Улсын арслан “Ерөнхий” хэмээх Дашийн Самбуу

5-р сарын 21, 2013 11:07 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Спорт , Урлаг, спорт Уншсан: 3245
Улсын арслан Дашийн Самбуу Сайн ноён хан аймгийн Түшээ гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт 1914 оны модон бар жилд төржээ.

1914-1966 он

Н.БАТМӨНХ

Улсын арслан Дашийн Самбуу Сайн ноён хан аймгийн Түшээ гүний хошуу, одоогийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт 1914 оны модон бар жилд төржээ. Д.Самбуу өөрийн ах Санжийг даган орон нутгийн чанартай наадамд морь уяж, барилдсаар бөхийн замналаа эхэлжээ. Д.Самбуу 20 гаруй настайгаасаа эхлэн цэргийн ерөнхий сургуульд суралцан төгсч тэндээ олон жил ажиллаж, барилдаж нэрд гарч байсан тул “Ерөнхий” хэмээх нэрийг авчээ. Д.Самбуу 1938 оны аймгийнхаа баяр наадамд барилдаж нэг сумын “аат” Д.Лувсанжамцад унаж аймгийн заан цол, 1939 оны аймгийнхаа баяр наадамд Завханы “Гогор” хэмээх Я.Дорлиг зааныг хаяж түрүүлж аймгийн арслан цол авчээ. Д.Самбуугийн улсын баяр наадамд барилдсан он жилүүдийн амжилтыг жагсаавал:

-Д.Самбуу 1943 оны улсын баяр наадамд анх удаа барилдаж 512 бөхөөс зургаа давж 28 насандаа өсөх идэр начин цол авчээ.

-1944 онд 512 бөхөөс зургаа давж 30 насандаа заан цол.

-1945 онд 512 бөхөөс зургаа давжээ.

-1946 оны Ардын хувьсгалын 25 жилийн ой, улсын баяр наадамд барилдсан 1024 бөхөөс найм давж дөрөвт үлдэж 32 насандаа улам нэмэх үнэн хүчит арслан цол хүртжээ.

-1947 онд гурав давж Дорнодын Аравжаргалант сумын харьяат, аймгийн заан Учралминжид өвдөг шорооджээ.

-1948 онд зургаа давж хурдан шаламгай чимэг авчээ.

-1949, 1950, 1954, 1956 онуудын наадамд тус бүр дөрөв давж Булган аймгийн Хангал сумын харьяат Сэрээгийн Гүржав мөн аймгийн Сайхан сумын харьяат Бат-Очирын Жанчивдорж, Архангай аймгийн Тариат сумын харьяат Жамъянгаравын Ядмаа, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Самбуунямын Баасан нарыг улсын цолны босго алхуулж өгч байжээ. Мөн тэрээр 1958, 1960 онд хоёр, 1951, 1956 онд нэг давж байжээ.

Д.Самбуу арслан бол бие өндөр, том биш ч гэлээ булчин шөрмөс тэнцүүхэн халж суйлах, үүрч тонгорох, дэгээдэх мэхүүдийг гарамгай сайн хийдэг, хүний хийсэн мэхийг оновчтой хариулдаг дайчин хурц барилдаантай бөх байжээ. Хүнтэй зөрж зогсох гэж байхгүй шуудхан дайрч барьж барилддаг учир эсрэг бөхөө байнга сандрал хөдөлгөөнд оруулж, тухайн үеийн зайг маш сайн мэддэг, бөхчүүдийн маань бахархан магтдагаар уран барилдаанч бөхчүүдийн нэг байв. Д.Самбуу арслан ааш зан сайтай их даруу зантай, уртын дуу сайхан дуулдаг, тал талын авьяастай бөх байсан. Алдарт арслан маань 1966 онд 52 насандаа харьцангуй залуугаараа бурхны оронд заларчээ.