Улсын харцага Т.Санчир: Цолоо ахиулж чадсандаа сэтгэл хангалуун байна

7-р сарын 24, 2012 10:17 am Нийтлэгч: Ангилал Урлаг, спорт Уншсан: 313

Д.ЦЭРЭН

 

Ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаар одтой сайхан барилдаж улсын харцага цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээ, “Хилчин” спорт хорооны бөх Т.Санчиртай бэсрэгхэн яриа өрнүүлэв.

 

-Цолоо ахиулж харцага боллоо. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Намайг дэмждэг бөх сонирхогчиддоо баярлаж байгаагаа илэрхийлье.

-Өөрийг чинь нэлээд олон жил барилдаж байж улсын цол авсан бөхийн нэг гэдэг?

-Тийм шүү. 2004 онд аймгийн арслан цол хүртсэнээсээ хойш начны тааварт багтаж бүтэн зургаан жил барилдаж байж улсын начин болсон. Ингээд хоёр жилийн дараа цолоо ахиуллаа. Миний хувьд энэ бол амжилт. Гэхдээ миний цол ханасан гэж хэлж байгаа юм биш. Улам сайн барилдахыг л хичээнэ.

-Энэ жилийн бэлтгэл чинь сайн байсан уу?

-Хилийн цэргийн спорт хорооныхонтой жил бүр бэлт­гэлд гардаг. Бугын сангийн аж ахуй гэж ээлтэй сайхан газар. Наадмын өмнөхөн өөрийгөө цэгнэж үзэхэд нэг л өөр санагдаж байсан шүү.

-Тэгээд наадамд зодоглох өглөө өөрийгөө хэрхэн барилдах бол гэж төсөөлж үзсэн үү?

-Бөх болгон л сайн барилдана гэж бодож наадамд ирдэг шүү дээ. Тэдний л нэг би. Хоёр жилийн өмнө улсын цол авсан. Одоо цолоо баталчих юмсан л гэж бодсон. Начин цолдоо эзэн болж чадвал цаа­ших даваанууддаа улам сайн барилдана даа гэж өөрийгөө зоригжуулж байлаа л даа.

-Энэ жилийн наадмынхаа барилдааныг дурсвал… Цоо шинээрээ л байгаа биз?

-Нэгийн даваанд Хөвсгөл аймгийн нэг залуутай таарч амархан давсан бол хоёрын даваанаас учраа тун чангарч байлаа. Хоёрын даваанд Архангай аймгийн харьяат, аймгийн арслан У.Батгэрэлтэй оноолт таарч давсан. Бас л таггүй барилдаанч залуу л даа. Ер нь наадамд 512 бөх барилдахад энэ даваанаас л өрсөлдөөн тун ширүүн болдог болжээ. Давааны төгсгөл рүү хүчтэй бяртай аймгийн шилдэг арслангууд хоорондоо тулж байсан. Улсын начин цолтнууд дандаа аймгийн арслантай барилдах жишээтэй.

-За тэгээд гурвын давааны­хаа ам бөхийг хэрхэн амлав даа?

-Нэр сонсоод байхад 20 хүний дотор тэр нь зөөлөн гэхээр бөх ер алга шиг санагдсан. Тэгээд л Завхан аймгийн харцага Э.Баасан­доржийг амласан. Тэр уг нь улсын цолтонд халгаатай бөхийн нэг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ давах боломж харагдаад байсан. Тэгээд давсан. Дараа нь дөрвийн давааны нугалаанд улсын харцага Ө.Даваабаатартай таарсан. Нэлээд удсан ч даваа надад ирсэн.

-Тавын даваа хамгийн хариуцлагатай даваа. Улсын арслан Б.Ганбат өөрийг чинь амлахад юу бодогдож байв?

-Наадамд түрүүлэх магад­лалтай арслан намайг амла­жээ. Яана даа гэж айж бэргээ­гүй. Хүчтэй арслантай сайхан л барилдчихъя гэж бодсон.

-Арсланг дайраад орж ирэхэд тун сайхан дагуулж гуядаад давчихаж харагдсан. Тэгж барилдана гэж төлөвлөсөн байсан уу?

-Тэгж төлөвлөөгүй. Барилдааны явцад олдсон мэдрэмжээрээ л арсланг өвдөг шороодуулсан даа. Начин цолоо хүчтэй, бяртай арслангаар баталсандаа сэтгэл жаахан огшиж ирсэн.

-Дараа нь цол ахиж болох даваанд чинь бас нэг бяртай, бядтай  арслан өөрийг чинь амласан. Энэ үед юу бодов?

-Бас л нэг их юм бодсонгүй. Зоригтойхон үзье гэж шийдсэн. Д.Азжаргал арслангийн өхийлдөх тэр агшинд ар тийш нь дарж зайлаад хэвтүүлсэн дээ. Тэгээд долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт яаж ч чадалгүй унахдаа нэг их харамсаагүй. Гэхдээ би түүнийг дийлсэн бол гурван мундаг арсланг давж нэг содон амжилт үзүүлэх байж гэж бодсон доо. Ид барилдаж байгаа улсын арслангууд шүү дээ, тэд. Х.Мөнхбаатар арсланг давчихаад бас заан цол авсан бол хэчнээн сайхан байх байсан бол гэж нэлээд хожим нь санаж байлаа. Энэ бол миний тэмүүлэл гэж болно л доо. Алс нь бэлтгэлээ улам сайн хийж цолоо дахиад ахиулах боломж олдоно байх. Ер нь улсын цолтой болчихоор сэтгэл зүй өмнөхөөс огт өөр болдог юм билээ. Цол ахих тусам хариуцлага улам нэмэгддэг гэдгийг би ойлгож байна аа.

-Харцага гэдэг шинэхэн цол. Цөөн бөх ийм цолтой. Энэ тухай юу бодож байна вэ?

-Харцага гэдэг сайхан цолоо. Улсын начин гэдэг том “арми”-ийн дээр зогсоно гэхээр том цол гэж болно. Ямар ч гэсэн аймагтаа ганцхан би ийм цолтон. Урд нь Ч.Даваадорж гэж бөх уг цолыг авч байсан. Тэгэхээр хоёр дахь харцага нь би юм даа.

-Танай Өвөрхангайн бөхчүүд тун сайхан наадлаа даа. Энэ жил…?

-Тэглээ. Манай “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн тун сайхан наадсан. Тэр дотроос манай Хархорин сумаас хоёр шинэ цолтон төрлөө. Нэг нь би, нөгөө нь Б.Сугаржаргал маань дөрөвт даян аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулж улсын заан Б.Соронзонболдоор начин цолны болзол хангасан. Даага хөтөлсөн залуу начин боллоо. Тэр ер нь их хүчтэй аварга Хадаа шиг бөх болох байх. Аймгийн арслан Ц.Чимэддорж жаахан азгүй. Улсын арслан Д.Ганхуягт унасан. П.Ганхүү начин цолоо батлах дөхлөө. Энэ бүхэн манайхны сайн бэлтгэлтэй холбоотой байх.

-Танай Хархорин сумаас улсын томоохон цолтой бөх олон уу?

-Манай сумаас улсын заан Ц.Санжаа, З.Дүвчин, улсын начин Д.Пүрэвсүрэн гээд сайн бөхчүүд төрсөн. Тэдний булган сүүлийг атгаж төрсөн бөхчүүд нь бид.

-Бэлтгэлээ хангахад чинь юу нөлөөлөв дөө?

-Манай “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн энэ жил болсон “Нутгаа дуурсгана” тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд амжилттай оролцож дэд байрт орсон. Энэ бол манайхны наадмын бэлтгэлд сайн нөлөөлсөн байх. За тэгээд бэлтгэлийн явцад анхаарч халамжилж байсан нутгийн зөвлөл, миний хувьд харьяалагддаг хилийн цэргийн 0146 дугаар ангийнхан, АПУ хувьцаат компанийн хамт олны дэмжлэг их тус болсон гэдгийг хэлье.

-Бөх хүнээс асуулгүй байж болдоггүй нэг асуулт бий. Тэр нь бөхийн замд хэн оруулав. Ямар багшийн шавь байв гэх асуулт…?

-Би сургуульд байхдаа сагс, волейбол тоглодог өндөр туранхай жаал байсан. Тэр үед манай сургуулийн биеийн тамирын багш Цэрэнлхүндэв намайг барилдуулна гэж албаар шахуу бөхийн секцэнд оруулж байсан. Тэгээд тун удалгүй аймгийн аварга шалгаруулах барилдаанд багштайгаа очоод гуравдугаар байр эзэлж байсан. Түүнээс хойш барилдсан даа. Аравдугаар анги төгсөөд БТДС-д элсэн улсын харцага Д.Сэрээтэр, начин Ж.Даваа­жав нарын удирдлага дор хичээллэж байсан нь надад том сургууль болсон доо.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *