Улсын арслан “Дэрэн бор” хэмээх Сүнрэвийн Самданжигмэд

6-р сарын 4, 2013 12:10 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Спорт , Урлаг, спорт Уншсан: 1846
С.Самданжигмэд сайн ноён хан аймгийн Ахай бэйс Үйзэн вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутагт 1915 оны хөхөгчин туулай жилд мэндэлжээ.

1915-1998

Н.БАТМӨНХ

С.Самданжигмэд сайн ноён хан аймгийн Ахай бэйс Үйзэн вангийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын нутагт 1915 оны хөхөгчин туулай жилд мэндэлжээ. Тэр багаасаа барилдах сонирхолд хөтлөгдөн хүрээний олон банди нартай ноцолдсоор бөх болох замаа засчээ. Түүнийг анх бөх болоход нь нөлөөлсөн хүн бол авга талд Шадав-Түндэв гэдэг хошууны тулгат цолтой бөх, нагац талд нь хошууны заан цолтой Лодойдамба гэдэг хүн байв. С.Самданжигмэд 17 насандаа Онгийн овооны наадамд барилдан түрүүлж цаашид барилдах урам зориг орж, тэр жилдээ буюу 1932 онд аймгийнхаа баяр наадамд барилдаж шөвгийн дөрөвт үлдэж улсын заан Жаргалын Доржид унаж аймгийн цолны болзол хангажээ. Түүнийг багаас нь нутгийн бөх улсын арслан Ц.Банди бөх барилдах арга ухаанд сургаж, цаашид сайн бөх болох замыг зааж өгч улмаар 1936 оны улсын баяр наадамд анх дагуулж ирж барилдуулж байжээ. Энэ наадамд С.Самданжигмэд дөрөв давж Дорноговийн “гүйдэг” Лувсангийн Сүрэнжав заанд өвдөг шороодсон юм билээ. Тэрээр орон нутагтаа байсаар 1940 онд цэрэгт татагдан Улаанбаатарт ирж шинэ цэргийн баярт барилдаж түрүүлжээ. Түүнийг хотод үлдээж барилдуулахаар болов.
Самданжигмэд дэрчгэр чихтэй бор цэрэг байж. Энэ нэр нь ам дамжсаар засагдаж “Дэрэн бор” гэж алдаршжээ. Тэрээр цэргийн алба хааж байхдаа сайн өдөр болгон голын цэнгэлдэхэд болдог барилдаанд байнга оролцож амжилттай барилдсаар бяр, ур чадвар нь өсч, мөн наадмын дараах шигшээ барилдаанд түрүүлж нанжин гахай гөлөм, 250 төгрөг, Тува улсын Элчин сайдаас дээлийн торго, бугуйн цагаар шагнуулж явжээ. 1940 оны улсын баяр наадамд түүний жинхэнэ нэрийг анзаарахгүй андуурч ам угтуул авч байсан явдал, улсын арслан Ш.Ванчинхүүд тохиолдож байсан ба ингээгүй бол энэ үед улсын цолонд хүрэх боломж байжээ. Мөн улсын заан Л.Нямжав ч Самданжигмэд гэж ямар бөх байдгийг мэдэхгүй будилж явжээ.
С.Самданжигмэд 1943 онд аймгийнхаа баяр наадамд барилдаж түрүүлж аймгийн арслан цол авчээ. Хожим нь 1948 онд улсын арслан цолтой үзүүрлэж байжээ. С.Самданжигмэд нь улсын баяр наадамд нэлээд олон жил барилдаж дөрөв давсан боловч улсын цол авч чадалгүй байсаар 1945 оны улсын баяр наадамд барилдсан 512 бөхөөс улсын начин Шоовдорын Жанцандоржоор тав давж 30 насандаа улсын өсөх идэр начин цол хүртжээ. С.Самданжигмэд арслангийн улсын баяр наадамд барилдсан барилдааны амжилтаас дурдвал:
Улс хувьсгалын 25 жилийн ойн их баяр наадамд барилдсан 1024 бөхөөс найм давж дөрөвт үлдэж улам нэмэх үнэн хүчит арслан цол.
1947 онд долоо давж үнэн хүчит чимэг.
1948 онд тав давж харилтгүй чимэг.
1949 онд зургаа давжээ.
1950 онд долоо давжээ.
1951 онд зургаа давж уран хүчит чимэг.
1952 онд тав давж харилтгүй хүчит чимэг.
1953 онд тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг.
1954 онд тав давж бат хүчит чимэг.
1956 онд найм давж үзүүрлэж уран барилдаант чимэг.
1957 онд тав давж харилтгүй чимэг авч байснаас гадна 1963 онд дөрөв давж, тавын даваанд арслан Пүрэвийн Дагвасүрэнг амлан авч өвдөг шорооджээ. Мөн тэрээр 1955 , 1959 онд гурав, 1958, 1960, 1961, 1966, 1971 онуудын улсын баяр наадамд тус бүр хоёр давж олон түмэн наадамчдыгаа баясгаж байлаа. С.Самданжигмэд арслан төдий өндөр биш боловч өргөн зузаан биетэй, нуруундаа даац ихтэй сэрэмгэрдүү чих, хамартай хүрэн бор царайтай, өөрийнх нь хэлснээр баруун солгойгүй тонгордог, дамжин ордог, суйлдаг, ачдаг, хавирдаг, өсгийлдөж татдаг, халз дайрдаг, барьцгүй гүйдэг, дэгээдүүлсэн хөлөөрөө цаад хөлийг нь цохьдог давхар ачсан бөхийн цаад хөлийг чагталдаг мэхүүдийг хийдэг байжээ. Арслан залуу бөхчүүдэд гарын мэх хариу багатай, хөлийн мэх хариутай байдаг юм гэж сургаж байжээ. Мөн тэрээр барилдах тусам нэмэгддэг бяр, үй зайгүй дагасан мэх, энэ хоёрыгоо хөтөлсөн бөхийн ухаан гурав нийлж байж л бөх болдог хэмээн хэлдэг байв. С.Самданжигмэд арслан өөрийн олон жил барилдсан туршлагадаа тулгуурлаж бөх болох хүсэлтэй залуучуудад олон зүйлийг голчлон зөвлөж үлдээсэн байдаг.
Тэрээр ардын хувьсгалын жилүүдэд анх удаагаа гадаадын улсад монгол үндэсний бөхийн гайхамшгийг сурталчилсан бөхийн нэг юм. Тэрээр 1956 онд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд хурц арслан Ц.Бадамсэрээжидийн хамт уригдаж тэндхийн бөхчүүдтэй тойргоор барилдаж нэг, гуравдугаар бай эзэлж “хүчтэн” гэдэг цолоор шагнуулж явжээ. Арслангийн гэр бүл Дулмаа гуай гурван хүүгийн хамт хотод амьдардаг. Одоогоор арслангийн удмаас нэр цуутай залгамж бөх тодроогүй байна. Алдарт арслан маань өндөр насалж 1998 онд бурхны оронд заларчээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *