ҮМТ: “Эв нэгдлийг илэрхийлж чадахгүй байгаа Ерөнхийлөгчийг огцруулъя” гэв

1-р сарын 3, 2019 12:32 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 9
49525830_1130199347157896_1130826350295252992_n

Л.ХЭРЛЭН

Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэгч байх ёстойг хуульчилсан байдаг. Гэтэл ийм байж чадахгүй байгаа тул огцруулах хэрэгтэй. Мөн УИХ-ыг тараахын өмнө түр  Засгийн газрыг байгуулах, мөн  дахин сонгууль зарлах нь зүйтэй гэж “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий дэд тэргүүн Б.Жагар, иргэн  Г.Батбаяр, “Сонгогч ард иргэдийн нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Совдоо, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх  нар мэдэгдэв.

Өнөөдөр УИХ-ын 66 гишүүн дотроо хуваагдан талцаж, төрийн үйл ажиллагаа гацаанд орсон. Үүнээс үүдэн улс орны өмнө тулгамдсан олон асуудал хойш тавигдаж, иргэний нийгэмд талцал хуваагдал бий болсон нь үндэсний аюулгүй байдалд хохирол учрахаар ноцтой байдал үүсгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн аравдугаар сарын 27-нд Үндсэн хуулийн 22-ын 22.1 дэх  “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалтыг үндэслэн УИХ өөрөө тарахыг шаардсан албан бичгийг хүргүүлсэн.Энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дунд үүссэн ЖДҮХС-гийн зээл, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах маргааныг өдөөж, цааш улам гүнзгийрэн төрийн эрх мэдлийг ээлжлэн барьж буй нам дамнасан бүлэглэлүүдийн тэмцэл болон өрнөж,  өнөөдрийн маргаан,  эмх замбараагүй байдлыг үүсгэсэн. Иймд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйл 16.12 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж, УИХ-д шаардлага хүргүүлж  байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг хэлэлцэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7.2-т заасан “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль болон бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай  асуудлыг УИХ нийт гишүүний 3/1-ээс доошгүй нь хэлэлцэж шийдвэрлэх  хуулийн заалтыг баримтлан УИХ-ын чуулганыг даруй зарлан хуралдуулахыг тэд  шаардаж байна гэв.

Түүнчлэн УИХ тарж, Засгийн газар огцорвол, Ерөнхийлөгч дангаар үлдэн дураар аашлах, хүссэнээ хийж, хууль буруу тайлбарлах, давуу эрх мэдэлтэй болох зэрэг нөхцөл байдал бий болох тул Төрийн тэргүүнийг огцруулсны дараа төрийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс түр Засгийн газар байгуулахыг шаардаж байна гэж мэдэгдлээ.

Дээрх гурван шаардлагыг тавьж буй үндэслэлийг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Гэтэл 2018 оны хагасаас эхлэн явуулсан тандалт судалгааны үр дүн бий. Тэр дагуу бид огцруулах асуудлаар  Үндсэн хуулийн цэцэд хандсан. Ард иргэд Үндсэн хуульд заасан амар тайван, амьдрал ахуйгаа хэвийн хангуулах эрхээ эдлэх ёстой. Энэ үүднээс шаардлага тавьж байна” гэлээ. Иргэн Г.Батбаяр шаардлага дахь  эрхзүйн талаар тайлбарлахдаа “Ерөнхийлөгчийн зүгээс УИХ өөрөө тар гэсэн шаардлагыг хүргүүлсэн нь хууль зөрчсөн. Эв нэгдлийн илэрхийлэгч байх хууль ёсны үндсэн зарчмаа зөрчсөн, тангаргаасаа няцсан. Энэ хэрэг Цэц дээр хянагдаж байгаа. Ерөнхийлөгчийг хоёр замаар огцруулдаг. УИХ хуралдсанаар, эсвэл Цэцийн дүгнэлтээр огцруулж болно. Ардчилсан нийгэмд тулгын гурван чулуу нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар юм. Гэтэл УИХ тарж, Засгийн газар огцорч Ерөнхийлөгч үлдвэл эрх мэдлийн тэнцвэрт байдал алдагдана” гэж хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn