасан хуульдаа хяналт тавьж, хариуцлага хүлээж, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадахгүй байгаа хүмүүсийг халах цаг нь болсон” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Зочин
2018 оны 6-р сарын 22

Зөв-залуу-нэг-гарч-ирлээ

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *