Улсын арслан “Номчийн буюу Мөнгөнморьтын” хэмээх Лувсанмөрийн Чимэд

1-р сарын 29, 2013 10:49 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 767
Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын зүүн биед Хорол хэмээх эмэгтэйн хүү болон 1908 оны “Шорон бичин” жил мэндэлжээ.

1908-1949

Н.БАТМӨНХ

 

Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын зүүн биед Хорол хэмээх эмэгтэйн хүү болон 1908 оны “Шорон бичин” жил мэндэлжээ. Түүний эцэг нь Хэнтий аймгийн Цэнхэрийн голоор нутагладаг 1911 оны Халхын даншиг наадмын үзүүр бөх Гэндэндаржаа арслан гэх боловч эх Хорлоо нь Чимэдийг өөрийн төрсөн ах Лувсанмөрөөр овоглосон байдаг. Ямар ч байлаа гэсэн түүний бөхийн удам нь эцэг талаасаа болох нь тодорхой юм. Л.Чимэд багадаа ах Навааншаравын хамт Номчийн хийдэд шавилан сууж байсан тул “Номчийн Чимэд” хочтой байснаа хар болж ид барилдан гарч ирэх үедээ нутаг усныхаа нэрээр “Мөнгөнморьтын Чимэд” гэсэн нэрийг зүүдэг болжээ.

Л.Чимэд багадаа жижгэвтэр биетэй , ноомой хүүхэд байснаа 17-18 насандаа суга өсөн , удалгүй нийслэлд ирж нагац ах Лувсанмөрийндөө хамт амьдарч түүний ажилсаг бөх , моринд хорхойтой сайн талыг өвлөн авч өөрөө барилдсанаас гадна бас морь уядаг байсан тухай түүний эхнэр Ч.Дулам дурсан ярьсан байна.

Л. Чимэд бүр арслан цолтой болсон хойноо буюу 1937 онд 17 настай Дуламыг гэргий болгон амьдарчээ.

Л.Чимэд анх 1927 онд 19 настайдаа Цэнхэрмандалын наадамд барилдаж 4-т үлдэж улмарр ирэх жил нь Богд хан уулын аймгийн наадамд хүч үзэж эхэлжээ. Тэрээр анх 1930 оны УБН-д зодоглож 1000 шахам бөхөөс найм давж Монгол улсын заан цолыг 22 настай хүртжээ.

1933 оны УБН-д барилдсан 880 бөхөөс 7 давжээ.

1934 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс 9 давж үзүүрлэжээ.

Зарим жилийн баяр наадмаар улсын заан цолтой бөх үзүүрлэхэд улсын арслан цолыг олгож байсан хэрнээ Л.Чимэд зааныг үзүүрлэхэд арслан цол олгоогүй нь түүний лам байсан нь нөлөөлсөн байж болох талтай.

Гэвч тэрээр 1935 оны УБН-д барилдсан 720 бөхөөс 10 даван түрүүлж Монгол улсын арслан цол авчээ.

1936 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс 9 давж үзүүрлэжээ.

1937 оны УБН-д барилдсан 896 бөхөөс 6 давжээ.

1940 оны УБН-д 512 бөхөөс 5 давж “Бадрангуй зоригт” чимэг.

1941 оны УБН-д барилдсан 448 бөхөөс 6 давжээ.

1943 оны УБН-д барилдсан 512 бөхөөс 5 давжээ.

1944 оны УБН-д барилдсан 512 бөхөөс мөн 5 давжээ.

Л.Чимэд арслан аймгийнхаа баяр наадамд бүрэн бус мэдээгээр 1935, 1936, 1937 онуудад түрүүлж 1934 онд үзүүрлэжээ.

Л.Чимэд арслан 198 см өндөр гуалиг нуруутай , шар цоохор нүүртэй, хөнхөрдүү нүдтэй, жижигхэн чихтэй, өргөн зузаан цээжтэй , бүдүүн хүзүүтэй хоёр шуу нь том бөгөөд бяртай, хурдтай , эгэм тахим мэхийг аль ч талаараа хийдэг, хүнийг хоёр сугаар нь тэвэрч шилбүүрддэг, барьцгүй харвах, хамж дайрах, гол мэхүүдийг чадамгай хийдэг өрсөлдөгчөө барьж авахаар хөөж явахад нь наадмын талбай тоосорч байдагсан гэж түүний барилдааныг мэдэх хүмүүс ярьж байсан байна. Мөн улсын арслан Ш.Ванчинхүү хий харвах мэхийг Чимэд голлон хийж байдгаараа ихэд алдаршсан байлаа гэж бичжээ.

Л.Чимэд арслангийн гуяны хоёр өгзөг хойшоо овойсон, гарын хоёр хуруу том, гар нь учиргүй урт, мөрөн дээгүүр өрөөсөн гараа тавихад хүнд байдаг байсан ба тэрээр зодог шуудагаа өмсөөд засуул руугаа очиход маш их хурц, түүнийг харсан хүн ёстой л сүрдмээр байдаг. Барилдах талбай руугаа бол маш сайхан дэвдэг, очоод шавж байгаа нь үнэхээр гайхамшигтай бяр тэнхээ ихтэй аваргын энтэй бөх байжээ. Энэ талаар өндөр настан Ринчин гуай өгүүлэхдээ: Л.Чимэд арслан үхсэн адууг хөлийг нь хоньчилж боогоод хашаан дээгүүр давуулаад хаячихаж байхыг би нүдээрээ үзсэн гэжээ.

Л.Чимэд арслан шиг маш эрэмгий барилдаантай ухарч гишгэдэггүй , золбоолог зоригтой хурдан шаламгай барилддаг бөх ховор байна даа гэж ахмад буурлууд олонтой дурсан ярьдаг байжээ.

Л.Чимэд арслан багийн дарга ажилтай байсан ба зунжин наадам хэсч барилдахаас гадна албан журмын ноолуур , ноос , мах зэргийг цаг тухайд нь ардуудаас авч тушаачихдаг ажилсаг нэгэн байжээ.

Арслангийн эхнэр Ч.Дулам дурсахдаа : бид хоёр 12 жил хамт амьдарч , хоёр охин нэг хүү төрүүлсэн юм. Тэр маань дөчөөдхөн насандаа бурхны оронд заларсан. Би гэдэг хүн 9 настай, 2 настай хоёр охин, 4 сартай нэг хүүтэй үлдсэн. Хүү маань эцгийнхээ дараа удалгүй нас барчихсан. Харин нөхрөө бурхан болсны дараа хотод ирж суурьшин амьдарсан. Том охин Лхамсүрэн нь санхүүч , бага охин Дэчинцэрэн нь эмч болж улсад олон жил хөдөлмөрлөсөн гэжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *